| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 127/2025/0012/З |
| Дугаар | 221/МА2025/0790 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0790
О.Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.Б
Нэхэмжлэгч О.Б
Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 127/2025/0012/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Бгээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын 2023 оны 438 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам”-ын 2.5, 2.5.1, 2.5.2-т заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлнэ” гэсэн байдаг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсан. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго, агуулга, үзэл баримтлал бол ажил эрхэлж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан иргэн ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж авах л асуудал байгаа юмаа.
3.2. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлд "Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй" гэж хуульчилсан. Иргэн О.Б би нийгмийн даатгалын санд 13 жил тасралтгүй шимтгэл төлсөн даатгуулагчийн хувьд дээрх хуулийн хэм хэмжээний эрэмбэ ёсоор хамгийн түрүүнд даатгалын шимтгэл төлсөн байх гэсэн болзол шаардлагыг хангасан. Тухайн үед нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэл төлөлтийг хянаж үзээд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.11.1-т "Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх" үүргийнхээ хүрээнд "та тэтгэмж авах эрхтэй байна” гээд халамжийн байгууллагад бүртгүүлэх ёстой гэж зөвлөх ёстой байсан. Гэтэл намайг тэтгэмжээ авах гээд очиход "та ажлаасаа халагдаагүй байна аа, иймд танд шимтгэл өгөх боломжгүй" гэсэн хариуг өгснөөр энэхүү маргааны гол шалтгаан нөхцөл бий болсон.
3.3. Өөрөөр хэлбэл би бүртгүүлэх гээд очтол та халагдаагүй учраас танд тэтгэмж өгөхгүй гэсэн хариуг шууд Нийгмийн даатгалаас өгсөн. Ингээд миний бие шууд шүүхэд хандах ёстой юм байна гэж бодсон. Миний тэтгэмж авахын тулд төрийн байгууллагаар явах ажиллагаа Нийгмийн даатгалын байгууллага дээрээс шууд зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Нэхэмжлэгч О.Б миний ажилгүйдлын тэтгэмж авах тухай өргөдөлд өгсөн нийгмийн даатгалын байгууллагын хариу нь дараах утгыг илэрхийлсэн. Үүнд:
Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/251 дугаартай албан бичгээр “Тушаал хүчингүй болгох тухай” 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаал нь ажлаас халсан утга бүхий тушаал биш учраас ажилгүйдлын тэтгэмж олгохоос татгалзсан. /хавтаст хэргийн 5 дугаар тал/
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03/1919 дугаартай албан бичгээр ажлаас халагдсан тушаал биш, буруу тушаал гаргасан ажил олгогчоос хохирлоо нэхэмжил гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. /хавтаст хэргийн 6 дугаар тал/
3.4. Ингээд иргэн миний бие дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийн үлгэрээр Нийгмийн даатгалын байгууллагын дээрх хууль бус шийдвэр, хүнд суртал бүхий хариуг хууль бусад тооцуулж, ажилгүйдлын тэтгэмж олгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэвч шүүх иргэн миний зөрчигдсөн эрхийг хамгаалсангүй, хүнд суртал, иргэнээ чирэгдүүлсэн төрийн талд шийдвэр гаргасанд миний бие үнэхээр гомдолтой байна. Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт "шүүхийн эрхэм зорилго бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх явдал" гэж хуульчилсан байгаа нь цаасан дээр бичсэн хэлбэр төдий заалт юм уу. Эрхэм шүүгч яагаад Шүүхийн тухай хуульд заасан эрхэм зорилгоо умартаж шийдвэр гаргав? Иргэн хүн шүүхээр явахад ямар нэг их цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засагаар хохирдог гэдгийг хар нөмрөгтэй эрхэм шүүгч нар мэдэрдэг, ойлгодог болов yy?
3.5. Өөрөөр хэлбэл иргэн О.Б миний бие улсад 13 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсний эцэст ажилгүй болсон бөгөөд шимтгэл төлсөнийхөө хариу болгож нийгмийн даатгалын байгууллагад энэ талаараа дурдаж ажилгүйдлын тэтгэмж авахаар өргөдөл гаргасан хэдий ч та ажлаасаа халагдаагүй учир өгөх боломжгүй гэсэн хариуг өгснөөр би хөдөлмөр эрхлэлтийн байгууллага руу явах боломжгүй болсон. Тодруулбал, хэрвээ 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаал нь ажлаас чөлөөлсөн гэсэн нэртэй байсан бол тэтгэмж олгох байсан гэж хэлдэг. Ажил олгогчийн тушаалын гарчиг ямар нэртэй гарахыг иргэн би заах эрхгүй, мэдэх ч үгүй.
3.6. Шүүгчийн гаргасан шийдвэрт дурьдагдсан халамжийн байгууллагад бүртгүүлээгүй гэдэг шалтгааныг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын байгууллага огт дурдаагүй, энэ талаар ч маргаагүй, учир нь Ниймгийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан гол шаардлага бол Нийгмийн даатгалын шимтгэлийг 24 ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнө сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн гэх хамгийн гол шаардлага байдаг. Энэхүү шаардлагыг хангасан иргэн хүн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд шүүхийн дурдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан бүртгэлийн байгууллагад бүтгүүлэх асуудал нь тухайн үед бүртгүүлчих боломжтой байсан хэдий ч нийгмийн даатгалын байгууллагаас шалтгаалж хуулийн үндэслэлгүй шалтгаан болох та ажлаас халагдаагүй учраас шимтгэл өгөх боломжгүй гээд шууд хаалт тавьсан юм. Миний хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлээгүй үйлдэл нь Нийгмийн даатгалын газрын хууль бус шаардлагаас болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
3.7. Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын О.Бг ажилд томилсон 2023 оны Б/88 дугаартай тушаалыг хүчингүй болгосон 2025 оны Б/35 тоот тушаал нь О.Бг ажлаас чөлөөлсөн тушаал биш гэх утга агуулгаар ажилгүйдлийн тэтгэмж өгөхөөс татгалзсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч О.Бгийн хөдөлмөрийн харилцаа хууль зүйн хувьд дуусгавар болсон, бодитоор ажилгүй болсон байхад ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаал байх тул ажлаас чөлөөлсөн тушаал биш" гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсаныг хууль ёсны гэж үзэхгүй" гэж дурьдагдсан.
3.8. Шүүх ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа түүнээс гарах үр дагаварыг бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дахин дахин хэлье, очих ёстой газраа очсон, нийгмийн даатгалын байгууллага хууль бус шаардлага тавьсан. Монгол улсын Үндсэн хуулийн эрхэм зорилго нь “...эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхаглан зарласан. Энэхүү тунхаглалийг иргэн, төрийн болон хувийн хэвлийн бүхий л байгууллага мөрдөж байх учиртай. Тэр дундаа төрийн буюу нийгмийн даатгалын байгууллага мөрдөх атал эсрэгээрээ хүмүүнлэг бус, хүнд сурталчсан, иргэн хүнд хуулийг зөв сурталчлах нь битгий хэл буруу тайлбарлах замаар хүний эрхийг зөрчиж байгаа бодит жишээ энэ юм. Ажилгүй болсон иргэн нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлын тэтгэмж авах талаар лавлаж ирэхэд нийгмийн даатгалын байцаагчаас хамгийн түрүүнд харах гол нөхцөл бол даатгуулагч ажилгүйдлын даатгалын шимтгэл төлсен эсэх энэ хуульд заасан болзлыг хангасан байдал зэргийг харгалзаж тэтгэмж олгох эсэхийг шийдэх нь хамгийн гол зорилго юм. Эцсийн эцэст иргэн би ажил олгогч байгууллага, Нийгмийн даатгалын хууль бус үйлдэл, Шүүхийн хууль бус шийдвэрийн үр дүнд сэтгэл санаа, эдийн засаг, цаг хугацаа, эрүүл мэндээр хохирлоо. Энэ хохирлыг хандаж болох бүхий л байгууллага, албан тушаалтан, хэвлэл мэдээлэлийн байгууллагад хандаж тууштай тэмцэх болно гэдгээ илэрхийлье.
Дээрх бүх үндэслэлүүдээр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч О.Бгээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Н э-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Бг томилж, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар О.Бг Н э-ийн даргын албан тушаалд томилсон Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.
3.2. Нэхэмжлэгч О.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авахаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргахад, тус газраас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/251 дугаар албан бичгээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан байна.
4. Уг албан бичгээр “...Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 тоот тушаалаас үзэхэд хэдний өдрөөр тасалбар болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр нь тодорхой бус өмнөх ажилд орсон буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгосон тушаал байна...” гэх үндэслэлээр О.Бд ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан.
5. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч О.Б аймгийн Н э-ийн даргын албан тушаалд ажиллаж байсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хүчингүй болоогүй, төлсөн шимтгэлийг буцаасан гэх үйл баримт байхгүй... О.Бгийн хөдөлмөрийн харилцаа хууль зүйн хувьд дуусгавар болсон, бодитоор ажилгүй болсон байхад “ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаал байх тул чөлөөлсөн тушаал биш” гэх үндэслэлээр ажилгүйдлийн даатгалын тэтгэмж олгохоос татгалзсаныг хууль ёсны гэж үзэхгүй” гэж зөв дүгнэсэн атлаа “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдээс “хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх, ажил идэвхтэй хайж байх” гэсэн нөхцөлийг нэхэмжлэгч О.Б хангаагүй байна... нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахад бүрдүүлэх хууль, журамд заасан “Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад ажил хайгчаар бүртгүүлсэн тухай” баримт бичгийг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт бүрэн гаргаж өгөөгүй байх тул хариуцагчид ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгохыг даалгах шаардлагыг хангах хангалттай үндэслэл бүрдээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “даалгах” нэхэмжлэлийн шаардлагын төрөл бөгөөд шүүх энэхүү шаардлагын хүрээнд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, ...;” нөхцөл хангагдсан тохиолдолд тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой талаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, “захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах урьдчилсан нөхцөл нь “хууль бус үйлдэл, үйл ажиллагаа” бөгөөд “үр дагавар нь хуулийн болон бодит нөхцөл байдлын хувьд боломжтой байх” хоёр нөхцөл зэрэг хангагдсан байх учиртай.
7. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар О.Бг Хэнтий аймгийн Н э-ийн даргын албан тушаалд түр томилсон тушаалыг хүчингүй болгосноор О.Б нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь илэрхий тогтоогдож байхад хариуцагчаас “энэ тушаал нь О.Бг ажлаас чөлөөлсөн тушаал биш” гэх үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус байна.
8. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа “…анхан шатны шүүхэд мэтгэлцэх явцад хариуцагч талаас хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй байх гэх шаардлагыг хангаагүй талаар огт маргаагүй…” гэж, “ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тушаал байх тул ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг эрх бүхий байгууллагад ханд гэх хариуг өгсөн” гэж, нэхэмжлэгчээс хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн” гэж,
Мөн нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд “...намайг тэтгэмжээ авах гээд очиход та ажлаасаа халагдаагүй байна, иймд танд шимтгэл өгөх боломжгүй гэх хариуг өгснөөр энэ маргааны гол шалтгаан нөхцөл бий болсон… Өөрөөр хэлбэл би ажлаас халагдсанаа бүртгүүлэхээр очиход та халагдаагүй учраас танд тэтгэмж өгөхгүй гэсэн хариуг Нийгмийн даатгалаас өгсөн…” гэж тус тус тайлбарлан маргасан.
9. Нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нэгэнт тогтоогдсон бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж олгоход шаардагдах бусад нөхцөл болох хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлсэн байх шаардлага хангагдах боломжтой байхад энэ талаар анхан шатны шүүх бүрэн тодруулаагүй байна.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Бгээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН