Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1117

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө аймгийн Засаг даргын тамгын газрын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БП” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 1 100 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн  төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Нямдэлгэр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд “50 айлын орон сууц барих төсөл’’-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-06 дугаартай гэрээг “БП” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компанийн санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 1 000 000 000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд 50 айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулах, гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “БП” ХХК-д урьдчилгаа төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 30-нд 350 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 650 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаагүй байна. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтыг эргэн төлөх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-т “... барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй, санхүүжилтийг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтын 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх" нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилтийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Хариуцагч компаниас 2015 оны  3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2- т заасны дагуу санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх 100 000 000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “БП” ХХК-иас гэрээний санхүүжилт 1 000 000 000 төгрөг, торгууль 100 000 000 төгрөг, нийт 1 100 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1 100 000 000 төгрөгийг төлж барагдуулна. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх байсан боловч санхүүжилт дутагдсаны улмаас барагдуулаагүй. Уг төлбөрийг барилга баригдаж, борлуулсны дараа буюу 2018 оны 9 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “БП” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 100 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө аймгийн ЗДТГт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “БП” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 657 950 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4, гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.1.2-т “гүйцэтгэгч тал барилгыг хугацаандаа нийлүүлээгүй, санхүүжилтийг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд төслийн нийт олгогдсон санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж заасны дагуу торгуульд 100 000 000 төгрөг ... гаргуулан нэхэмжлэгч Ө аймгийн ЗДТГт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийг гүйцэтгэх ажлын гэрээ”-г 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэг талаас “БП” ХХК /цаашид Гүйцэтгэгч гэх/, түүнийг төлөөлж захирал Ц.Мөнхтунгалаг, нөгөө талаас Өмнөговь аймгийг төлөөлж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Түвшинбаяр /цаашид “төслийн захиалагч” гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан боловч гүйцэтгэгчийг төлөөлж “БП” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Хөхөөсүрэн гарын үсэг зурсан байна. Гэтэл хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ц.Хөхөөсүрэнг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байхад уг гэрээний үүргээ биелүүлээгүйн торгуульд 100 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн уг гэрээний дагуу ажил хэвийн үргэлжлүүлж байсан боловч нэхэмжлэгч тал 2015, 2016 онуудад Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж бүтэн 2 жил үйл ажиллагаа явуулахад саад болсон. Уг хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан нь тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгосон боловч 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй өнөөг хүртэл саад болж байна. Өөрөөр хэлбэл гэрээний 4.4-т заасан хугацаанд тус компани санхүүжилтийн хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэгч тал хууль хяналтын байгууллагад хандаж үйл ажиллагаа цааш үргэлжлүүлэх боломж олгоогүй тул санхүүжилтийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. “... Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав” гэжээ. Гэтэл хэргийн зохигч болох хариуцагч “БП” ХХК-ийн төлөөлөгч Ц.Хөхөөсүрэнд мэдэгдээгүй ба түүний төлөөлөгчид мэдэгдсэн гэх үндэслэлээр түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь намайг шүүхээс нэхэмжлэлийн хувь гардан аваад гарч явахад шүүхэд төлөөлөх эрхийн 1550 бүртгэлийн дугаартай Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Мягмардорж тааралдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болсон. Гэвч төлөөлөгч Г.Мягмардорж нь надад шүүх хуралдаан болоогүй гэсээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2 сарын дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан болсон гэж мэдэгдсэн. Үүний дараа нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн гэж утсаар ярихаар нь шүүхэд очиж уулзтал шүүх хуралдаан болсон, шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхээс “БП” ХХК-ийн хаягаар шуудан явуулсан байх боловч хаягтаа байдаггүй тул буцаасан байсан. Ингээд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбоо барьж болохгүй байсан тул Монголын хуульчдын холбооноос лавлахад 2015 онд шүүхэд төлөөлөх эрхээ хасуулсан, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй мөртлөө хуульчийн нэр барьж бусдыг хохироож гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан төдийгүй нэхэмжлэгч талд үйлчилж зориуд гомдол гаргах хугацааг өнгөрөөсөн болохыг олж мэдээд шүүхэд хугацаа сэргээх хүсэлт гаргасан болно. Мөн өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөхөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байсан учир хэрэгт нотлох баримтаар хавсаргасан гэж бодож байтал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Үүний улмаас холбогдох нотлох баримт болох барилгыг хугацаа хоцорсоны торгууль 100 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг нотолсон баримтууд, Өмнөговь аймгийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, бусад урсгал зардалд зарцуулсан 3 123 072 төгрөгтэй холбоотой баримтуудыг гаргаж өгч шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй юм. Иймд 100 000 000 төгрөгийг торгууль төлөх хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ө аймгийн ЗДТГ нь хариуцагч “Бидплюс” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан 1 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

            Зохигчид 2014 оны 5 сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих 50 айлын  орон сууц барих төслийг гүйцэтгэх ажлын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “БП” ХХК нь 50 айлын орон сууцыг 2015 оны 2 сарын 02-ны өдрийн дотор барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Ө аймгийн ЗДТГ нь 1 000 000 000 төгрөгийн санхүүжилт өгөх, санхүүжилтээр олгосон 1 000 000 000 төгрөгийг хариуцагч “БП” ХХК нь 2015 оны 3 сарын 2-ны дотор буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

            Гүйцэтгэгч “БП” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг барьж, ашиглалтад оруулаагүй тул талууд 2015 оны 3 сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний зүйлийг ашиглалтад өгөх хугацааг 2015 оны 4 сарын 15-ны өдөр болгон, уг хугацаанд барилгыг нийлүүлээгүй, санхүүжилтыг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд захиалагчаас шилжүүлсэн санхүүжилтын 10 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

            Талууд захиалагчаас 1 000 000 000 төгрөгийн санхүүжилтыг өгсөн болон гүйцэтгэгч барилгыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, санхжүүлтээр олгосон 1 000 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй үйл баримтад хэн аль нь маргаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна. /хх-ийн 19 дүгээр тал/     Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэрээгээр шилжүүлсэн санхүүжилт 1 000 000 000 төгрөг, торгууль 100 000 000 төгрөг, нийт 1 100 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад торгууль 100 000 000 төгрөгийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаснаас гадна талуудын байгуулсан 2015 оны 3 сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1.2-т санхүүжилтийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 10 хувийн торгууль төлөхөөр заасан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй хуулийн заалт баримталсан байгаа боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг давхар баримталсан нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хууль хэрэглээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.      

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА           

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ