Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

         Улсын яллагч Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А-т холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын А гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.А нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоот болох өөрийн гэртээ Д.Н-г "идэж байсан гоймонгийн саванд татаж байсан тамхины үнсээ хийлээ" гэх зүйлээр шалтаглан зүүн хөлийн өвдгөөрөө нүүрэн тус газарт нь 1 удаа өвдөглөн зодож түүний биед "дээд баруун 1.2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүд, доод баруун 1, 2 дугаар шүд, доод зуун 1,2 дугаар шүдний булгарал" бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын .... тоот болох өөрийн гэртээ Д.Н-г "идэж байсан гоймонгийн саванд татаж байсан тамхины үнсээ хийлээ" гэх зүйлээр шалтаглан зүүн хөлийн өвдгөөрөө нүүрэн тус газарт нь 1 удаа өвдөглөн зодож түүний биед "дээд баруун 1.2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүд, доод баруун 1, 2 дугаар шүд, доод зуун 1, 2 дугаар шүдний булгарал" бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Н-гийн “...2023 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө өөрийн найзууд болох А, Э нарын хамт А-ын гэрт 0,75 литрийн "Эдэн" нэртэй архи 2.5 литрийн Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво зэргийг уусан. Бид нар тухайн архиа ууж байх хугацаанд А савтай бэлэн гоймон идээд сууж байгаад босч яваад нөгөө өрөө рүү орсон бөгөөд би А-г гоймон идээд дууссан юм байх гэж бодoo Taтaж байсан тамхиныхаа үнсийг А-ын идэж байсан гоймонгийн сав руу хийсэн. Тэгээд доош хараад сууж байтал А идэж дуусаагүй байсан гоймон руу тамхины унс хийлээ гэж уурлаад миний нүүрний хэсэг рүү өвдөглөсөн. Тэгээд би нүүрээ дараад угаалгын өрөө рүү ороод угаах гэтэл миний үүдэн долоон шүд унасан байсан. Тэгээд би шууд гэртээ харьж амраад маргааш нь шүдээ хувийн эмнэлэгт үзүүлээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд хот руу явж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.... Миний үүдэн шүд, уруул амны хэсэгт нэг удаа өвдөглөсөн. Өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,

 

            Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай “...1.Д.Н-ийн биед дээд баруун 1.2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүд, доод баруун 1, 2 дугаар шүд, доод зуун 1,2 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 25 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-р тал/,

 

            Гэрч Л.-ын “...2023 оны 08 дугаар сарын 13-аас 14-ний өдөр шилжих орой Н, А бид 3 А-ын гэрт нь Эдэн нэртэй архи хувааж ууж сууж байсан. Би нойл ороод ирсэн чинь А, Н хоёр муудалцаж маргаад сууж байсан. Тэгээд ойртоод очоод харахад А нь Н-ийн шүд рүү нь өвдөглөсөн гэсэн. Нийн шүднээс цус гараад нойл руу орсон. Тэгснээ удалгүй Н намайг нойлд дуудсан. Яваад орсон чинь миний шүд уначихлаа гэж харуулж байсан. ...тэгэхээр нь би Ат очиж Н-гийн шүд нь уначихлаа чи нойл руу орж хардаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 ху/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-ын өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрт 1,500,000 төгрөгийг өгсөн. 12.500.000 төгрөгийг нөхөн төлөхөөр гэрээ байгуулсан энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

           

            Шүүгдэгч Г.А-ын хохирогч Д.Н-ийн биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмтэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч Г.Аын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрүүл -мэндийн халдашгүй байх эрх чөлөөнд халдаж, дээд баруун 1.2 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүд, доод баруун 1, 2 дугаар шүд, доод зуун 1,2 дугаар шүдний булгарал буюу хүндэвтэр гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

            Иймд хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

            Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол төлбөрийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Н-д 1,500,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, нэмж 12.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болох нь хавтаст хэргийн 45-47 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, бусдыг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Ат танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

          

            Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.

         

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

           1. Шүүгдэгч Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

         4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 1,500,000 төгрөгийг төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР