Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0326/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Б.Наранмөнх,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2318001740417 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 09-ий өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1-д зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

****РД:***,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим ***” гэх газар автомашины төв асфальтан замаар *** ДАХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн *** мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 04 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 06-16 дугаар тал/, ослын газарт хэмжилт хийсэн тухай тэмдэглэл, схем зураг /01 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 23 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал/, Нэткапитал финанс Дархан салбарын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал/, Ус цаг, уур, орчны шинжилгээний төвийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/89 дугаартай албан бичиг хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал/,  нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал/, хууль ёсны төлөөлөгч *** дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-54 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр тал/, гэрч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал/,  *** сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-76 дугаар тал/, Дамно хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компаний 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дугаар тал/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *** 2023 оны 05 дугаар сарын 31-ий өдрийн  цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 69 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-119 дүгээр тал/,  шинжээч эмч ***мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал/, шинжээч *** нарын 2023 оны 07 дугаар сарын 21-ий өдрийн 7 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 199 дүгээр тал/, яллагдагч *** мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч ****нь хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, саарал өнгийн гуперын хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч *** тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *** анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн гуперын хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *** дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ГЭРШИХБӨРТЭ