| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/96 |
| Огноо | 2023-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч Д.Баасандорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Элбэгжаргал
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар /цахим/
Иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяа /цахим/ нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Баасандоржид холбогдох эрүүгийн 2322000200106 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч, компьютер техник хангамжийн инженер мэргэжилтэй, Таван толгой төмөр зам ХХК-н Аж ахуй, кемп үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо 78-14 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 01 жил 06 сараар тэнсэж хянан харгалзаж байсан, Айлтгүй овогт Дондогмэдийн Баасандорж, Регистрийн дугаар: ЗВ85120671
Шүүгдэгч Д.Баасандорж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан овоо” гэх газарт байрлах Мандалговь-Луус сумын чиглэлийн улсын чанартай авто зам дээр иргэн Г.Мөнгөнзаяагийн өмчлөлийн 74-81 УББ улсын дугаартай “Toyata Lexus-470” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн С.Доржийн амь нас хохирсон, Г.Мөнгөнзаяад 32.839.300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Д.Баасандорж нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан овоо” гэх газарт байрлах Мандалговь-Луус сумын чиглэлийн улсын чанартай авто замд иргэн Г.Мөнгөнзаяагийн өмчлөлийн Лексус-470 /Lexus-470/ маркийн 74-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан“ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн С.Доржийн амь насыг хохирч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяад 32.839.300 /Гучин хоёр сая найман зуун гучин есөн мянга гурван зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч С.Доржийн “2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Өмнөговь аймаг руу ээлжийн жолоочийн ажил руугаа явсан. Тухайн өдөр ахлах менежер Баасандорж, нярав Чинзориг, туслах Болд-Эрдэнэ нартай хамт 74-81 УББ улсын дугаартай Лексус-470 маркийн машинтай явсан. Баасандорж бариад би жолоочийн хажууд сууж явсан. Миний ард Болд-Эрдэнэ, жолоочийн ард Чинзориг сууж явсан. Улаанбаатараас 06 цагийн үед гараад Дундговь дээр 12 цагийн үед очсон байх цайны газар их хүнтэй байсан болохоор хоол идээгүй явсан. Луусаас цааш явж байгаад би хэсэг унтсан, машины урдуур хонь гарах шиг болоод нэг мэдсэн машин замын эсрэг тал руу гарч онхолдсон. Жолооч Баасандорж эсрэг тал руугаа гарч онхолдсон байх гэж би бодож байна... Би анхнаасаа огт машин бариагүй, Баасандорж л барьсан, хотоос гарахад ч тэр Дундговь дээр очиход ч тэр Баасандорж л машин авч барьж явсан гэх мэдүүлэг...”, /1-р хх-ийн 25-27-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Элбэгжаргалын “Талийгаач маань 2023 оны 01 дүгээр сарын 16-нд осолд ороод түүнээс хойш 20 гаруй хоног ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Ингээд нас барах хүртлээ Цэргийн төв эмнэлэгт нийт 3 удаа хэвтсэн. Нэг хүзүү мултраад нэг хүзүү хугараад нугас дарагдсан гэсэн оноштой байсан. Эмч нар бол нугасыг нь чөлөөлсөн гэж хэлж байсан. Би талийгаачийгаа жолооныхоо эрхийг хасуулсан гэж өөрөөс нь сонсож байсан. Тэгээд сүүлд ажил руугаа явахдаа гал тогоонд ажиллана гээд явсан. Гэртээ хэвтээд утас үзээд байхаар ажил төрөл хийж байвал биед нь хэрэгтэй юм болов уу гээд явуулсан. Надад гомдол санал байхгүй. Талийгаач маань өөрөө амьд сэрүүн байхдаа хэн ч битгий ажлаасаа халагдаасай гомдолгүй гэж хэлж байсан. Тийм учраас надад гомдол байхгүй. Баянзүрх дүүргээс Долгорсүрэн гэж хүн мэдүүлэг авсан. Тэр үед ч миний хань гомдолгүй гэсэн тэгтэл байцаагч нь “Та ийм байдалд орчхоод гомдолгүй гээд яах юм бэ гомдолтой гэж хэл” гээд гомдолтой гэж бичүүлсэн юм шиг байна лээ. Тэрнээс талийгаач маань өөрөө гомдолгүй гэж хэлсэн. Нас барахдаа хэлж байсан сүүлийнх нь хүсэлт учраас надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 29-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяагийн “74-81 УББ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Гантөмөр 2022 оны 03 дугаар сард худалдан аваад миний нэр дээр бүртгүүлсэн. Түрээсийн гэрээгээр манай нөхрийн ажил болон “Таван толгой төмөр зам” ТӨХК-д явдаг байсан. Машин маань 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр осолд орж олон эд анги нь эвдэрч манай гэр бүлд хохирол учраад байгаа тул гэм буруутай хүнээс хохирлоо гаргуулж авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 50-р хуудас/
Гэрч Б.Болор-Эрдэнийн “Би “Таван толгой” төмөр зам ХХК-д талбайн ахлах ажил хийдэг. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагт Улаанбаатар хотоос хамт ажилладаг кемпийн ахлах мэргэжилтэн Баасандорж, урд суудалд жолооч Дорж, хойд суудалд би болон миний хажууд хангамжийн мэргэжилтэн Чинзориг бид 4 Lexus-470 маркийн 74-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баасандорж жолоо бариад явсан. Бидний хойноос Prado-105 маркийн 43-88 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь Дорж кемпийн админ Эрдэнэцогт нар явж байсан. Ингээд 14:40 цаг өнгөрч байх үед бид нар Дундговь аймгийн Луус сум өнгөрөөд ойролцоогоор 10 орчим км газар явж байсан би арын суудалд байсан бөгөөд замын хажуу руу цагаан өнгийн Nissan Patrol маркийн машин Өмнөговь чиглэл дагуу зогсож байсан. Уг машиныг гүйцэж түрүүлэхэд зам хөндлөн бага мал явж байсан бөгөөд бидний сууж явсан тээврийн хэрэгсэл хурдаа хассан бөгөөд зогсох нь гэж бодтол хажуу тийшээ буюу замын ертөнцийн зүгээр зүүн тал руу хөвөө дагаад харайсан. Ингээд миний санаж байгаагаар машины цонх хагарч байсныг санаж байна.Тэгээд би хэсэг ухаан алдсан байсан бөгөөд ухаан орох үед миний хажууд сууж байсан Чинзориг босоорой гээд хэлж байсан. Тухайн үед машины 4 дугуй дээш харчихсан би бүс зүүсэн байсан учраас бүсэндээ өлгөгдсөн байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 32-р хуудас/
Гэрч М.Чинзоригийн “Би Таван толгой төмөр зам ХХК-д ажилладаг юм. ... Хотоос гарахдаа бид нар машины баруун хойд дугуйны хий гарсан байсныг хийлүүлж, запас хийлүүлчихээд гарсан. Хотоос хөдлөхөөс өмнө машины жанамны утас салж нийлээд байсан учир Дорж ах утсыг нь нийлүүлээд хэвийн болсон. Замд явж байхад Баасандорж гэрэл асаад байна гээд Дорж ахтай ярьж байсан. Яг юуны гэрэл асч байгааг нь мэдээгүй. Машины эзэнтэй Дорж ах утсаар яриад ингээд байна, тэгээд байна гээд хэлж байсан. Барагцаагаар 14 цагийн орчимд Дундговь аймгийн төв дээр ирсэн. “Өндөр ээж” гээд хоолны газарт хоол идэх гэхэд олон хүнтэй байсан учраас идэж чадаагүй. Тэгээд үргэлжлүүлээд явсан. Дундговь аймгийн төв өнгөрөөд би машинд унтаад явсан. Нэг сэрэхэд машин өнхөрчихсөн байсан. Тэгээд би машинаас түрүүлж буугаад Баасандоржийг машинаас гаргасан. Тэр үед цагаан өнгийн жийптэй ажлын хувцастай залуучууд байсан. Тэд нар ирж бид нарт туслаад Дорж ахыг машинаас гаргаад эмнэлэг рүү хүргэсэн. Хамт явсан хүмүүсийн яриагаар цагаан өнгийн жийпийг гүйцэж түрүүлэх гэж байтал урд хонь орж ирсэн гэж яриад байсан” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40-р хуудас/
Гэрч Д.Ганхуягийн “... 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12-13 цагийн орчимд Луус сум өнгөрөөд ойролцоогоор 10 орчим км явж байтал миний урдуур мал ороод ирэхээр нь хурдаа сааруулаад тэр хонинуудыг өнгөрөөтөл миний зүүн талаар хөх өнгийн lexus-470 маркийн /улсын дугаарыг нь хараагүй гэх/ машин миний зүүн гар талаар гүйцэж түрүүлж орж иртэл яг урдуур нь хонь явж таарсан. Тэгтэл тэр машин хурдаа сааруулаад л замынхаа зүүн тал руу замаас гараад далан уруудаад 1-2 удаа хөлбөрөөд зүүн талаараа унасан. Тэгээд Сайнбилэг, Очирсүх нар осолдсон машин дээр очоод хагарсан байсан урд шилийг нь зайчилж холдуулсан. Тэр хооронд би түргэн, цагдаа дуудахаар Луус сум руу машинтайгаа давхиж очоод эмнэлэгт мэдэгдсэн... Тэр машин уг нь миний зүүн гар талаар гүйцэж түрүүлээд орж ирсэн. Тийм хурдтай байгаагүй ерөнхийдөө зөөлөн орж ирсэн. Уг нь машин яг эгцээрээ орж ирээд л хонь урдуур нь тулаад тоормослох шиг болсон. Тэгээд дугуй нь буудсан уу тоормосны асуудал байв уу шууд замын зүүн гар тал руу гарсан байх. Тэр машины урдуур 1 хонь л гарч явсан. Тэр хонинд хүрэлгүй л зам руу гарсан. Яг л нүдэн дээр замаас гараад л өнхөрсөн хоромхон зуурт л болсон яагаад тэгээд замаас гараад онхолдсоныг л мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 43-р хуудас/
Гэрч А.Азжаргалын “Би Таван толгой төмөр зам ХХК-д Аж ахуйн кемп үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай. Осолд орсон ажилчид 2023 оны 01 сарын 16-ны өдөр хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан. Тэгтэл дур мэдэн манай компанид түрээсээр явдаг 74-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл засвараас гарч таараад тэр машиныг дарга удирдлагууддаа танилцуулалгүйгээр унаж явсан байна. Тухайн өдөр манай компанийн ажилчдын автобус хуваарийн дагуу Улаанбаатар хотоос явсан боловч осолд орсон 4 ажилчид автобусаар зорчоогүй байсан. Баасандоржийн хувьд 2023 оны 01 сарын 14-ний өдөр надтай утсаар холбогдоход 43-88 УНК улсын дугаартай автомашинаар зорчоорой гэсэн чиглэл өгсөн” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 45-р хуудас/
Шүүгдэгч Д.Баасандоржийн үйлдлийн улмаас хохирогч С.Доржийн амь нас хохирсон болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1133 дугаартай “С.Доржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүзүүний 6, 7-р нугалмын бүрэн мултрал, хүзүүний 7, сээрний 12-р нугалмын бяцарч шархадсан хугарал, хүзүүний 6-р нугалмын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, титэм судасны нарийсал сорвижил өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь 6, 7-р нугалмын бүрэн мултрал, хүзүүний 7, сээрний 12-р нугалмын бяцарч шархадсан хугарал, нугас дарагдал гэмтлийн улмаас хэвтрийн хатгалгаа амьсгал гачаалт хам шинжээр хүндэрч нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 123-129-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1046 дугаартай "... Автомашины урд тэнхлэгийн ажлын болон зогсоолын тоормосны эд анги ажиллаж байна. Автомашины гарсан гэмтлээс хөдөлгүүрийг асаах боломжгүй тул хойд тэнхлэгийн тоормосны ажиллагааг шалгах боломжгүй байна... Баруун урд, хойд дугуйн обуд хагарсан, баруун урд талын дугуйн дотуур хаймар зүсэгдсэн, дугуй хийгүй болсон гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. Хаймар дугуйн хээнд зоогдсон төмөр хадаас мэт зүйл нь ослын өмнө үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 66-70-р хуудас/
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлал хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 23/49 дугаартай “Lexus- 470 маркийн 74-81 УББ дугаартай автомашины жолооч Д.Баасандорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын үзлэг хийсэн тухай схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад техникийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 119-120-р хуудас/
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч Д.Баасандорж нь Lexus -470 /Лексус-470/ маркийн 74-81 УББ дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урд зам дээр гарч ирсэн хонийг мөргөхгүй гэж хажуу тийш руль дарах хөдөлгөөн хийж улмаар уг тээврийн хэрэгсэл онхолдсон буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчсөн, аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүйн улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдсон /Хэргийн газрын үзлэгийн зурагт тээврийн хэрэгсэл хажуу талаараа харсан байдалтай/ осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргүүдээр тогтоогджээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс осол гарч 1 хүний амь нас хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Элбэгжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн шүүгдэгч талийгаач С.Доржийг эмнэлэгт хэвтэж байх үед эмчилгээний зардал, нас барсны дараа оршуулгын зардал нөхөн төлсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Баасандоржийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь Lexus-470 /Лексус-470/ маркийн 74-81 УББ дугаартай автомашинд учирсан хохирлыг төлөх эсэх талаар мэтгэлцэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяагийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас 32.839.300 /Гучин хоёр сая найман зуун гучин есөн мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-н 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар /1-р хх-ийн 103-106-р хуудас/ тогтоогдож байна.
1 дүгээр хавтаст хэргийн 174-179 дүгээр талд “Автомашин түрээслэх гэрээ” авагдсан байх ба уг гэрээг нэг талаас Lexus-470 /Лексус-470/ маркийн 74-81 УББ дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Мөнгөнзаяа, нөгөө талаас “Тавантолгой Төмөр зам” ХХК-н гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар нь тухайн тээврийн хэрэгслийг түрээслэхээр тохиролцож, тухайн тохиролцооны дагуу “Тавантолгой Төмөр зам” ХХК-н ажилтан, алба хаагч нарыг тээвэрлэж байжээ.
Хэдийгээр тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Баасандоржийн гаргасан зам тээврийн ослоос болж эвдрэл, гэмтэл учирсан боловч уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болон “Тавантолгой Төмөр зам” ХХК-н хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан тул гэрээний талууд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаар хэлэлцэн шийдвэрлэж, эцэст нь гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байна гэж шүүхээс дүгнэсэн болно.
Иймд иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяа, түүний өмгөөлөгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн 17.839.300 /Арван долоон сая найман зуун гучин есөн мянга гурван зуу/ төгрөг, түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл нь гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарч буй зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, жич шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийн хохиролд 15.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Д.Баасандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Элбэгжаргалд төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Д.Баасандоржийн №459051 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Баасандоржид холбогдох хэрэгт прокуророос хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж ердийн журмаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байдаг атал прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөлд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргахаар хуульчилжээ.
Түүнчлэн улсын яллагч нь Д.Баасандоржид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргахдаа албадлагын арга хэмжээг орхигдуулсан нь мөн хуульд нийцээгүйг дурьдах нь зүйтэй ба дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Айлтгүй овогт Дондогмэгдийн Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Айлтгүй овогт Дондогмэгдийн Баасандоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жил 06 сарын хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Баасандоржид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Баасандорж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Элбэгжаргалд төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Д.Баасандоржийн №459051 дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Иргэний нэхэмжлэгч Г.Мөнгөнзаяа, түүний өмгөөлөгч нарын тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн 17.839.300 төгрөг, түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл нь гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарч буй зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхисугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, жич шүүгдэгч нь уг тээврийн хэрэгслийн хохиролд 15.000.000 /арван таван сая/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД