Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1156

 

 

 

 

 

 

 

 2023         09          05                                        2023/ШЦТ/1156

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох 2206 05899 0103 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингис баарны гадаа иргэн Х.Атай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж дээд уруулын дотор, салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис бааранд 00 цагийн орчим нэг эмэгтэйтэй уулзаад байж байсан. Тэгээд гадаа тамхилах гээд байж байсан чинь үл таних нэг залуутай муудалцаж, яг тухайн үед юу гэж муудалцсан аа санахгүй байна. Намайг шууд цохисон. Тэгээд би зууралдаад байж байхад араас нэг үл таних залуу орж ирээд нүүр лүү, хамар луу цохисон. Тэгээд гадаа байсан хүмүүс салгаад байж байхад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “үл таних хүн намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би боловсон бай л даа хөгшөөн гэж хэлтэл өөдөөс чи яах юм бэ гэж хэлэхээр нь түүнтэй маргалдаад заамдалцсан. Тэгээд байж байтал А хүрч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж надтай маргалдсан хүнд хэлээд салгатал Ад хандаад тэр хүн чи яах юм амжих юм уу? Гэж хэлээд маргалдаад байсан. Тэгтэл А уур нь хүрчихсэн байдалтай түүний нүүр лүү нэг удаа цохиход тэр залуу уурлаад А рүү хэл амаар доромжлоод уурлаад дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан....тэр хүн өөрөө хэл амаар доромжлоод А рүү дайраад байсан болохоор А цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15582 дугаартай: “Х.Агийн биед дээд уруулын дотор, салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, шинжээч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Агийн биед үүссэн дээд уруулын дотор салстад үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 46-52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Улсын яллагчийн дүгнэлт гэм буруутайд тооцуулах тухай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор би Прокурорын тухай хуулийн 17 болон 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 болон 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б.Ад холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингис баарны гадаа иргэн Х.Атай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж дээд уруулын дотор, салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршиг нөхөн төлбөрийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохирол болон бусад зардлын хувьд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байна. Тиймээс цаашид нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэг гарах үед өмсөж явсан хувцас 328,000 төгрөгийн хохирлыг мөн бас баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чингис баарны гадаа иргэн Х.Атай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж дээд уруулын дотор, салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис бааранд 00 цагийн орчим нэг эмэгтэйтэй уулзаад байж байсан. Тэгээд гадаа тамхилах гээд байж байсан чинь үл таних нэг залуутай муудалцаж, яг тухайн үед юу гэж муудалцсан аа санахгүй байна. Намайг шууд цохисон. Тэгээд би зууралдаад байж байхад араас нэг үл таних залуу орж ирээд нүүр лүү, хамар луу цохисон. Тэгээд гадаа байсан хүмүүс салгаад байж байхад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “үл таних хүн намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би боловсон бай л даа хөгшөөн гэж хэлтэл өөдөөс чи яах юм бэ гэж хэлэхээр нь түүнтэй маргалдаад заамдалцсан. Тэгээд байж байтал А хүрч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж надтай маргалдсан хүнд хэлээд салгатал Ад хандаад тэр хүн чи яах юм амжих юм уу? Гэж хэлээд маргалдаад байсан. Тэгтэл А уур нь хүрчихсэн байдалтай түүний нүүр лүү нэг удаа цохиход тэр залуу уурлаад А рүү хэл амаар доромжпоод уурлаад дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан....тэр хүн өөрөө хэл амаар доромжлоод А рүү дайраад байсан болохоор А цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15582 дугаартай: “Х.Агийн биед дээд уруулын дотор, салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо....мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, шинжээч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х.Агийн биед үүссэн дээд уруулын дотор салстад үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 46-52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Х.Агийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч нь хохирогч Х.Агийн хамар, нүүр луу гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дээд уруулын дотор салстад шарх, баруун, зүүн тохой, баруун чигчий хуруунд зулгаралт, дээд уруул, зүүн дал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.А нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд шүүгдэгч Б.Агийн үйлдсэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож гэмт хэргийн улмаас хохирогч Х.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох саналтай байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал ажил эрхлэлт цалин орлого зэрэг нөхцөл байдал мөн мөрдөн байцаалтын шатнаас оргон зугтааж мөрдөн шалгах ажиллагааг удаашруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Б.Агийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дах хэсэгт зааснаар Б.А нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт  Б.Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ад сануулсугай.

 

5. Хохирогч Х.А нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Б.Агээс  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.СОЛОНГОО