| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0095/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/97 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч Д.Одмагнай нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Одмагнайд холбогдох эрүүгийн 2322000000107 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймаг Өндөршил сум 3 дугаар баг Малчины 2-209 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон Их Догшин овогт Данзангийн Одмагнай, Регистрийн дугаар: ЗЙ88112911
Шүүгдэгч Д.Одмагнай нь 2023 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дэвсгэрт эхнэр Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.Эрдэнэчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлт гаргаж ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Боржигон Их догшин овогт Данзангийн Одмагнай нь 2023 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дэвсгэрт эхнэр Б.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр, хавирга, толгой тус газруудад гараараа цохих, цээжин тус газар өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “Баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Гэрч Н.Нарангэрэлийн “Би эхлээд мэдээгүй байсан. Гэрт нь очсон чинь Эрдэнэчимэг Одмагнай 2 эзгүй хүүхдүүд нь байсан. Хүүхдүүдээс нь асуухад ээж аав 2 хөдөө явсан гэж хэлсэн. Тэгээд би охин руугаа утсаар залгахад хүргэн Одмагнай аваад “Бид 2 хотод явна, хүүхдийн хонхны баярын юм цуглуулаад явж байна” гэсэн. Тэгээд хэд хоногоос хотоос ирэхэд нь гэрт нь очоод уулзахад нүүр ам нь хөхөрчихсөн байсан. Наад нүүрээ яасан гэж асуухад “Одмагнай зодсон” гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Урьд нь нэг удаа зодож байсан. Эрдэнэчимэг нуруу өвдлөө гээд яваад байсан. Өөр зодож байгаагүй байх. Сайн мэдэхгүй байна. 2 Хүүхдийнхээ амьдралд оролцоод яах вэ. Өөрсдөө учир зүйгээ ололцоно биз гэж бодож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10-р хуудас/
Шүүгдэгч Д.Одмагнайн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай “Ц.Эрдэнэчимэгийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмт нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 15-17-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүр, толгойн тус газар гараараа цохих, цээжин тус газар өшиглөхөд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Д.Одмагнай нь хохирогч Б.Эрдэнэчимэгийн нүүр, толгойн тус газар гараараа цохих, цээжин тус газар өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Одмагнай нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Д.Одмагнай нь хохирогч Ц.Эрдэнэчимэгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.Одмагнайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Ц.Эрдэнэчимэг нь шүүгдэгч Д.Одмагнайгаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Одмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Одмагнайн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд малчин этгээд зэргийг харгалзан түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон Их Догшин овогт Данзангийн Одмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон Их Догшин овогт Данзангийн Одмагнайд 450 нэгж буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Одмагнай нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Эрдэнэчимэг нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД
.