Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 0091

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Батбаяр

улсын яллагч: Д.Ганчимэг

шүүгдэгч: А.Батхишиг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Урианхай овогт Алимаагийн Батхишигт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013772 дугаартай  хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Урианхай  овогт Алимаагийн Батхишиг, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй байсан,  ам бүл  5, эх, эмээ, ах, дүү нарын  хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 21 дүгээр гудамжны 793 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 06 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 06 сар 01 хоногийн хугацаагаар тогтоосон,  уг хорих ялыг хорих 411 дүгээр ангид биеэр эдлэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,  РД:УП92022851,

Холбогдсон хэргийн талаар:

          А.Батхишиг нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас 13 дугаар хороололын автобусны буудал руу алхаж явж байсан Н.Номин-Эрдэнийн халааснаас I pone 5 загварын гар утсыг хулгайлан авч нийт 300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

      Шүүгдэгч А.Батхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Кино үйлдвэр дээр найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд 13 руу алхаад явж байтал урд хоёр охин явж байхаар нь баруун талын охины баруун талын халаасанд Ай Поне-5 загварын гар утас ил харагдаж байхаар нь согтуудаа мөнгө болгох гэсэн бодолтой хулгайлсан. Тэгээд Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн төлөөлөгчид баригдаж цагдаагийн газар очсон гэв.

     Шүүгдэгч А.Батхишиг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас 13 дугаар хорооллын автобусны  буудал руу явах замд үл таних эмэгтэй хүний польтоны баруун талын халааснаас Ай Поне 5 загварын гар утас хулгайлж авсан. Тэгээд цааш явахад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг эргүүлийн төлөөлөгчтэй таарсан. Тэгээд би хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьсан юм. Уг хүүхэд сургуулийн насны хар өнгийн пальтотой байсан. Миний хулгайлан авсан утсыг цагдаа надаас хураан аваад хохирогч охинд эргүүлэн өгсөн гэжээ. /хх-ийн 20/

              Хохирогч Н.Номин-Эрдэнэ хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас 13 дугаар хорооллын автобусны буудал руу алхаж явж байхдаа халаасандаа байсан Ай Поне 5 загварын гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд цүнхэндээ гар утсаа хайгаад зогсож байхад энгийн хувцастай цагдаа ах үл таних хүн дагуулчихсан ирээд энэ утас чиний гар утас мөн үү гэж асуугаад миний гар утсыг харуулсан. Тэгээд бт утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Бид хамтдаа цагдаагийн байгууллага дээр очсон. Миний Ай Поне 5 загварын цагаан шаргал өнгийн утас нүүр болон ар хэсэгтээ шар өнгийн наалт наасан байгаа. Өөр содон шинж тэмдэг байхгүй. 2015 оны 7 дугаар сард Теди худалдааны төвөөс 410.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм.  Би утсаа эргүүлэн авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-н 13-14/

          Н.Номин-Эрдэнэ, А.Батхишиг нараас  асууж авсан тайлбар/хх-н 5-6/

          Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ хх-н 7/: I pone 5 загварын цагаан шаргал өнгийн утас, нүүр болон ар хэсэгт нь шар өнгийн наалт наасан гар утсыг А.Батхишигээс  тэмдэглэл хөтлөн хураан авч Н.Номин-Эрдэнэд хүлээлгэн өгөв гэжээ.

         Эд зүйлийн үнэлгээ 2015 оны 7 дугаар сард худалдан авсан I pone 5 загварын гар утасыг 300.000 төгрөг гэж үнэлсэн байна./ хх-н 8/

          Гэрч А.Мөнхнасан хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Б.Батхишиг бол манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас 13 дугаар хорооллын автобусны буудлын чигтэй автомашинтайгаа түгжрэлд орчихсон зөөлөн явж байтал үл таних эмэгтэй хүний араас /манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг А.Батхишиг/ явж байснаа халааснаас нь Ай Поне 5 загварын гар утсыг хулгайлаад хажуугаар нь гарч явахаар нь би А.Батхишигийн араас очиж  барьж аваад хохирогч Н.Номин-Эрдэнийг дуудаж машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирж А.Батхишигээс хулгайлсан утсыг нь хураан авч хохирогч Н.Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Батхишиг өмнө нь хулгай хийж байсан талаар мэдэхгүй ямар ч байсан манайд бүртгэлтэй хүн байгаа юм гэжээ.  / хх-н 15/

          Гэрч Б.Алимаа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Батхишиг манай 2 дах хүүхэд байгаа юм. Миний хүү бол их зөөлөн сэтгэлтэй, дуулгавартай, гэрийн ажилд тусалдаг хүүхэд байгаа юм. А.Батхишиг 2013 онд 5 давхараас унаад нуруундаа эмчилгээ хийлгэж хадуулсан. Түүнээс хойш ажил төрөл хийхээ больсон. 2009 оноос Шинэбаяр гэдэг хүнтэй амьдрах болсон. Тэгээд эхнэр нь ажил хийгээд манай хүүхэд хадам аавыгаа хардаг болсон. 2015 оны 3 дугаар сард хадам аав нь нас барсан. 2016 оны 10 дугаар сард Шинэбаяр жирэмсэн байж байгаад дутуу төрсөн. Тэгээд Батхишиг сэтгэл санаагаар унаад ийм хэрэг хийсэн байхаа. Би хүүгээ хулгайн гэмт хэрэг үйлддэг талаар мэдэхгүй. 2016 оны 10 дугаар сард цагдаагийн байгууллагаас над руу яриад хулгай хийсэн байна гэж хэлсэн тэгээд би мэдсэн. Батхишигийн эхнэр одоогоор хөдөө орон нутагт амьдарч байгаа. Тиймээс Батхишиг надтай хамт амьдарч байгаа гэжээ.  /хх-н 45-46/

          А.Батхишигийг Б.Алимаа, Ц.Рэгзэн нарын батлан даалтад өгөх таслан сэригйилэх арга хэмжээ авах тогтоол / хх-н 16-18/

          А.Батхишигийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл / хх-н 19-23/

        Б.Батхишигийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, СБД-н 12 дугаар хороо Хангайн 21 дүгээр гудамжны 793 тоотод ам бүл 5-уулаа оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 26/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 29-32, 47-50/ зэрэг болно.

         А.Батхишиг нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлаас 13 дугаар хороололын автобусны буудал руу алхаж явж байсан Н.Номин-Эрдэнийн халааснаас I pone 5 загварын гар утсыг хулгайлан авч нийт 300.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохиросн байна.

          Б.Батхишиг нь 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

            2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 06 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 06 сар 01 хоногийн хугацаагаар тогтоосон,  уг хорих ялыг хорих 411 дүгээр ангид биеэр эдлэж байгаад 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дах хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 01сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан ба үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь тоологдож байхад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент  байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг үндэслэн үлдэж байгаа ялгүй болох хугацаа хэрэгсэхгүй болгогдсон тул Б.Батхишигийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүх хуралдааны өмнө  хохирогч хохирлоо бүрэн биетээр нь хүлээн авсан гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Б.Батхишигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан нь хуульд харшлахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан  шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан  хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 Б.Батхишиг нь шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн өдрөөс эхлэн шүүхээс оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 5 хоног цагдан хоригдсон болно.

        Энэ хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Урианхай овогт Алимаагийн  Батхишигийг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Урианхай овогт Алимаагийн Батхишигт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 3.А.Батхишиг нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдөр хүртэл 5   хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, А.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.А.Батхишигт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Батхишигт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН