Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2022/0000/3 |
Дугаар | 110/ШШ2022/0017 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2022/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ү.Э холбоо,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч аймгийн Ү.Э холбоог төлөөлж дарга А.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгийг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “Л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” -аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооноос өөрийн эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж өгөх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 47 тоот албан бичгээр гаргасан байх ба аймгийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгээр “хүсэлтийг хангах шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
3. Уг хариуг хүлээн аваад нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ү.Э холбоо тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
4.1. Манай байгууллага нь өөрийн эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 43 тоот, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 47 тоот албан бичгээр гаргасан. Уг хүсэлтэд газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн тус холбооны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн тогтоол, Монголын Ү.Э холбооны дэд ерөнхийлөгчийн албан бичгийг тус тус хавсаргаж хүргүүлсэн ба Газрын тухай хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлж өгч, шаардлага хангасан гэж үзэж хүлээж авсан болно. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 тоот албан бичгээр “тухайн эрх шилжүүлэхээр хүсэлт гаргасан газар нь тухайн байгууллага болон “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж хийхээр тусгагдсан талбайтай давхцалтай байх тул таны хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй” гэх хариу ирүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 тоот албан бичиг нь манай байгууллагын газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Манай байгууллага нь өөрийн эзэмшлийн газарт бүтээн байгуулалтын ажил явуулахаар хөрш залгаа газар эзэмшиж байгаа “л” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр гэрээ байгуулсан ба уг гэрээ нь холбооны дүрмийн дагуу Тэргүүлэгчдийн зөвшөөрлийн хүрээнд байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр тохиролцоо юм. Өмнө нь манай байгууллага Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд эзэмшил газрынхаа зарим хэсгийг “К” ХХК-д шилжүүлж, холбооны оффисын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан. “К” ХХК-д газрыг шилжүүлэхдээ 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй ба уг газарт ямар нэгэн төлөвлөлт хийгдээгүй, манайх зөвшөөрөл олгоогүй, энэ талаар ямар нэгэн холбогдох байгууллагын шийдвэр гараагүй. “К” ХХК нь барилга барихдаа аймгийн Ү.Э холбооноос шилжүүлэн авсан 742 м.кв эзэмшил газарт холбогдох барилгын норм, дүрмийн дагуу оффис, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан болно. Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар нь “К” ХХК-ийн барилгын газарт ороогүй, оруулах зөвшөөрөл олгоогүй болохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/453 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх” тухай гаргасан захирамжид тодорхой тусгасан болно. Дээрх захирамжийн хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Газрын албаны дарга К.Болат нь аймгийн Засаг даргын А/453 дугаартай захирамжийг үндэслэж нэгж талбар нь 8312016750 дугаар бүхий 445 м.кв газрыг 40 жилийн хугацаатай “Олон нийтийн байгууллагын зориулалтаар” эзэмшүүлэх 000322292 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээг олгосон болно. Уг захирамж, гэрчилгээний дагуу Ү.Э холбоо нь өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд үүнийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй тул хууль бус гэж үзэх бөгөөд уг албан бичиг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараах эрхтэй, 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг зөрчсөн тул хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.
4.2. Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
Манай байгууллагын 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 тоот албан бичиг буюу захиргааны акт нь хууль бус байх тул Засаг даргын татгалзал үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгэнт татгалзсан шийдвэр нь хууль бус байгаа тохиолдолд Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй бөгөөд даалгах шийдвэр гаргаснаар манай байгууллагын зөрчигдсөн эрх /газар эзэмших эрхээ шилжүүлэх/-ийг сэргээх боломжтой юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргаж байна.
Иймд дээрх байдлаар хууль бус манай байгууллагын газар эзэмших эрхээ шилжүүлэх эрхийг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 тоот албан бичгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай, 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:
“Нэхэмжлэл гаргасан аймгийн Ү.Э холбооны эзэмшилд байгаа 445 м.кв газрыг “л” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлэх тухай хүсэлтийг хуулийн хүрээнд судалж үзэхэд тус газар нь “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж хийхээр тусгагдсан талбайтай давхцалтай байсан тул шийдвэрлэх боломжгүй байсан. Учир нь “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барьсан болон орчны 742 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/453 дугаар захирамжаар Ү.Э холбооны эзэмшил газраас хэсэгчлэн газар эзэмших эрхийг нийтийн орон сууцны зориулалтаар барилгын ажлыг бүрэн хийж дуусгах хүртэлх хугацаатайгаар шилжүүлсэн байна. Гэтэл “К” ХХК-ийн барьсан орон сууцны орон суугчид нь 2021 оны 10 дугаар сард “Уг барилга нь зургийн дагуу баригдаагүй, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц, гарц байхгүй, оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй байгаа тул аймгийн Ү.Э холбооны эзэмшилд байгаа 445 м.кв газрыг хүчингүй болгож өгөх” талаар гаргасан хүсэлтийг судалж үзэх үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тайлбар, холбогдох баримтуудыг гаргуулж авах үед аймгийн Ү.Э холбооны эзэмшилд байгаа 445 м.кв газар нь “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж хийхээр тусгагдсан талбайтай давхцалтай байгаа зураг ирүүлсэн. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаар албан бичгийг нь аймгийн Ү.Э холбооноос газар эзэмших эрх шилжүүлэх талаар ирүүлсэн хүсэлтийг судалж үзээд хүргүүлсэн хариу албан бичиг юм. Аймгийн Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг судлан үзэж хуулийн хүрээнд хариу өгдөг бөгөөд хүсэлтийг заавал ханган шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Ү.Э холбоо 2021 оны 12 дугаар сард аймгийн Засаг даргад үлдсэн газрыг “л” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргасан. Тухайн үед хавсралт баримтуудыг хянаж үзэх явцад урьд нь иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах шатанд цугларсан холбогдох материалуудыг үзсэн ба урьд нь газраа “К” ХХК-д барилгын ажил бүрэн дуусах хүртэл эрх шилжүүлсэн байна. Эрх шилжүүлэх газрын зургийг харахад ногоон байгууламж, авто зогсоолын зарим хэсэг нь Ү.Э холбооны газартай давхцалтай байсан. Өмнөх ажлаа гүйцэт хийгээгүй байж дахин хүсэлт гаргасан нь ойлгомжгүй байсан. Батлагдсан зураг төсвийн дагуу барилга байгууламжаа хийж, нийтийн эзэмшлийн зогсоол, ногоон байгууламжийг барьж байгуулаагүй, нийтийн эзэмшилд буцааж хүлээлгэж өгөөгүй байж, дахиж орон сууцны зориулалттай бусдад шилжүүлэх гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөөгүй. Засаг даргад гаргасан хүсэлтийг заавал ханган шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Хүсэлтийг хянаж үзээд хуулийн хүрээнд хариулт өгөх ёстой. Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нотлох баримтуудаа авч судалж үзээд хуулийн хүрээнд хариу өгсөн гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЖЕ шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Ү.Э холбоо анх 1387 м.кв газартай байсан. Тэр газарт орон сууц барихаар “К” ХХК-тай тохиролцож гэрээ байгуулан, орон сууц барихаар бичиг баримтаа бүрдүүлсэн. Тухайн үед ерөнхий архитекторын ажлын даалгавар, барилга байгууламж барих зураг төсөл гэх мэт бүх юманд 1387 м.кв газар гэсэн захирамж, гэрчилгээгээр хийлгэсэн байна. Тухайн газрыг “К” ХХК-д шилжүүлэх шаардлага гарч, газрыг хоёр хувааж барилга байгууламж барих зураг төслийг зөрчиж шилжүүлсэн нь буруу гэж үзэж байна. Тухайн үед захирамж гаргахдаа нарийн судлаагүй тохиолдлууд гарсан байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн барилгын зураг төслөөс харахад, тухайн “л” ХХК-д шилжүүлэх гэж байгаа 445 м.кв газар нь машины зогсоол, ногоон байгууламж, хүмүүсийн гадаа гарч салхилах зориулалтаар төлөвлөгдсөн байна. “К” ХХК-ийн захирал Х.М мэдүүлэгт “...Ү.Э холбооноос газрыг шилжүүлэхдээ зарим хэсгийг өөртөө авч үлдэх шаардлагатай гэсэн асуудал гарсан. Тэрний дагуу 445 м.кв газрыг Ү.Э холбоо өөрсдөө авч үлдсэн. Тохижуулалтын асуудлыг Ү.Э холбоо өөрсдөө хариуцаж хийх ёстой байсан” гэсэн мэдүүлэг өгсөн байна. Тиймээс 445 м.кв газарт орон сууц биш тохижилтын ажил хийгдэх ёстой. Хэрэв тухайн газрыг ямар нэгэн байдлаар өөр компанид шилжүүлж, орон сууц баривал оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна. Кадастрын зургийг харахад, орон сууцад ногдож буй газар нь 742 м.кв газар. Нэг талдаа 5 метрийн зайтай, хойшоо 5 метрийн зайтай, урьдаа 3 метрийн зайтай. Өөр ямар ч тохижилтын ажил хийх ашигтай талбай байхгүй. Тийм учраас тухайн газрыг “л” ХХК-д шилжүүлэхийг оршин суугчид ч зөвшөөрөхгүй, оршин суугчдын эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байгаа учраас тэр газрыг шилжүүлэх боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт;38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
3. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ү.Э холбоо нь Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, нэгж талбарын 8312016750 дугаартай, 445 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “л” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт аймгийн Засаг даргад гаргахдаа хуульд заасан дээрх холбогдох баримт бичгүүдийг хавсаргасан талаар хариуцагч маргаагүй ба хариуцагчаас “эрх шилжүүлэхээр хүсэлт гаргасан газар нь “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж хийхээр тусгагдсан талбайтай давхцалтай” гэсэн үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахаас татгалзаж, хариу өгсөн байна.
4.”К” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Зураг төсөл боловсруулах гэрээ”-ний дагуу “Өрх” ХХК-аас 2017 оны 05 дугаар сард боловсруулж, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр экспертизийн баталгаажуулалт хийгдсэн “Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын ажлын зурагт “Байршил: Төлөвлөж буй барилга нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 458 тоот шийдвэрээр олгогдсон, 0230984 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй” , “Төлөвлөлт: Төлөвлөж буй барилга нь -1 давхар зоорь бүхий 7 давхар, ... зоорь болон 1-р давхар тэнхлэгээрээ 21.0х18.0 метр” гэж, мөн автозам, талбай, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай байхаар тус тус тусгажээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 458 дугаар захирамжаар аймгийн Ү.Э холбоонд хуучин эзэмшил газрын урд талаас 247 м.кв газрыг нэмж, бүгд 1387 м.кв газрыг 45 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0230984 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа боловч аймгийн Ү.Э холбооноос уг эзэмшлийн газраа бүхэлд нь “К” ХХК-д шилжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Ү.Э холбоо болон “К” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшлийн газар дээрх хуучин барилгыг нурааж, шинээр барилга байгууламж барих, Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь газраа “К” ХХК-ийн эзэмшилд хэсэгчлэн шилжүүлэх гол зорилгоор “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, үүний дараа 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ү.Э холбоог төлөөлж дарга А.К, “К” ХХК-ийг төлөөлж С.Аманбек нар Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшилд байгаа 1387 м.кв газраас 742 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/453 дугаар захирамжаар аймгийн Ү.Э холбооны Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, олон нийтийн байгууллагын зориулалттай, 1387 м.кв эзэмшил газрын хэмжээг кадастрын шинэ зургийн дагуу 1187 м.кв гэж тогтоож, 445 м.кв газрыг өөрт нь үлдээж, 742 м.кв газрын эрхийн гэрчилгээг “К” ХХК-д үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалтаар, барилгын ажлыг бүрэн хийж дуусах хүртэлх хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмшигч аймгийн Ү.Э холбоо болон “К” ХХК-д шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг зөвшөөрснөөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Ү.Э холбоотой газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 445 м.кв газрыг 40 жилийн хугацаатай, олон нийтийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр 000322292 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй, 20 айлын 7 давхар орон сууц”-ны барилгын ажлын зөвшөөрлийн 12/2017 дугаартай гэрчилгээ олгосон байх ба уг гэрчилгээнд барилгын ажлын захиалагч Ү.Э холбоо, гүйцэтгэгч “К” ХХК, газрын зориулалт нь үйлчилгээтэй нийтийн орон сууц барих, талбайн хэмжээ 742 м.кв, барилга байгууламжийн ангилал нь дунд зэргийн төвөгшилтэй гэж тусгасан байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 35-37, 38, 39, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 106, 115-116, 130-137 дах тал/ тус тус тогтоогдож байна.
5. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Энэ хуулийн 27.1-д заасан байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд дараахь мэдээллийг тусгана: 29.1.1.барилга байгууламжийн байршлын талаархи мэдээлэл; 29.1.2.газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.3-т “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих; 35.1.6.барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж тус тус заасан.
Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах, барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжаас бусад ангиллын барилга байгууламжийг шинээр барихад барилгын ажлын зөвшөөрөл олгох нь тус тус аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах бөгөөд дээрх нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас үйлчилгээтэй нийтийн орон сууцны барилгын зориулалтаар аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 1187 м.кв газрын 742 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргаж, улмаар “Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй, 20 айлын 7 давхар орон сууц”-ны барилга, гадна тохижилтын ажлыг 742 м.кв талбай бүхий газарт хийхээр барилгын ажлын зөвшөөрөл олгосон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
6. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглоно”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж тус тус зохицуулжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/715 дугаар захирамжаар байгуулагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/2019 дугаартай дүгнэлт гарч, гадна тохижилтын ажил болох автозам, талбай, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг ажил хийгдээгүй байсан ч “К” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн, Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдсан, дунд зэргийн төвөгшлийн ангиллын, 20 айлын хүчин чадал бүхий үйлчилгээтэй нийтийн орон сууны зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан, уг үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалттай барилга нь нэхэмжлэгч аймгийн Ү.Э холбооноос “К” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 742 м.кв газарт баригдсан, тодруулбал барилгын талбай нь 742 м.кв газрын 50 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд дээр дурдсан ажлын зурагт заасан байршилд баригдсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 108-114, 141-142, 171-172, 174-175 дах тал/ нотлогдсон болно.
Мөн гэрч аймгийн ерөнхий архитектор Г.Мандат “...Ер нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу эзэмшил газрын 70 хувиас доошгүй газарт нь тухайн барилгыг барих, бусад газар нь ногоон байгууламж , автомашины зогсоол байх ёстой.Энэ шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн зураг төслийн компаниар барилгын орчны тохижилтын ерөнхий төлөвлөгөөний зургийн хэсгийг өөрчлүүлсэн тохиолдолд манайхаар заавал баталгаажуулах шаардлагагүй” гэж, гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Х.А “... Хот байгуулалтын тухай хуульд зааснаар барилга нь тухайн газрын 70 хувьд нь баригдах ёстой. Магадлал хийсэн зурагт байгаа барилгын хэмжээ, байршил нь тухайн 742 м.кв газарт багтаж байгаа, мөн барилга нь газрын 70 хувьд байх гэсэн шаардлагыг хангаж байсан. Тодруулж хэлбэл тухайн барилгын талбайн хэмжээг газрын хэмжээтэй харьцуулж үзвэл газрын 50 орчим хувьд нь байгаа. Иймээс 742 м.кв газрын үлдсэн хэсэгт нь зам талбай, авто зогсоол зэрэг тохижилтын ажлыг бүрэн хийх боломжтой гэж үзсэн байгаа. Хот байгуулалтын тухай хуулийн барилга нь тухайн газрын 70 хувьд нь байх ёстой гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас дахин зураг төсөл хийлгэх шаардлагагүй юм” гэж тус тус /1 дэх хавтаст хэргийн 150-152,171-172 дах тал/ мэдүүлсэн.
7. Дээрх байдлаар “Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг”-т 1387 м.кв газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих болон гадна тохижилтын ажил хийхээр төлөвлөж тусгасан байгаа боловч эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас үйлчилгээтэй нийтийн орон сууцны барилгын зориулалтаар аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 1187 м.кв газраас 742 м.кв газрыг “К” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж, улмаар “Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй, 20 айлын 7 давхар орон сууц”-ны барилга, гадна тохижилтын ажлыг 742 м.кв талбай бүхий газарт хийхээр барилгын ажлын зөвшөөрөл олгосноос гадна аймгийн Ү.Э холбооны эзэмшилд үлдсэн 445 м.кв газрыг тухайн орон сууцны барилгын гадна тохижилтын ажил хийх зориулалтаар ашиглуулах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь тус тус тогтоогдсон тул Ү.Э холбооны эзэмшлийн 445 м.кв газрыг бусдын хуульд заасан журмаар эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн Барилгын тухай хуулиар захиалагч, гүйцэтгэгч нь барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглосон бөгөөд тухайн 20 айлын хүчин чадал бүхий үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламж нь барилгын ажлын зөвшөөрөл олгосон 742 м.кв газарт ажлын зурагт заасан байршилд баригдсан буюу дээр дурдсан холбогдох хуулиудад заасан “барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна”, “гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна” гэсэн шаардлагуудыг хангаж байгаа, өөрөөр хэлбэл тухайн барилгын зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авах шаардлагагүй байсан.
Үүнээс гадна аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан комиссоос уг 742 м.кв газарт баригдсан Ү.Э холбоо, “К” ХХК-ийн үйлчилгээтэй, 20 айлын 7 давхар орон сууцны барилгыг хүлээн авсан гэсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байгаа, харин гадна тохижилтын ажлыг тухайн барилгын ажлын зөвшөөрөл олгосон 742 м.кв талбайд хийж гүйцэтгэхийг шаардах нь хяналт тавих эрх бүхий этгээдийн үүрэг тул тухайн орон сууцны барилгын ажлын зурагт гадна тохижилтын ажил хийхээр тусгагдсан газартай давхацсан гэсэн үндэслэлээр аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 445 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудтай нийцээгүй байна гэж үзлээ.
8. Иймд хариуцагч аймгийн Засаг даргын нэхэмжлэгч аймгийн Ү.Э холбооны 445 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан “хуульд үндэслэх,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх заалтуудтай тус тус нийцээгүй, нэхэмжлэгчийн зориулалтын дагуу газраа эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар тухайн шатны Засаг дарга нь эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн аваад 38.3-т заасан зүйлүүдийг тодруулсны үндсэн дээр ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч аймгийн Ү.Э холбооны шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтдээ хуульд заасан холбогдох баримт бичгийг хавсаргасан болох нь тогтоогдсоноос гадна хариуцагчийн эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн 445 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1771 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Ү.Э холбооны эзэмшлийн 8312016750 нэгж талбарын дугаартай 445 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг “л” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ