| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0635/З |
| Дугаар | 221/МА2025/0791 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0791
Э С П ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Э С П ХХК-ийн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгч: Э С П ХХК
Хариуцагч: Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 721 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0635/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э С П ХХК-иас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд холбогдуулан “Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 721 дүгээр шийдвэрээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн хүснэгтийн 5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан Э С П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Э С П ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагч хүлээн авсан тендертэй холбоотойгоор “шийдвэр гаргах хугацаа” болон “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах хугацаа”-г тус тусад нь нарийвчлан зохицуулсан. Энэ хоёр хугацааны хооронд олон улсад “standstill period” гэж нэрлэгддэг гомдол гаргах боломжтой хугацаа тоологддог ба “хөдөлгөөнгүй зогсох” гэж орчуулж болох энэ хугацаанд зөвхөн гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага гомдлын үндсэн дээр ажиллагаа хийхээс бусдаар захиалагчийг аливаа үндэслэлээр өмнөх шийдвэрээ өөрчлөх, шинээр шийдвэр гаргахыг хориглодог.
Өөрөөр хэлбэл, тендер шалгаруулалтын үйл явц тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргаснаар дуусгавар болох бөгөөд тендер шалгаруулалтын үр дүнд шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах захиалагчийн үүрэг нь дараахаас бусад тохиолдолд заавал хэрэгжих учиртайг тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар зохицуулагдсан.
-шалгарсан оролцогч гэрээ баталгаажуулж ирүүлэх үүргээ биелүүлээгүй эсхүл,
-эрх бүхий байгууллагаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, тендер шалгаруулалт хүчингүй болсон.
Хуульд заасан ажлын 5 өдрийн “standstill period” буюу захиалагч нэмэлт үйлдэл хийхгүй байх хугацаа өнгөрсөн ч эрх бүхий байгууллагаа тендерээс шалгаруулалтыг түдгэлзүүлээгүй бол талуудын хооронд гэрээ байгуулах хууль зүйн үүрэг үүснэ. Монгол Улсын хувьд хуульдаа гэрээг бичгээр баталгаажуулахтай холбоотой нэмэлт ажлын 5 хоногийн хугацааг тогтоосон нь энэ хугацаанд захиалагч гэрээ байгуулахаас татгалзаж болдог гэх үндэслэл болохгүй. Хэрэв гүйцэтгэгч тогтоосон хугацаанд гэрээ баталгаажуулаагүй, гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй бол түүний тендерийн баталгааг орлого болгож хариуцлага хүлээлгэдэг мөртлөө захиргааны байгууллагын хувьд гэрээг байгуулахтай холбоотой үүргээ хуульд байхгүй үндэслэлээр зөрчиж болдог гэх үндэслэл байхгүй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.7-д ".. тухайн ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр байх тул тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн байна" гэх хуульд заагдаагүй үндэслэлээр "гэрээ байгуулахаас татгалзах" гэх шийдвэрийг захиалагч гаргах боломжтой мэт дүгнэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2023 оны шинэчилсэн найруулгын 30 дугаар зүйлийн 30.4-т "Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын главан өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу аэрээ Байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно." гэж гэрээ байгуулах эрх олгосноос хойш гэрээг бичгээр байгуулсан байх эцсийн хугацааг тодорхойлсон бөгөөд энэ үүргийг заавал эцсийн өдөрт нь гүйцэтгэнэ гэх ойлголт мөн байхгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс эх хувиар баталгаажуулж, гүйцэтгэлийн баталгааны хамт хүргүүлсэн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсантай маргадаггүй. Энэ тохиолдолд тухайн гэрээг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрээ байгуулагдсанд тооцогдсон болох нь хуулийн 30.4 дэх хэсэгт аливаа салаа утгагүйгээр тодорхой байдаг.
Хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг үйлчлэхгүй байх хоёр тохиолдлыг тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй." гэж тодорхой заасан ба "хүндэтгэн үзэх шалтгаан" эсхүл "хуульд өөрөөр заагаагүй бол" гэх зэрэг нөхцөл заасан зохицуулалт байхгүй байхад хариуцагч нь энэ бүх хугацаанд хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг хэрэгжсэнтэй маргаж байгаагүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, мен нэхэмжлэгчээс мөнгө хөрөнгө зарцуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд зааснаар ханган ажиллаж Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ТЭЗҮ, зураг төслийн 2 дахь шатанд хүртэл боловсруулсан бөгөөд гүйцэтгэлийн баталгааны төлбөрт их хэмжээний хүүгийн төлбөр төлсөн байдалтай байгаа нь нэхэмжлэгчид эдийн засгийн хохирол учруулж байна.
Иймд Захиргааны еренхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан нэхэмжлэгчийн "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим" мөн хэрэгжих учиртай. Хэрэв төрийн байгууллага, албан тушаалтан "гэрээ байгуулагдсанд тооцох тухай" хуулийн ийм тодорхой зохицуулалтыг үгүйсгэх болбол төрийн ажлыг хүнд суртал, чирэгдлээс ангид байлгаж, төрийн албан тушаалтны эс үйлдэхүйгээс татвар төлөгчийг хамгаалах өөр бусад хуулийн зохицуулалтыг ч ийм байдлаар тайлбарлах, терийн байгууллага, албан хаагчийн дур зоргыг нэмэгдүүлэхээр байна.
3.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлсэн албан бичиг нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй тухай
Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалаар ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй гэж дурдсан. Гэхдээ шүүхээс тухайн мэдэгдлийг захиалагчийн албан ёсны шийдвэр гэж үзэхдээ тухайн мэдэгдлийг гаргах үндэслэл гэж тайлбарлаж буй Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 тушаалын агуулгыг хэрхэн ойлгосон, сонсох ажиллагаа хэрхэн явуулсан, бодит байдлыг тогтоосон эсэхийг нягтлаагүй байна.
Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 дугаар тушаалаар хариуцагчийн зохион байгуулсан тендер шалгаруулалтад шаардсан 2 тусгай зөвшөөрлийг цуцалсан эсэхийг хөдөлбөргүй тогтоохтой холбоотойгоор хариуцагч ямар арга хэмжээ авсныг хуралдаан даргалагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад асуухад хариуцагч уг асуудлыг судалж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариултаараа нотолж, "төсвийн жил дуусах гээд маш их ажилтай байсан" гэх хариултыг өгсөн. (2025.10.16- ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 18,19 дэх тал)
Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцэхгүй, 24.2-т зааснаар бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, 26.1, 27.3-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан байх шаардлага хангаагүй албан бичгийг хүргүүлсэн талаараа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс тухайн албан бичгийг хууль ёсны үндэслэл бүхий мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Захиалагч нь албан ёсны нотлох баримтын шаардлага хангасан хувийг аваагүй, зурган хэлбэрээр л бусдаас албан бусаар авч ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох бөгөөд ийнхүү авсан А/276 дугаар тушаал нь "... Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Э С П ХХК-д олгосон ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай" гэсэн бичвэртэй байгаа нь тус компанийн 7 тусгай зөвшөөрлийн чухам аль тусгай зөвшөөрлийн асуудал болох нь тодорхойгүй байдаг. (1-р хавтасны 128 дахь тал)
Манай компани нь Зам, тээврийн яамнаас олгосон 7 төрлийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аль тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал үүссэнийг тухайн үед мэдэхгүй байсан тул 2024 оны 12 сарын 30-ны өдөр 432/24 тоот албан бичгийг Зам, тээврийн яаманд хүргүүлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаал болон түүнийг хүчингүй болгосон гэх 2024 оны А/276 дугаар тушаалыг аль алийг нь гаргуулах хүсэлтээ өгсөн. Түүний хариуд 2025 оны 1 сарын 7-ны өдөр л тухайн тушаалуудын хуулбарыг Зам, тээврийн яамнаас нэхэмжлэгчид ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. (1-р хавтасны 46, 51 дэх тал)
Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө ч аль тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдээгүй байх хугацаанд хариуцагч нь тухайн компанийн 7 тусгай зөвшөөрлийн 2 ангилал (28.1.1, 28.1.5) байхад хэвийн үргэлжлэх боломжтой ажилтай холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүйгээр 2024 оны 12 сарын 23-ны өдрийн огноотой албан бичиг ирүүлсэн. Энэ асуудал нь тухайн төсөлд хамаарах 2 тусгай зөвшөөрөлд хамааралтай эсэх тодорхойгүй бөгөөд цахим системийн мэдээллээр бүх тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа талаар 2025 оны 1 сарын 6-ны өдрийн 03/25 тоот албан бичгийг манай компаниас хариуцагчид хүргүүлсэн. Цахим системийн мэдээлэл нь Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр мэдээллийн эх сурвалж юм.
3.3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй тухай
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр албан бичиг гардан авсан гэх үйл баримтаас хойш нэхэмжлэгч нь 2025 оны 1 сарын 6-ны өдрийн 03/25 тоот албан бичгээр тодорхой үндэслэл, тайлбар гаргасныг шүүхээс аливаа хэлбэрээр дүгнээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 29/25 дугаар албан бичгээр гэрээт ажлын эхлэлийн тайланг захиалагчид хүргүүлж, 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 46/25 тоот, 04 дүгээр сарын 03-ны өдрийн 67/25 тоот, 5 дугаар сарын 01-ний өдрийн 107/25 тоот албан бичгийг хүргүүлсэн, тухайн гэрээний ажлын даалгаврын дагуу ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, тэдгээрийг зөвшилцөх талаар албан бичгийг хүргүүлсээр байсан, мөн тус гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа хүчинтэй үйлчилж нэхэмжлэгч нь банкны өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсээр байхад хариуцагч Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн үйлчлэлийн талаар 2025 оны 6 сарын 25-ны өдрөөс өмнө маргаж байгаагүй, мөн гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөх аливаа шийдвэр гаргаагүй нь гэрээ хүчинтэй мөрдөгдөж байсан болохыг илэрхийлэх баримтууд бөгөөд эдгээрийг дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийг сайн дурын үндсэн дээр эхлэлтийн тайлан, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэлд хамаарах 15 боть тайлан, урьдчилсан зураг төсөв боловсруулсан мэтээр дүгнэжээ.
Гэтэл хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25/119 тоот албан бичгээр... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тус тендертэй холбоотой ямар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн болох түүний үр дагаврын талаар мэдээлэл тус хүрээлэнд ирээгүй байх тул танай албан бичгээр ирүүлсэн хүсэлтүүдийг шийдэх боломжгүй байна" гэх хариуг ирүүлж, хариуцагч нь холбогдох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн үр дагаврын талаар тодруулсны үндсэн дээр шийдвэр гаргах талаараа мэдээлж байсан. Тус албан бичгийн хариуд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол зэргийг хүргүүлсний хариуд гэрээний харилцаа байхгүй гэж маргаж байгаагүй.
Нэгэнт захиалагчаас манай гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөөгүй, хуулийн 30.4-т зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдсонтой маргаагүй тухайн цаг үед захиалагчаас гадна манай компани ч гэрээнд зааснаар ажлаа гүйцэтгэх үүрэгтэй болсон. Хэрэв гэрээнд заасан хуваарийн дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд бидний Хас банкнаас гаргуулсан гүйцэтгэлийн баталгааг орлого болгох, цаашлаад тендерийн хуулийн 48.2.10-т зааснаар гэрээний үүргээ гүйцэтгээгүйд оногдуулах арга хэмжээнд орох, гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол, алданги тооцох хүртэл эрсдэлтэй болохыг холбогдох хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг судлан дүгнэснээр гэрээт ажлаа гүйцэтгэснийг сайн дураараа ажил гүйцэтгэсэн гэж дүгнэж буйд гомдолтой байна.
3.4. Худалдан авах гэрээ байгуулагдах эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарласан тухайд
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг нь төрийн худалдан авах ажиллагаатай холбоотойгоор шинээр бий болсон эрх зүйн зохицуулалт бөгөөд тус зүйлийн дагуу гэрээ байгуулагдсан тооцогдсоноор мөн хуулийн 39.1-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендерээр гэрээ байгуулагдаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хянах, хэрэгжүүлэх бүрэн боломж бүрддэг ба заавал тамга тэмдэг, гарын үсгээр албажсан байхыг шаардахгүй.
Шүүхийн шийдвэрт худалдан авах гэрээтэй холбоотой харилцаанд Иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэнэ гэсэн боловч нарийвчилсан хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39.1-д "Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/- ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна." гэж тендерийн харилцаанд хоёр тал гэрээнд гарын үсэг зураагүй ч эрх, үүргийг нь тодорхойлох боломжтой болохыг дүгнээгүй байна.
Мөн Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан ойлголтоор тендер шалгаруулалтын баримт бичиг нь "гэрээ байгуулах саналын дуудлага", түүний хариуд ирүүлсэн тендер нь "гэрээ байгуулах санал" (оффер) юм. Захиалагчаас нэхэмжлэгчийн 2024 оны 12 сарын 11-ний өдөр хүргүүлсэн санал (оффер)-ын хариуг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг (акцепт)-ээр илэрхийлсэн нь Иргэний хуулийн 196.1.2-т"... гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар 196.1.3-т "гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан,” гэж тус тус зааснаар Иргэний хуулийн ойлголтоор ч талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл болдог.
Гэтэл анхан шатны шүүхээс "гэрээ байгуулах санал нь нэхэмжлэгчийн 2024 оны 12 сарын 24-ний өдөр хүргүүлсэн гэрээ, гүйцэтгэлийн баталгаа мэтээр Иргэний хуулийг ч буруу тайлбарлаж, дүгнэсэн байна. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө төрийн байгууллагын тогтсон дэг жаяг, шаардлагын дагуу гэрээг заавал бичгээр баталгаажуулах гэж цаг алддаг, эсхүл хуульд заагаагүй хянан үзэх ажиллагааг дахин явуулж захиалагч өмнө гаргасан шийдвэрээ өөрчлөх зэрэг хүндрэл гаргадаг байсан тул шинэчилсэн найруулгын 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт захиалагчийг ажлын 5 өдрийн дотор баталгаажуулаагүй бол түүнээс дахин аливаа нэмэлт зөвшөөрөл, баталгаажуулалт хийхийг шаардахгүйгээр "гэрээ байгуулагдсан тооцох талаар тусгайлан зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд давуу хүчинтэй.
Хэрэв худалдан авах ажиллагаанд албажиж баталгаажуулсан гэрээг зайлшгүй шаардах ёстой гэж үзсэн шийдвэр хүчин төгөлдөр болж, ийм шүүхийн практик тогтоовол хууль тогтоогчийн хүсэл зоригоос зөрүүтэй явдал болох юм. Улмаар төрийн байгууллага, албан тушаалтнууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4 дэх хэсгийн зохицуулалтыг үгүйсгэн хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөө зөвтгөх ноцтой серег үр дагавар бий болохыг анхаарах шаардлагатай юм.
3.5. Шүүхээс тогтоосон эрх зүйн түр хамгаалалтыг үгүйсгэсэн тухай
Тус маргааныг шүүхээс шийдвэрлэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байгаа Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалтай холбоотой захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөх үндэслэлгүй юм. Учир нь дээрх Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 дугаартай тушаалын биелэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн тогтоолоор түдгэлзүүлсэн нь хүчинтэй хэвээр байгаа бөгөөд эрх зүйн түр хамгаалалт тогтоогдсон байгаа хугацаанд А/276 дугаар тушаал байхгүйтэй адилаар үзэх ёстой.
Шүүхийн шийдвэрийн дагуу Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй гэрээний харилцаа байгаа болохыг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээт ажлын гүйцэтгэлийг эцэслэн баталгаажуулж хүлээлгэн өгөх, улмаар Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.6.34, мөн оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.2.16-д тус тус тухайлан нэр зааж, 2028 он гэхэд хэрэгжүүлсэн байх зорилт бүхий "Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж ашиглалтад оруулна" гэснийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хамгаалахаас гадна Монгол Улсын босоо тэнхлэгийн авто замын сүлжээний найдвартай байдалд чухал ач холбогдолтой 530 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх барилгын ажлын гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулах, уг чиглэлийн ачаа тээвэр болон зорчигчдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нэн чухал ач холбогдолтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э С П ХХК-иас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд холбогдуулан “Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.
3. Анхан шатны шүүхээс “...эрхийн аливаа зөрчилгүй гэрээг захиалагчид хүргүүлсэн, уг гэрээг албажуулахгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэх бөгөөд тухайлан нөхцөл тавьсан /тусгай зөвшөөрөл шаардсан/ дээрх тендерийн тухайд гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй... гэрээ нь тухайн тендерийн салшгүй нэг хэсэг болохын хувьд албажиж хүчин төгөлдөр болсноор ажил, үйлчилгээ эхлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд нэгэнт тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах, байгуулаагүй гэрээний үүргийн дагуу санхүүжилт олгох үүрэггүй...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Э С П ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч Э С П ХХК нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс зарласан МУШС/20240103062 дугаар “Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24/226 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлжээ.
4.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 421/24 дугаар албан бичгээр гэрээг хариуцагчид хүргүүлсэн, харин хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/286 дугаар албан бичгээр “...Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/2381 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл, мөн яамны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/1921 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгүүлэх санал...” зэргийг дурдан гэрээ байгуулахаас татгалзах мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан авчээ.
4.3. Мөн Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
4.4. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 5.2-т “авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох”-оор зохицуулагдсан бөгөөд уг тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.3-т “Тусгай зөвшөөрөл шаардана” гэсний дагуу тендерт заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх зохицуулалттай байна.
4.5. Э С П ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон талаар хариуцагч нь Гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсний дараа мэдсэн бөгөөд тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэх энэ тохиолдолд хариуцагчаас Э С П ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/286 дугаар албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзсаныг буруутгах боломжгүй.
4.6. Ийнхүү нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон үндэслэлээр хариуцагчаас гэрээ байгуулахаас татгалзсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэх зохицуулалтын дагуу “гэрээ байгуулагдсанд тооцно” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
4.7. Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “гэрээ байгуулсанд тооцох” нарийвчилсан зохицуулалтыг тусгасан боловч хариуцагчийн хувьд эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад уг оролцогчтой гэрээ байгуулах бодит боломжгүй.
4.8. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Э С П ХХК болон хариуцагч Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн хооронд гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагчаас гэрээ байгуулахаас татгалзсан татгалзал хуульд нийцсэн, түүнчлэн “...гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэгчийн эрх шууд сэргэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
5. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/25 дугаар албан бичгээр гэрээт ажлын тухай, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тайлан, 2025 оны 03 дугаар сарын 10, 2025 оны 04 дүгээр сарын 03, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 156/25 дугаар албан бичгээр гэрээт ажлын тайлан зэргийг хариуцагчид хүргүүлж, хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр гэрээ хийгдээгүй тул санхүүжилт олгох боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
5.2. Хариуцагч Бүсчилсан хөгжлийн Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24/226 дугаар албан бичгээр Э С П ХХК-д гэрээ байгуулах эрх олгохдоо “ ... гэрээний маягтад гарын үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт...” ирүүлэхийг мэдэгдсэн байдаг.
5.3. Үүнээс үзэхэд, хариуцагчаас гэрээг бичгээр хүргүүлж, гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлж гарын үсэг зурсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн бөгөөд уг гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч болон нэхэмжлэгчээс үл шалтгаалан тусгай зөвшөөрөл цуцлагдсан факт үүссэнээр хариуцагч гэрээ байгуулахаас татгалзаж, үүнийгээ нэхэмжлэгчид мэдэгдсэн тул гэрээ байгуулагдаагүй гэж үзэн санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал дээр дурдагдсан хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.
5.4.Түүнчлэн “нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Зам тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/279 дүгээр тушаалын биелэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1638 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалсан акт үйлчлэлгүй байгаа” гэж нэхэмжлэгчээс маргах боловч тендерийн хүчинтэй хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болжээ.
6. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Зам тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/279 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх сэргэх тохиолдолд энэхүү магадлалд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ б.адъяасҮРЭН