Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1154

 

 

 

 

 

 

 

 

 

 “ЭК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00289 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЭК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Эд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 705 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Э нь манай байгууллагатай 2015 оны 11 сарын 03-ны өдөр №3Г15/28 дугаартай зээлийн гэрээг байгуулж, бараа татан авах зориулалтаар, 6 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцохоор тохирсон. Зээлийн гэрээний хавсралтад заасан зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийн дагуу зээлдэгч С.Э нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны хооронд зээлийн хүүгийн төлбөрт 3 027 250 төгрөг төлсөн. 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс үндсэн зээл, хүүнд ямар нэг төлөлт хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч С.Эөөс зээлээ төлөхийг шаардахад төлнө, хугацаа өгөөч гэдэг тул тэр бүгдэд зээл төлөх боломж, хугацааг нь олгодог боловч ямар нэг байдлаар зээлийн төлбөрөө төлөхгүй хугацаа хожиж, манай байгууллагыг хохироож байна. Иймд үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү 4 758 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446 550 төгрөг, нийт 11 705 400 төгрөгийг зээлдэгч С.Эөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эксим капитал” ХХК-иас өөрийн таних н.Ганзоригоор уламжлуулан тус компанийн захирал н.Шинэбаяраас 2015 оны 11 дүгээр сард 6 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Энэ хугацаанд би 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн ба одоогоор зээлийн хүү нь өсч 11 705 400 төгрөг болсон байна. Миний бие дээрх мөнгөн дүнг төлөхөө илэрхийлж байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж, хасах боломж олгож өгнө үү гэж хүсч байна. Мөн би төлбөрөө хугацаа тохиролцож, тодорхой богино хугацаанд төлөх болно гэж мэдэгдэж байна. Зээл авсан нь үнэн, зээлийг төлөх ёстой гэжээ.

 

    Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эөөс 6 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”ЭК ББСБ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 205 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202 236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид 118 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт "... гэрээнд хэтэрсэн хугацааны хүү тооцохоор тохиролцоогүй байх тул хариуцагчийн хүүд төлсөн төлбөрийг үндсэн хүүнд төлсөн гэж үзнэ, хариуцагч нь үндсэн хүү болох 1 774 500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагчаас зээлийн хүүд 4 758 850 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна" гэжээ. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.1-т "3ээлийн сарын хүү 4,5 хувь", 2.1.2-т "Нэмэгдүүлсэн хүү 20 хувь", 2.4-т "...зээл, зээлийн хүүг хугацаа хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа хуваарьт зээлийн хүүний үлдэгдлээс 2.1.3-д заасан нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлдэгчид төлнө", 3.2.4-т "... зээлдэгч нь зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг графикт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тухайн үеийн үндсэн зээлийн үлдэгдлийн 1 өдрийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож төлөх" гэж заасан. Энэхүү заалтуудыг үндэслэж, хариуцагч С.Э нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "үндсэн зээл 6 500 000 төгрөг, хүү     4 758 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446 550 төгрөг, нийт 11 705 400 төгрөгийг хариуцагч О.Энхтөрөөс гаргуулах" гэж шаардлагаа тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э нь зээлийн хүү өндөр байгаа талаар, хүүг багасгах талаар шүүхэд хандаж тайлбар, хүсэлт гаргаагүй, талууд хүүгийн асуудлаар маргаагүй байхад анхан шатны шүүх шууд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 5 205 400 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Эөөс 5 205 400 төгрөгийг нэмж гаргуулж, нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

                                     

            Нэхэмжлэгч “Эксим капитал ББСБ” ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 705 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

                        Зохигчид 2015 оны 11 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч  “Эксим капитал ББСБ” ХХК нь 6 500 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч С.Э нь зээлийн мөнгөн хөрөнгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаанд төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээнд заасан 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Эксим капитал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний 2.1.1-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй болно.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй талаар буруу дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх шаардлагатай байна.

 

            Зээлдэгч нь зээлийн төлбөрт нийт 3 027 250 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Уг мөнгөн хөрөнгөөс зээлийн гэрээний хугацаанд төлбөл зохих хүүгийн төлбөрт 1 774 500 төгрөгийг тооцож, үлдэх 1 252 750  төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 6 500 000 төгрөгөөс хасахад 5 247 250 төгрөг үлджээ.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байхад анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Талууд гэрээгээр тохиролцсон эсэхээс үл хамааран зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү төлөхийг хуулиар үүрэг болгосон байгааг шүүх анхаараагүй байна.

 

            Зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 5 247 250 төгрөгөөс 18 сарын хүү тооцоход 4 251 906 төгрөгийг тэрээр хэтэрсэн хугацааны хүүд төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс нэмэгдүүлсэн хүү тооцоход 850 382 төгрөг байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлсэн хүүг 446 550 төгрөгөөр тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар түүний тодорхойлсон хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

 

            Иймд хариуцагч С.Эөөс зээлийн үндсэн төлбөрт 5 247 250 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 4 251 906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 445 550 төгрөг, нийт 9 947 706 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эксим капитал ББСБ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Эөөс 9 947 706 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЭК ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 757 694 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “... 118 950 төгрөг ...” гэснийг “174 113 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 500 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ