Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2020/00280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2020/00170/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: ... хот, ... гудамж, “О” төвийн ... тоот хаягт байрлах “М” ХХК /РД:..., Утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг.. гудамж ... тоотод оршин суух Ч овгийн Б-гийн Б /РД:..., утас: .../-т холбогдох,

“...Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 5,500,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай...” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р,  хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М”-ийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Иргэн Б.Б нь “М” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2016/15 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийн үнэтэй Беларусь улсад үйлдвэрлэгдсэн мини тракторыг иж бүрдлийн хамт, төлбөрийг 1 жил 5 сарын хугацааны дотор буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй, зээлээр худалдаж авсан.

Зээлийн гэрээний хугацаанд Б.Б нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаанд миний тракторын төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 10-нд 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-нд 1,000,000 төгрөг төлсөн бөгөөд тус гэрээний хугацаа 2017 оны   09 дүгээр сарын 20-ны өдөр дууссан боловч мини тракторын үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дууссан. Үүнээс хойш төлбөр хийгдээгүй 2 жил 2 сар 20 хоног төлөөгүй. Анхны төлбөр 2019 оны 12 дугаар сарын 10-нд төлөгдсөн. Алданги хоногийн 0,5 буюу хоногийн 36,000 төгрөг юм. Алдангийг хэтэрсэн хоногоор тооцохоор үндсэн төлбөрөөсөө хэтэрсэн, хуульд заасныг дагуу 50 хувиар тооцсон. Ингээд 5,500,000 төгрөг, мөн алданги 3,500,000 төгрөг, нийтдээ 9,000,000 төгрөг нэхэмжилсэн гэв. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаанд үндсэн төлбөрөө төлчих гэж удаа дараа сануулж, хүү, алданги авахгүй гэж хэлж байсан. Тэгээд тэр хугацаанд төлөөгүй, одоо хүү, алдангийг нэмж нэхэмжилж байна, хуульд заасны шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Б.Б нь шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Б.Б нь 2016 оны 4 сард “М” ХХК-аас ******* тракторыг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаж авсан. Гэвч 2016, 2017, 2018 онуудад хавар үргэлжилсэн гандуу байсантай холбоотой ургацын болц оройтож ургац алдсан. Үүнээс болж тракторын төлөлт жил даарлан хойшлогдсон. Би 2019 онд ургац хурааж авсан. Тэгээд түүнийг Барс зах дээр зарсан. Одоо надад 900,000 төгрөгийн орлого орж ирнэ, түүнийг хүлээж байна. Би бол 5,500,000 төгрөгийг л ойрын хугацаанд төлж барагдуулмаар байна. Гэрээ байгуулсан нь үнэн, би улирлын чанартай ажил үйлчилгээ эрхэлдэг. Би энэ компанийн Дархан дахь суурин төлөөлөгчийн газарт мэдэгдэж байсан, газраа ч үзүүлж байсан. Алданги дээр л санал зөрөлдөөд байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2016 оны   04 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар “ зээлээр худалдах, худалдан авах “ гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ:

Хариуцагч Б.Б төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, борлуулалтын орлогогүйгээс төлбөр төлж чадаагүй гэсэн үндэслэлээр алданги 3,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэж байна.

Талуудын хооронд  2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  ...  тоот “ зээлээр худалдах, худалдан авах “ гэрээ байгуулагдаж гэрээний зүйл мини трактор, иж бүрдлийн хамт хүлээлгэн өгөх үүргээ худалдагч биелүүлсэн, энэ талаар маргаангүй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

2016/15 тоот гэрээгээр гэрээний зүйлийн үнийг 7,000,000 төгрөг гэж тогтоосон бөгөөд, гэрээний 2.2.2 –т зааснаар худалдан авсан техникийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу хүлээн авсан баримт болон нэхэмжлэхийг үндэслэн худалдагчийн харилцах дансанд шилүүлэх үүргийг худалдан авагч хүлээжээ.

Гэрээний 3.1-д зааснаар төлбөр хийх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны дотор байна.

Хариуцагч Б.Б 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг  тус тус шилүүлснээр гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна.

Энэ тохиололд гэрээний 2.3.1-д төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд саадгүй төлөхийг, 3.3-д гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хуанлийн хоног  тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхийг шаардах эрх худалдагч “М” ХХК-д үүснэ.

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасанаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б.Б аливаа болгоомжгүй үйлдлийн хариуцлагыг хүлээнэ.

2016/15 тоот гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болж, төлбөр төлж эхэлсэн 2019 оны 12 дугаар сарын 10 хүртэл хариуцагч Б.Б төлбөрийг зохих ёсоор төлөөгүй байсан бөгөөд гүйцэтгээгүй үүрэг 7,000,000 төгрөг байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 “анзын гэрээг бичгээр" хийнэ, 232.4 “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэснээр төлбөл зохих алданги 3,500,000 болно.

Үүнээс төлбөрт шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасаж тооцход 9,000,000 төгрөг болно.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартай боруулалтын орлогогүйгээс төлбөрийг төлж чадаагүй тул алданги төлөхгүй гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь талууд гэрээний гэрээний зүйлийн үнийг тодорхой болзол зааж тухайлбал боруулалтын орлогоос төлөх үүрэг тохиролцоогүй, хуульд зааснаар анзын гэрээг бичгээр хийж гэрээний 3.3-т тусгасаныг хариуцагч үгүйсгээгүй болно.

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 2016/15 тоот гэрээг  “зээлээр худалдах, худалдан авах “ гэрээ гэж нэрлсэн хэдий ч шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1–д зааснаар худалдан авагч үнийг төлөхөөс өмнө худалдагч гэрээний зүйл болох мини трактор, иж бүрдэлийн хамт  шилжүүлсэн хэдий ч гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгаагүй  байна.

Иймд хариуцагч Б.Бас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК –д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.Б-ас 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Худалдаа хөгжлийн банк, төрийн сангийн 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ОЮУНДАРЬ