Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1157

 

 

    

 

 

 

 

 

 2023         09          05                                    2023/ШЦТ/1157

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч И овогт М.Нид холбогдох эрүүгийн 2206 05297 2310 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний автобусны буудлаас иргэн Г.Д цүнхэн дотроос Эйсер Эспейр 3 /Acer Espire 3/ загварын зөөврийн компютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 856,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би цагдаагийн байгууллагад мэдүүлэг үнэн зөв. Би хүний зөөврийн компьютерыг авсан нь үнэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед найз М уулзах гээд явж байсан ба Бөхийн өргөөний автобусны буудлаас 50 номерын автобусанд суусан. Тухайн үед автобус дотор их хүнтэй байсан. цүнхэндээ Acer Espire 3 загварын зөөврийн компьютер хийсэн байсан. Тэндээсээ хөдлөөд Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр буусан. Буудал буугаад зөөврийн компьютераа алдсан гэдгээ мэдээд автобусанд эргэж ороод асуусан боловч хүн дуугараагүй. Автобусны жолоочийг автобусаа зогсоочих гэж хэлэхэд зогсоогоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-22-1419 дугаартай: “Acer Espire 3 загварын зөөврийн компьютерийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 856.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, гэрч Б.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Монтел худалдааны төвийн Sky Shop гар утас засварын 1 дүгээр лангуун дээр ажлаа хийж байх үед нэг настай ах орж ирээд нөүтбүүк авах уу гэж асуухаар нь үзэхэд Acer маркийн нөүтбүүк байсан. Тухайн нөүтбүүкийг 200.000 төгрөгөөр худалдаж аваад хөдөө Дархан-Уул аймагт байдаг ах Хүүхэнхүүд өгч явуулсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөдөө аж ахуйн автобусны буудал дээрээс автобусанд суугаад ардаа цүнх үүрсэн эмэгтэй хүний цүнхнээс нөүтбүүк компьютер хулгайлан аваад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 34-38, 40-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Н нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний автобусны буудлаас иргэн Г.Д цүнхэн дотроос Эйсер Эспейр 3 /Acer Espire 3/ загварын зөөврийн компютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 856,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 10/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед найз М уулзах гээд явж байсан ба Бөхийн өргөөний автобусны буудлаас 50 номерын автобусанд суусан. Тухайн үед автобус дотор их хүнтэй байсан. цүнхэндээ Acer Espire 3 загварын зөөврийн компьютер хийсэн байсан. Тэндээсээ хөдлөөд Баянзүрх дүүргийн автобусны буудал дээр буусан. Буудал буугаад зөөврийн компьютераа алдсан гэдгээ мэдээд автобусанд эргэж ороод асуусан боловч хүн дуугараагүй. Автобусны жолоочийг автобусаа зогсоочих гэж хэлэхэд зогсоогоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗ1-22-1419 дугаартай: “Acer Espire 3 загварын зөөврийн компьютерийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 856.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, гэрч Б.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Монтел худалдааны төвийн Sky Shop гар утас засварын 1 дүгээр лангуун дээр ажлаа хийж байх үед нэг настай ах орж ирээд нөүтбүүк авах уу гэж асуухаар нь үзэхэд Acer маркийн нөүтбүүк байсан. Тухайн нөүтбүүкийг 200.000 төгрөгөөр худалдаж аваад хөдөө Дархан-Уул аймагт байдаг ах Хүүхэнхүүд өгч явуулсан. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөдөө аж ахуйн автобусны буудал дээрээс автобусанд суугаад ардаа цүнх үүрсэн эмэгтэй хүний цүнхнээс нөүтбүүк компьютер хулгайлан аваад 13 дугаар хорооллын автобусны буудал дээр буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 34-38, 40-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Д нь хулгайд алдсан эд зүйл болох зөөврийн компьютерийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан авсан байх тул шүүгдэгч М.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч нь зургаан удаа хэрэгт холбогдож байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хэлэлцүүлэгт “Шүүхээс шүүгдэгчийн өмнөх зургаан удаагийн үйлдлийн цаг хугацааг харгалзан үзэх болов уу. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн. Шүүгдэгчийн холбогдсон хулгайлах гэмт хэрэг нь сонгох ялын санктай. Шүүгдэгч М.Н нь өндөр настай, чих нь хатуу, зүрхний өвчтэй зэрэг биеийн байдал нь муу. Цагдан хоригдож байхдаа 5-6 удаа эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан. шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж шүүхээс оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой учир түүнд зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү...” гэх тайлбар гаргасан ба шүүгдэгч М.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч М.Нид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч М.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Нид 1 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Нийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Н нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийг хорих ялыг болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Нийн гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 49 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт М.Нид Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид 1 жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг болон урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 11 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийн цагдан хоригдсон 49 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тоооцсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО