Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2020/00338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00314/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Б-ийн П /РД:...., утас .../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух С овгийн В-гийн Б /РД:..., утас:.../ -д холбогдох

“Хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, хариуцагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие 2014 онд В.Б-тай танилцаж, 2015 оноос гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2017.08.08-ны өдөр охин П.М төрсөн. Тухайн үед В.Б нь өөрийн гэсэн гэр оронгүй, эцэг эхийндээ амьдарч байсан учир гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. 2019 оны 02 дугаар сараас хойш хамтран амьдрахаа больсон. В.Б хэтэрхий идэвхигүй амьдралтай, гэр бүлийн хувьд ч, санхүүгийн хувьд дэмжлэггүй байсан. Би яг ганцаараа 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа юм шиг байдаг байсан. Тийм учраас хэрүүлтэй орчинд хүүхдээ өсгөснөөс ганцаараа амьдарсан нь дээр юм байна гэж үзсэн. Би энэ талаар түүний эцэг эхэд хэлсэн боловч та хоёр өөрсдөө шийд гэсэн. Би өөрөө 5 дугаар багт шүдний эмнэлэг ажиллуулдаг. Төрөх хүртлээ ажлаа хийсэн. Төрсний дараа 2 сартайгаас ажилдаа орсон. Одоо би өөрийн эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг. Охин маань цэцэрлэгт явдаг. В.Б цахим орчинд донтсон юм шиг байдаг. Найз нөхөдгүй халамжгүй. Гэртээ байх хугацаандаа зөвхөн гар утсаараа тоглодог. Хүүхдээ ч салхинд гаргадаггүй, хүүхдээ зурагтын өмнө орхичихдог. Ер нь ярилцъя гэхээр ярьдаггүй. Намайг юм хэлэхээр гараад явчихдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа юу ч болоогүй юм шиг л ороод ирдэг. Эцэг эхээсээ дэндүү хамааралтай ажил хийе гэж огт боддоггүй. Хөрөнгөө мэдээд захиран зарцуулаад хүн шиг зорилго тэмүүлэлтэй амьдардаггүй. Хүүхдийнхээ овгийг солиулмаар байна гэхэд хүүхэд нь өөрт нь ямар ч хамааралгүй юм шиг за гээд л нотариат дээр очоод гарын үсэг зураад өгчихсөн. Хүүхэдтэйгээ ирээд уулзаад өгөөч гэхээр уулздаггүй, ирдэггүй байсан. Ажил хөдөлмөрийн хувьд эднийх өөрөө буудал, дэлгүүр олон машины граж ажиллуулдаг гэх боловч тэгж харагддаггүй. Зун салхинд гаръя гэхээр чи машин унаад явчих гэсэн тэгээд нялх хүүхэдтэй 10 хоног явж байхад хүүхэд яаж байна гэж асууж байгаагүй. Гар утсанд донтоод байгаа байдлыг нь өөрчлөх гээд эзэмшсэн мэргэжил нь таалагдахгүй байгаа бол өөр мэргэжил эзэмшээч сургуульд сураач гэсэн боловч өөрийгөө өөрчлөхийг хүсээгүй. Одоо охин маань 2 нас 6 сартай, би өөрийн гэсэн эрхэлдэг ажилтай ч П.Мын төрсөн эцэг болох В.Бгаас эцэг хүний үүрэг хариуцлагын хувьд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул тэтгэлгийг тогтоож өгнө үү...” гэв.                                                          

Хариуцагч В.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би охиныг өөрийн хүүхэд гэдэг дээр маргахгүй байна. Хүүхдийг ээжийнх нь асрамжид байхад маргахгүй тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлнө. Өнгөрсөн жил 2 сарын 14 өдөр хүүхдээ аваад явсан. Ээж нь бухимдалтай байсан болохоор л хүүхдээ аваад явсан гэж ойлгоод эмээж байгаад 1 сарын дараа очсон. Очих тоолонд хүүхдийн маань эмээ хатуу үг хэлж эмээлгэдэг байсан. Мөн ойр ойрхон очоод хүүхэд битгий дасгачихаарай гэсэн учраас жаахан хол зайтай очсон. 2019 оны 7 сард төрсөн ах маань харавсан учир асрах шаардлага гараад хотоор их явсан. 2020 он гарснаар хойш ханиад томуу ихтэй байсан. Би өөрөө ханиадтай байсан учир хүүхэдтэйгээ биечлэн уулзахгүйгээр утсаар ярьж байсан. Хүүхэдтэйгээ уулзах нь миний эрх юм байна гэдгийг ойлгосон учраас цаашдаа хүүхэдтэйгээ уулзахыг хүсэж байна. Эхнэр маань хүүхдээ авч гадаадад амьдарна гэж ярьдаг байсан учир хүүхдийн овог солиход нь татгалзахгүй хурдан шийдэж өгсөн.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.П хариуцагч В.Бд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Мад тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч  Б.П, хариуцагч В.Б нар 2015 оноос иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин П.М төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Зохигчид 2019 оны 02 дугаар сараас хамтын амьдралыг үргэлжүүлэх боломжгүй гэж үзэн тусдаа амьдарч байгаа, хариуцагч В.Б охин П.Мын эцэг мөн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй байна.

2017 оны 08 дугаар сарын 08 -ны өдөр төрсөн охин П.Мын иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд талууд эцэг В.Бгаар овоглон бүртгүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэснээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон болох нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсний бүртгэлд хөтөлснөөр тогтоогдож байна. /хэргийн 7 дугаар хуудас /

Харин энэ бүртгэлд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт оруулж эх Баадгайн Пагамдуламаар овоглон бүртгүүлсэн тул тэжээн тэтгэх эрх, үүрэг ноогдуулах эсэхийг шийдвэрлэхэд хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох, асрамж шийдвэрлэх үндэслэлтэй болно. / хэргийн 6 дугаар хуудас  /

Иймд нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Мын  төрсөн эцэг В.Б болохыг тогтоох нь зүйтэй байна.

Зохигчдийн тусдаа амьдрах хугацаанд охин П.М эх Б.Пын асрамжид өсөж байгаа, нэхэмжлэгчийн  хүүхдээ  өсгөх, тэжээн тэтгэх талаар харшлах болон үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, маргаагүй тул хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай байгааг харгалзан эх Б.Пын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж  хуульчилсан.

Иймд эцэг В.Б, эх Б.П нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй, охин П.Мын эцэг гэдэгт маргаагүй тул хариуцагч В.Бгаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.П  шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байна.

Шүүхээс охин П.Мын тэжээн тэтгэх эрх, үүргийн хуваариалах үүднээс эцэг  мөн эсэхийг тогтоож, хүүхдийн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн нь хариуцаж байгаагаас хамааран хүүхдийн тэтгэлэгийг зохигчийн хэнээс гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нөхөн төлүүлж төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Пын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай гэж тодорхойлогдох бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид /70.200 + 70.200 + 33.105/   төгрөг төлөхөөс тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 70.200 төгрөг төлсөн, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар гаргасан нэхэжлэлийн шаардлагад  төлөх тэмдэгтийн хураамж төлөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул дараахь байдлаар хуваарилан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул  хариуцагч В.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33,105 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах,  мөн 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Пд олгож, нэхэмжлэгч Б.Паас /хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагад/ 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч В.Б 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Мын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 08 дугаар  сарын 08-ны өдөр төрсөн охин П.Мыг эх Б.Пын асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин П.Мад 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэдтэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Бгаас тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.  
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банкны 100190000941 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын      14-ний өдөр тушаасан 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Паас 70.200 төгрөг, хариуцагч В.Бгаас 33,105 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд гаргуулан төрийн сангийн орлогод, хариуцагч В.Бгаас  70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пд  олгосугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ