| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0600/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/625 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/625
2023 06 20 2023/ШЦТ/625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Г.Ундрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Хохирогч: Б.Г,
Шүүгдэгч: М.Г, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1975 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Солонгос улс руу явах виз гаргаж өгнө” гэж иргэн Б.Гас визний мөнгө болох 12.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх арилжааны банкаар дамжуулан авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэв.
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед анх шүүгдэгчтэй уулзсан. Дүү У найзаараа дамжуулж холбож өгсөн. Анх уулзахдаа “виз гаргадаг. Өнөө маргаашгүй нэг орон тоо байна. Очоод барилгын ажил хийнэ” гэж хэлээд миний үнэмлэхийг авсан. ТБД андууд дээр байдаг нотариат дээр гэрээгээ хийсэн... маш их хугацаа өнгөрсөн учир би асуухад надад хуурамч урилга явуулсан. Тэгээд би маш их хүлээсэн. Хагас жилийн дараа мөнгө авах талаар хэлэхэд “Дорж мөнгө авсан” гэж хэлж байсан. “Та яагаад анх хэлж байсан зүйлээрээ байхгүй байгаа юм бэ” гэж хэлж байхад “би бас хохирсон хүн байна, чи хүлээж бай” гэж хэлж байсан. Миний дугаарыг блок хийгээд удаж байгаа. Фейсбүүкээр нь хайж үзэхэд Хан уул дүүрэгт байдаг байсан. Би шүүгдэгчтэй өнөөдрийн хувьд 4 удаа л уулзаж байна. Тэр цагаас хойш луйврын шинжтэй болсон. Энэ бол чадваргүй хүн биш. Өгөхийг хүсдэггүй хүн. Би шүүгдэгчээс гуйж үзсэн. “Байж бай, удахгүй бүтнэ” гэж хэлж байсан. Авахаараа авчихдаг, өгөх болохоороо өгдөггүй хүн байна. Хохиролд 1 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 11 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хохирогч Б.Гын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №0979 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Б.Гын “Хаан” банкны 5926087713 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж хохирол төлөхөө илэрхийлсэн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Гд “Солонгос улс руу явах виз гаргаж өгч, явуулж ажилд зуучилна” гэж худал хэлж, улмаар өөрийн “Хаан” банкны 0 дугаарын дансаар 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 6.000.000 төгрөгийг нийт 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт шилжүүлэн авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Б.Гын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,
2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №0979 дугаартай зээлийн гэрээ,
Хохирогч Б.Гын “...Тухайн Г гэх хүнтэй миний төрсөн дүү /У/ нь найзаараа дамжуулж 2023 оны 6 дугаар сарын үеэр холбогдож байсан. Би тэр хүнтэй холбогдоод 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ТБД андууд дээр Г гэх хүнтэй анх уулзаад ярилцахад намайг хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улс руу явуулна” гэж хэлсэн. Би Г гэх хүнээс ямар шалтгаанаар явуулж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Г гэх хүн нь “чиний өмнө нэг хүн явах ёстой байсан тэр хүн маань ар гэрийн асуудлаас болоод явахаа болиод оронд нь чамайг явуулж байгаа юм. Энэ явуулж байгаа асуудал нь хувь хүмүүсийн дунд харин улс хоорондын дундах биш” гэж хэлж байсан. Би “баталгаатай юм уу” гэж асуухад Г гэх хүн нь “яг баталгаатай маргааш юм уу нөгөөдөр гэхэд чамайг Солонгос улс руу явуулна” гэж хэлсэн. Бид 2 хамтдаа ТБД андуудын ард байрлах Stars төвийн 2 давхарт байрлах нотариатын газар ороод зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулчихаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Герман элчний хажууд явж байхдаа Г гэх хүний данс руу 12.000.000 төгрөгийг 2 хуваагаад явуулж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш Г гэх хүн рүү залгаад явуулах талаар асуух болгонд маргааш нөгөөдөр гэж хэлээд утсаа салгадаг байсан. Харин сүүлдээ дахиад залгаад асуух гэхээр утсаа авахаа болиод утсаа авахаараа ярихгүй миний яриаг сонсоод байгаад байдаг болсон. Мөн фейсбүүк хаяг руу нь чатаар бичихээр хариу бичихгүй, орой нь миний бичиж явуулсан чатыг харчихаад хариу өгдөггүй. Би Г гэх хүнтэй өмнө ямар нэгэн байдлаар хөдөлмөр болон зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Би Г гэх хүнээс “та өмнө Солонгос улс руу хүн явуулж байсан уу” гэж асуухад надад хандан Г гэх хүн нь би цөөн тооны хүмүүс явуулж байсан гэж хэлсэн. Би яг хэдэн хүн явуулж байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.Ггийн яллагдагчаар өгсөн “....Б гэх хүн надад “Солонгос руу хөдөлмөрийн гэрээ хийгээд 7 хоногийн дотор явуулчих хүн байна уу” гэж хэлсэн. Би өөрийн найз Ад хэлсэн. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Г гэх хүнтэй уулзаад Баянгол дүүрэгт байрлах ТБД андууд дээр уулзаад мөнгө авсан өгсөн гэж нотариатаар батлуулж би Гтай гэрээ хийж батлуулсан. 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Бийн 0 гэх данс руу 1.000.000 төгрөгийг Гын урьдчилгаа гэж шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г нь 0 гэх миний Хаан банкны данс руу 12.000.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Би мөнгийг нь орж ирснийг нь мэдээд Б гэх хүний 0 данс руу 2.500.000 төгрөгийг Г мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн. Анх Б гэх хүн нь надад хэлэхдээ 7 хоногийн дотор яаралтай явуулж байгаа болохоор 10.000.000 төгрөг гэж хэлсэн. Би өөрийн найз Аын төрсөн эгчийнх нь хүргэн Хасбаатар гэх залуу “Гд хэлэхдээ 12.000.000 төгрөг гэж хэлээрэй” гэж хэлсэн. Би Гд хэлэхдээ 12.000.000 төгрөг гэж хэлсэн. Гтай гэрээ хийгээд 12.000000 төгрөгийг аваад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хасбаатарын 5118410252 гэх данс руу би өөрийн данснаас 2.000.000 төгрөгийг ямар нэгэн гүйлгээний утга байхгүй шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 6.500.000 төгрөг надад үлдсэн. Надад үлдсэн 6.500.000 нь миний дансанд байж байгаад мөнгөний хэрэгтэй болоод үрэгдсэн. Би одоо ямар нэгэн байдлаар Гын хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг,
Б.Гын “Хаан” банкны 5926087713 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “...2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 18:44-д 0 дугаартай данс руу “Tolbor” гэсэн гүйлгээний утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 18:45-д 0 дугаартай данс руу “gantulga” гэсэн гүйлгээний утгатай 3.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 0 дугаартай данс руу “Gantulga” гэсэн гүйлгээний утгатай 6.000.000 төгрөгийн зарлага тус тус хийжээ” гэсэн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар М.Г нь хохирогч Б.Гд “Солонгос улс руу явах виз гаргаж өгч, ажилд зуучилж хөдөлмөрийн гэрээгээр явуулна” хэмээн худал хэлж, төөрөгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хуурч хохирогчоос 12.000.000 төгрөгийг нь авсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “Солонгос улс руу явж, ажил хийх” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Гг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчээс “...Б гэх хүн надад “Солонгос руу хөдөлмөрийн гэрээ хийгээд 7 хоногийн дотор явуулчих хүн байна уу” гэж хэлсэн. Би хохирогчоос авсан мөнгийг Бид өгсөн...” гэж мэдүүлэх бөгөөд түүний мэдүүлэгт дурьдагдсан Б гэгч ямар этгээд болох нь тодорхойгүй хүнд тэрээр мөнгө өгснийг төөрөгдсөн гэж үзэхгүйгээс гадна уг хэрэг нь шүүгдэгч М.Ггээс хохирогч Б.Гд итгэл үнэмшил төрүүлүүлэн түүний мөнгөн хөрөнгийг гэмт үйлдлийн улмаас авч хохирол учруулжээ.
Шүүгдэгч М.Г нь мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг залилах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Гас “...Хохиролд 1.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 11.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба шүүгдэгч М.Г 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдож байх шүүгдэгч М.Ггээс 11.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Гд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч М.Гг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч М.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Г нь дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиаараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүх шүүгдэгч М.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол 20/1 байр 11 тоотод оршин суух байнгын хаягтай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Улсын яллагчаас “....шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж, хохирогчоос “...хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгуулий ял, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Гг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгчид торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн биелэгдэхгүй гэж шүүх үзсэн болохыг дурьдлаа.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ггээс 11.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН