Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

Улсын яллагч Ч.Отгонбаатар

Хохирогч О.Лхагвасүрэн

Шүүгдэгч Г.Уламбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Уламбаярт холбогдох эрүүгийн 2322000000119 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум 6 дугаар баг Эрчим 1-9 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Амгаа овогт Ганхуягийн Уламбаяр, Регистрийн дугаар: ЗИ89061917

 

Шүүгдэгч Г.Уламбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн байрны урд жалганд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Лхагвасүрэнг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “Баруун зүүн нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун шууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух баруун шууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Амгаа овогт Ганхуягийн Уламбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Сүрьеэгийн байрны урд жалганд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Лхавгасүрэнг бусадтай хардан зодож баруун зүүн, нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Уламбаярт зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч О.Лхавгасүрэнгийн “2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11-ээс 12 цагийн орчимд манай нөхөр бид 2 гэрт байж байхад хамаатны ах болох Баатар нэг найзтайгаа ирсэн. Тэр 2-ыг ирэхэд Уламбаяр дэлгүүрээс нэг том, нэг жижиг шилтэй “Хараа” архи авсан. Ингээд тэр архийг Уламбаяр Баатар ах болон түүний найз хувааж уусан. Тэр архинаас би 2-3 удаа татсан. Тэгээд Уламбаяр архиа дуусаагүй байхад тасраад унтаад өгсөн юм. Ингээд 13 цаг болж байхад хүүхэд сургуульд хүргэж өгөх цаг болоод гараад ирсэн чинь хамт бой хийдэг Төмөрбаатар ах ирсэн юм. Тэгээд би Төмөрбаатар ахыг дөхүүлээд өгчих гэж гуйгаад би хүүхэдтэйгээ машинд нь суугаад сургуульд нь хүргүүлсэн. Тэгээд хүүхдээ хүргэж өгөөд Төмөрбаатар нэг шил архи авчихсан байсан бөгөөд намайг дагуулаад гэрийн зүүн жалга руу ороод зогссон. Ингээд Төмөрбаатар ахын авсан архинаас бол би уугаагүй. Төмөрбаатар ах бид 2 жалганд Төмөрбаатар ахын цагаан өнгийн “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад Уламбаяр өөрийнхөө машинтай жалга руу ороод ирсэн. Уг нь машины дугуй хагархай байсан учраас Уламбаярыг машин унаад явчихна гэж бодоогүй. Тэгтэл хагархай дугуйтай машинаа унаад Төмөрбаатар ах бид хоёрын байж байсан жалганд хүрээд ирсэн. Ингээд Уламбаяр хүрч ирээд намайг хардаад гар мөр рүү хэд хэдэн удаа өшиглөж зодсон. Тэгээд би газраа унахдаа юм мөргөчихсөн. Тэгтэл Төмөрбаатар цагдаа дуудчихаад зугтаагаад яваад өгсөн. Ингээд удалгүй цагдаа хүрч ирсэн. Уламбаяр бид хоёр хамт амьдраад 15 жил болж байна. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаатай дундаасаа 5-13 насны 4 хүүхэдтэй. Уламбаяр намайг урьд өмнө нь цохиж зодож байгаагүй. Би Төмөрбаатартай юу ч хийгээгүй. Дух бага зэрэг халцарсан байсан, газар унахдаа гараа халцалсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Төмөрбаатарын “Би одоогоос 2 жилийн өмнө Уламбаяр Лхагвасүрэн хоёртой бой хийдэг гэхээр нь бойнд дагуулж явдаг байсан ингэж таньдаг болсон. Хааяа гэр орноор нь орж гардаг юм. 2023 оны 05 сарын 24-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед Төмөрөөгийн колонк орчимд явж байхад Лхавгасүрэн нэлээн халамцуу хүүхдээ дагуулчихсан явж байсан. Тэгээд Лхагвасүрэн “Хүүхэд сургуульд хүргэж өгөх гэж байна, хүүхэд мөнгө нэхээд байна танд мөнгө байна уу” гэхээр нь хүүхдэд нь 3000 төгрөг авч өгөөд тэр хоёрыг Мандал сургууль руу хүргэж өгсөн. Тэгээд хүүхэд нь сургуульдаа буугаад Лхагвасүрэн аав ээжийнд хүргээд өг гээд аав ээжийнх нь гэр рүү очиход цоожтой байсан. Тэгээд тэдний гэр рүү овоо даваад явж байтал Лхагвасүрэн намайг зогс гэхээр нь зогстол “Улмаа чамайг надтай хардаад байгаа” гээд яриад байж байтал Уламбаяр машинтайгаа согтуу хүрч ирээд Лхагвасүрэнг зодож машинаас буулгаж байгаад элэг бөөргүй өшиглөөд, хувцас хунарыг нь татаж зулгаагаад ураад байхаар нь би цагдаад дуудлага өгчихөөд явсан. Тэгтэл маргааш нь Лхагвасүрэнгийн ээж нь утсаар яриад “Архи дарс уруу татаж уулгалаа” гэж ярьж байсан. Миний хувьд Уламбаяр Лхагвасүрэн нарыг уруу татсан архи уулгадаг асуудал огт байхгүй. Тэр 2 өөрсдөө л байнга архи уудаг. Би Лхагвасүрэнтэй бэлгийн харилцаа байхгүй, би Лхагвасүрэнтэй унтаж хэвтсэн асуудал байхгүй. Шинжилгээ өгсөн ч бэлэн би хөгшин настай хүн би хүүхэн эргүүлж явдаггүй энэ хавийн хүмүүс мэднэ. Би Лхагвасүрэнтэй тухайн үед нийлж архи дарс уугаагүй. Өөрсдөө хааяа нэг дууддаг юм. Тэр үед нь Уламбаяр, Лхагвасүрэн нар архи уудаг би хааяа нэг л татдаг. Өмнө нь миний нүдэн дээр зодож цохисон асуудал байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/

Шүүгдэгч Г.Уламбаярын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай “О.Лхавгасүрэнгийн биед баруун зүүн, нүдний дээд зовхи, нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 22-23-р хуудас/ нотлогдсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн биед халдан зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Г.Уламбаяр нь хохирогч О.Лхавгасүрэнгийн нүүр болон биеийн бүх хэсэгт халдан цохисон, өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Уламбаяр нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Г.Уламбаяр нь хохирогч О.Лхавгасүрэнгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Уламбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирогч О.Лхавгасүрэн нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Г.Уламбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

            Шүүгдэгч Г.Уламбаярт үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

            Хувийн байдлын хувьд тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй, түүнчлэн сонсголын бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож халамжийн тэтгэвэр авагч этгээд байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй байна.

            Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Амгаа овогтой Ганхуягийн Уламбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Амгаа овогтой Ганхуягийн Уламбаярыг 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Уламбаярт зорчих эрхийг хязгаарласан 01 сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уламбаяр нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.

           5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТӨРБОЛД