| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0601/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/624 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/624
2023 06 20 2023/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: Б.Оргилболд,
Шүүгдэгч: О.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эхнэр,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.У нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ус дулаан дамжуулах төв дотор хохирогч Н.Отай ажлын хариуцлага алдсан асуудлаас болж маргалдах явцдаа, түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, завжинд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас О.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч Н.Оын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Н.Үын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №3391 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.У нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ус дулаан дамжуулах төв дотор хохирогч Н.Отай ажлын хариуцлага алдсан асуудлаас болж маргалдах явцдаа, түүнийг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, завжинд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Н.Оын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,
Хохирогч Н.Оын “....2023 оны 3 дугаар сарын 06-ны өглөө 08 цагаас 09 цаг 10 минутын хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 274 дүгээр байрны дэргэдэх “Ус дулаан дамжуулах төв” дээр ээлж солилцох үеэр өглөөний рапортоор хоногийн нөхцөл байдлын мэдээг би станцаар дамжуулж өгөх ёстой байсан. Гэвч би энэ үеэр ядраад нойрмоглоод унтсан байсан. Унтсан байсан болохоор өглөөний рапортоор хоногийн нөхцөл байдлын мэдээг би станцаар дамжуулж өгч чадаагүй. Тэгээд 08 цаг 40 минутын үед ажлын өрөөнд инженер албан тушаалтай У гэх хүн орж ирээд өглөөний рапортоор хоногийн нөхцөл байдлын мэдээг станцаар дамжуулсангүй гэх шалтгаанаар маргалдсан. Бид хоёр заамдалцаж авсан ба У нь миний нүүр рүү баруун гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Дараа нь У нь “тэр чигээрээ зайлаарай” гэж хэлээд ажлын өрөөнөөс гараад явсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Үын “...Тухайн өдрийн өглөө 08 цаг 40 минутын орчим ажил ортол засварчин О, инженер У хоорондоо маргалдаад зогсож байсан. О ах ширээн дээр суусан юм бичээд У ах “би наана чинь сууж ажлаа бичмээр байна, чи ажлаа хийсэн байх ёстой” гээд маргалдаж байгаад О ах У ахыг ор руу түлхэж суулгахад У ах босож ирээд О ахын толгой хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиж аваад хоёулаа заамдалцаад авсан. Нэгнийгээ заамдаад зогсож байх үед У ах ахиад О ахыг нэг цохиод Намхайдорж ах бид хоёр тэр хоёрыг салгаад О ах өрөөнөөс гарч явсан. Удалгүй хэсэг хугацааны дараа О ах буцаж орж ирээд У ахтай маргалдаад У ах Оыг ахиад нүүр хэсэгт нэг даа цохисон. У ах гараараа нийт 3 удаа толгой хэсэгт О ахыг цохисон асуудал болсон. Ингээд О ах надад ээлжээ хүлээлгэн өгөөд ажлаасаа буугаад явсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №3391 дүгнэлт “...1. Н.Оын биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, уруул, завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтлүүд байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч О.Уын “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ус дамжуулах төвд Н.Отай хамт ажиллаж, би түүнийг хариуцан удирдаж О манайд засварчнаар ажилладаг. Н.О нь 24 цаг ажиллаад 2023 оны 3 дугаар сарын 06-ны өглөө буухдаа хариуцсан байрны нөхцөл байдлыг мэдээг авч ажлаа надад танилцуулах ёстой байсан боловч танилцуулаагүй. Манай захирал Гантүшиг “Н.О нь ажлаа гүйцэд хийхгүй байна, чи энэ хүндээ шаардлага тавьж арга хэмжээ аваач, ажлыг нь бүрэн хийлгээч” гэж утсаар холбогдсон. Би ажил дээрээ 2023 оны 3 дугаар сарын 06-ны өглөө 09 цагт ирээд Н.От “чи яагаад мэдээгээ аваагүй юм бэ, авсан бол одоо оруулчихаа” гэж хэлсэн. Н.О миний өмнөөс “мэдээ авахгүй байж болдог юм, давраад байгаарай” гэхээр нь “чи мэдээг авах ёстой айлууд ус алдаад янз бүрийн асуудал гарвал хэн эрсдэлийг хүлээх юм бэ” гэсэн шаардлагыг би тавьсан. Бид 2 ажлын амралтын жижиг өрөөнд байж байгаад би Н.Оыг сууж байсан “сандлаа өгчих” гэсэн “өгөхгүй, намайг ор руу түлхэж унагаад миний хоолойг боож, гараа зангидаж далайсан” тэр үед хажууд байсан засварчин Намхайдорж, Ү нар салгасан. Би босож ирээд Н.Оын шанаа руу нь гараараа 1 удаа цохисон, хэсэг маргалдаж байгаад дахиад шанаа руу нь гараараа 2 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.У нь ажлын хариуцлага алдсан асуудлаас болж маргалдаж улмаар түүний биед халдсан болохыг хохирогчоос тодорхой мэдүүлж, шүүгдэгчээс хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч О.У нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Н.Оын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Уаас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Оаас “....гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 38/ тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч О.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч О.Ут “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч О.У танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН