Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1180

 

 

 

2023         09          11                                        2023/ШЦТ/1180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Э.Э,

Шүүгдэгч Н.Д түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох 2306 00000 1644 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар эмнэлгийн орчим явж байсан насанд хүрээгүй хохирогч А.Э халаасанд байсан 975.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 11 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хажууд байрлах Арслантай гүүрний шатаар явж байхдаа хохирогч Г.Оын куртикний халааснаас түүний эзэмшлийн Айфоне 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 935.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И март худалдааны төвөөр үйлчлүүлэгч насанд хүрээгүй иргэн Б.Мын Айфоне 11 про загварын гар утсыг халааснаас нь нууцаар хууль бусаар, нууцаар хулгайлан авч 1.175.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирог учруулсан,

2023 оны 05 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дугаар хороо Ардчиллын ордны хойд талын явган хүний замаар явж байсан хохирогч Э.Эгийн эзэмшлийн айфоне 11 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 960.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр хороолол “W...” биллиардын газрын ширээн дээр тавьсан байсан хохирогч М.Бийн эзэмшлийн айфоне экс эс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 625.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 86 дугаар гудамжинд байрлах Цэнхэр дэлгүүрийн орчим явж байсан М.Сгийн үүрч явсан цүнхнээс самсунг ноте-9, самсунг ноте-10 маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч М.Сд 350.000 төгрөгийн, А.Зт 675.000 төгрөгийн хохирол учруулан,

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн орчим насанд хүрээгүй хохирогч П.Эы Айфоне 12 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.050.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 7.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед 18 настай байсан. Би ....-д ажилладаг байсан. Ажлаа тараад найзтайгаа хамт гэрүүгээ харих замдаа утсаа алдсан. Би оюутан сургалтын төлбөрөө цуглуулж байсан. Би автобусны картаа утасны ар талаасаа авах гэж байхдаа утсаа алдсанаа мэдээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 02/, Эд зүйл хэлээн авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 04-05/, насанд хүрээгүй хохирогч А.Эий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Бөхийн өргөөний замын хойд талын явган хүний зам дээр явж байхдаа халааснаасаа өөрийн эзэмшлийн Айфоне 11 маркийн гар утсаа алдсан. Миний утсыг 2022 онд 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 10/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн НЦУГ-23-51 дугаартай: “Айфоне -11 про маркийн гар утас 960.000 төгрөг, гар утасны сем карт 3.000 төгрөг, гар утасны хамгаалалт 12.000 төгрөг нийт 975.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 16-18/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 30-31/, шүүгдэгч Н.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сайд нарын 2 дугаар эмнэлгийн орчимд 14-16 орчим насны эмэгтэй хүүхдийн халааснаас Айфоне-11 загварын гар утсыг хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36/, Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 39-40/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 41/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 42/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 43-44/, насанд хүрээгүй хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний гар утас 5 давхарт байсан бөгөөд гар утастайгаа лифтэнд суугаад 2 дугаар давхарт буугаад гар утсандаа халааснаасаа карт гаргаж хийгээд буцаагаад гадуур хувцасны баруун талын халаасанд хийсэн юм. Тэгээд хүнсний хэсэг рүү 1 дүгээр давхар руу буугаад өөрийн гар утсаа үзэхэд миний халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 48/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн БЗД2-23-1055 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.175.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 50-51/, гэрч М.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хяналтын камерын бичлэгийг шалгатал хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, баруун хөл нь хзвагнаж алхдаг үл таних 20-30 орчим насны эрэгтэй дүүгийн маань гадуур хувцасны баруун талын халаасанд байсан Ай фоне 11 про загварын гар утсыг хулгайлж байгаа нь хяналтын дүрс бичлэгт харагдаж байсан.” /1хх-ийн 55/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 66-67/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 109/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 111/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 112-114/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 114-116/, хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад Тусгаар тогтнолын ордон чиглэлтэй явсан. Замдаа дуу сонсоод, гар утсаа куртикнийхээ баруун талын халаасанд хийгээд скүүтэртэй явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Санхүү эдийн засгийн баруун талд байх Арслантай гүүрээр шатаар дээшээ өгсөөд багшийн дээд чиглэлтэй явж байхад миний сонсож байсаи дуу явахаа больсон бөгөөд энэ үед гар утсаа үзэх гээд баруун талын куртикнийхээ халаасыг үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Би тэр үед гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Тухайн үед би Санхүү эдийн засгийн их сургуулийн баруун урд талын шатаар Сэлбийн гүүр чиглэлтэй алхаж байх үед миний ар талд 165 см орчим өндөртэй, баруун хөл нь хазганаж алхдаг, хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй сэжигтэй байдлаар хойноос алхаад л яваад байсан. Тэр залуутай бас хамт өөр нэгэн залуу явж байсан бөгөөд тэр залууг сайн харж чадаагүй. Би Санхүү эдийн засгийн их сургуулийн шатаар гараад дөнгөж алхаж байтал холбоостой байсан чихэвчний холболт салсан бөгөөд гайхаад эргээд хартал 165 см орчим өндөртэй, баруун хөл нь хазганаж алхдаг, хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй буцаад алхаж байсан. Тэр үед би өөрийн гар утсаа алдсан гэдгээ мэдсэн ч 2 эрэгтэй хүн явж байхаар нь айсандаа асууж чадаагүй. Дараа нь ойролцоох аж ахуй нэгж байгууллагын хяналтын камерыг харж үзтэл шатаар скүүтэрээ өргөөд алхаж байх үед баруун талын халааснаасаа нөгөө сэжиг бүхий залуу гар утсыг маань авч байгаа дүрс бичлэг харагдаж байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-23-977 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 935.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-124/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 132-134/, шүүгдэгч Н.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний явган хүний шатны орчимд явж байсан эмэгтэй хүний халааснаас Айфоне-11 загварын гар утсыг хулгайлсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 142/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 158/, Эд зүйл хэлээн авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх-ийн 165-166/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 167/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 168-170/, насанд хүрээгүй хохирогч П.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчим Зайсан стар худалдааны төвөөс гараад гэртээ харих гэж байгаад Оргил худалдааны төв рүү зам гарч байх үедээ баруун талын халаасанд байсан Айфоне 12 про макс маркийн гар утсаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-177/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн НЦУГ-23-83 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.050.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 181-182/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 212-213/, шүүгдэгч Н.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...өөрийн хийсэн хулгайн гэмт хэргийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гар утсыг буцаан өгч барагдуулсан байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 217-218/, Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 226/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 228/, хохирогч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 50 минутад хүүхдийн хичээл тараад Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулиас би хүү Лн хамт очиж охин Я найз Сн хамтаар авч дөрвүүлээ замын цаана байх цайны газраас 4 ширхэг пирожки, 2 ундаа авч идчихээд тэндээс гарахдаа 2 ширхэг гар утсыг Содтуяагийн үүрч явсан цүнхэнд хийгээд тэндээс гарсан. Тэгээд зам дагаж гэртээ алхаад очсон. Манай гэрт ирчхээд С цүнхэнд байсан гар утас байхгүй байна гээд бид нар явсан замаар эргэж яваад байсан. Тэгээд хорооны цагдаатай уулзан гар утсаа алдсан талаараа хэлж хяналтын камер шүүж үзэхэд, бид хэдийг зам дагаад явж байхад араас 3 эрэгтэй 1 нь хөл муутай хүмүүс дагаж яваа бичлэг байсан.Миний алдсан утас самсунг ноте-10 маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 234-235/, насанд хүрээгүй хохирогч М.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 35 минутад хичээл тарсан чинь найз охин Я ээж З ирж бид хоёрыг сургуулиас авсан. Тэгээд замын нөгөө талд байх цайны газар орж 4 ширхэг пирожки, 2 шил ундаа авч тэндээ идчихээд цайны газраас гарсан. Цайны газраас гарахдаа ширэн дээр байсан 2 ширхэг гар утсыг өөрийн үүрч явсан цагаан торон цүнхэнд хийгээд авч гарсан. Тэгээд бид нар зам руу эргэж гараад хойшоо өгсөөд алхаж Ялгууны гэрт очсон, очоод гар утсаа гаргаж ирэх гээд цүнхээ ухаж үзэхэд гар утас байхгүй байсан. Тэгээд бид нар гарч явсан газраа явж хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний алдсан утас нь самсунг ноте-9 маркийн хар өнгөтэй гар утас байсан, дэлгэцийн гол хэсэгт хагарсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 241-242/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 247/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 248-250/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 284 дугаартай: “хохирлын дүн 675.000 төгрөгөөр тогтоогдож байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 01-02/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 284 дугаартай: “хохирлын дүн 350.000 төгрөгөөр тогтоогдож байна.” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 06-07/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 12/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 15-16/, Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 30-31/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 33/, хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би 16 цагийн орчимд ".....” Олимп салбараас ажлаасаа гараад “Мөнгөн завъяа”-н автобусны буудал руу найзтайгаа хамт алхаж байсан ба талбайн урд талын Ардчилсан намын байрны хойд талын гэрлэн дохио дээр ирээд автобусны картаа халааснаа хайсан ба тэр үед зүүн талынхаа халаасанд rap утсаа хийсэн. Тэгээд хойшоо зам гараад халаасаа үзэхэд гар утас маань алга болсон байсан. Утас байхгүй байхаар нь хаясан юм болов уу гэж бодоод ирсэн замаараа алхаж үзэхэд олдоогүй. Мөн утас руугаа залгаж үзэхэд эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдохоо больсон. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. .. 2023 оны 03 дугаар сард Тэди төвөөс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан айфоне 11 маркийн ягаан өнгийн гар утас.” гэх мэдүүлэг /2хх-ийн 36-37/, Дамно хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн СБ1-23-1153 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 40-41/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 63/, хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр хороолол “.....” билльярдын газарт ажпаа хийж байхдаа өөрийн эзэмшлийн айфоне экс эс маркийн гар утсаа хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 67-68/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 72-73/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 75/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 77-78/, шүүгдэгч Н.Дий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах биллъяард тоглоомын газраас ширээн дээр байсан Айфоне икс Эс маркийн гар утсыг хулгайлсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 84-85/, яллагдагчаар цагдан хорьсон турай шүүгчийн захирамж /2хх-ийн 95-102, 105-108/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2хх-ийн 121-122/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /2хх-ийн 126-129/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-ийн 70-82/, урьд ял шийтгэл эдэлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 85-97/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-101-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 болон 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 болон 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Н.Д нь 2023 оны дөрвөөс тавдугаар сарын хугацаанд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрүүдэд нэр бүхий долоон хохирогчдын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар үргэлжилсэн үйлдэлтэйгээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Н.Дийг үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлийг хууль бусаар нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлж бусдын өмчид нийтдээ 7,395,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэл хохирогчийн хувьд бол Э.Э хохирогчийн гар утасны хохирол буюу 960,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй тул энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Бусад хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан тул бусад хохирогч нарт төлөх нөхөн төлбөргүйд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Д болон түүний өмгөөлөгч Н.Ганбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Н.Дий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүгдэгч Н.Д нь 7 удаагийн давтамжтай 8 хохирочийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул энэ хэсгийг журамлах нь зүйтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Дийг үргэлжилсэн үйлдлээр нэр бүхийн найман хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.Д нь хохирогч А.Э 975,000 төгрөг, Г.Од 935,000 төгрөг, М.Бт 625,000 төгрөг, А.Зт 675,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Мд 1,175,000 төгрөг, П.Эд 2,050,000 төгрөгний хохирол тус тус учруулсан бөгөөд хохирлоо бүрэн төлсөн байна.

 

Харин Э.Эд 960,000 төгрөг, М.Сд 350,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуульд заасан ажлын 5 өдрийн хугацаа олгосон, энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй болсныг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Н.Дд холбогдох эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирол төлбөрийг нөхөн төлсөн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж улсын яллагчийн хувьд үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхийн эсрэг 7,395,000 төгрөгийн хохирол учирсан одоогоор нэхэмжлэл байхгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг CD-ыг хэрэгт хэвээр хадгалах саналтай байна. Шүүгдэгч нь нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан. Мөн урьд гурван удаагийн ял шийтгэлтэй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй боловч яллагдагчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах ялын саналтай байна. Энэ ял дээр өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 118 хоногийг нэмж нэгтгэх ялын саналтай байна. 2023 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 109 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гн “Үйлдсэн гэмт хэргээ гэмшиж ойлгож байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ  илэрхийлж байгаа. Хохирлыг бүрэн төлсөн. Хохирогч нар ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй учир Дд оногдох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан байгаа. Дн нь Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 21-40 тоотод ам бүл дөрвүүлээ 8 настай, 10 настай хоёр хүүхдийн хамт гэр бүлээрээ амьдардаг. Одоо бол орох ёстой хагалгаандаа одоо хүртэл орж чадаагүй  бие нь зовуурьтай байгаа. Эмнэлгийн тодорхойлолт одоо хүртэл авч чадаагүй явж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад энэ хугацаандаа хагалгаандаа орж дахин гэмт хэрэг үйлдэхгүй хүн шиг амьдарч чадна гэсэн тиймээс эрхэм шүүгч минь итгэл хүлээлгэж өгнө үү.” гэх санал тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Дд санууллаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр 23-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сар 10 хоногоор тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон 104 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овгийн Н.Дг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Дд Чингэлтэй нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Дд сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр 23-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сар 10 хоногоор тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дий цагдан хорьсон нийт 104 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.СОЛОНГОО