Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2020/00463

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00328/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Г-ын У /РД:..., утас.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Л-ийн Т /РД:..., утас:.../ -т холбогдох

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Л.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие 2012 онд Л.Т-тай танилцаж, гэр бүлийн хүрээнд харьцаатай байсан. Бидний дундаас 2017.07.31-нд охин Т.М төрсөн, Л.Т-ын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан.

Тэрээр нэг ой хүрснээс хойш биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо охин маань 2 нас 7 сартай. Би өөрийн гэсэн тогтсон ажилгүй, хүүхдийн 20,000 төгрөгнөөс өөр орлогогүй, ээжээрээ тэжээлгэн амьдарч байна.

Тийм учраас 2017.07.31-нд төрсөн охин Т.М-гийн төрсөн эцэг нь Л.Т мөн болохыг тогтоолгож Л.Т-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.       

Хариуцагч Л.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Миний бие Л-гийн Т нь 2012 оноос хойш хамтран амьдарсан. Энэ хугацаанд 2017.07.31-нд М гэдэг охинтой болсон. М нь миний охин мөн учраас эцэг тогтоох шаардлагагүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна охин М-д.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Л.Т-т холбогдуулан 2017 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-гийн эцэг мөн болохыг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.У, хариуцагч Л.Т нар нь 2012 оноос иргэний гэр бүлийн байдлын гэрлэсэний бүртгэлд бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан байна.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр охин Т.М төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.У, Л.Т нь охиноо нэг ой хүрснээс хойш биднийг эргэж тойрох нь эрс багассан гэжээ. Хариуцагч Л.Т охин Т.Мгийн эцэг мөн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй байна.

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-гийн иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд талууд эцэг Л.Таар овоглон бүртгүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно” гэснээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон болох нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсний бүртгэлд хөтөлснөөр тогтоогдож байна. /хэргийн 9 дүгээр хуудас /

Иймд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-гийн төрсөн эцэг Л.Т болохыг захиргааны журмаар тогтоосон тул шүүхийн журмаар эцэг тогтоох үндэслэлгүй.

Зохигчдийн тусдаа амьдрах хугацаанд охин Т.М-г эх Г.У-ын асрамжид өсөж байгаа, нэхэмжлэгчийн  хүүхдээ  өсгөх, тэжээн тэтгэх талаар харшлах болон үгүйсгэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, маргаагүй тул хүүхдийн нас, эрүүл чийрэг өсгөн бойжуулахад эхийн оролцоо илүү шаардлагатай байгааг харгалзан эх Г.У-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж  хуульчилсан.

Иймд эцэг Л.Т, эх Г.У нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс эцэг, эх тусдаа амьдрах болсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэлгүй, охин Т.М-гийн эцэг гэдэгт маргаагүй тул хариуцагч Л.Т-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах зэрэгт эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа үед ч тэдгээрийн үүрэг хэвээр үргэлжлэх учиртай, хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэг”- тэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Г.У шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна.

Шүүхээс охин Т.М-гийн тэжээн тэтгэх эрх, үүргийн хуваарилах үүднээс эцэг  мөн эсэхийг тогтоож, хүүхдийн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийг хэн нь хариуцаж байгаагаас хамааран хүүхдийн тэтгэлэгийг зохигчийн хэнээс гаргуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нөхөн төлүүлж төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Хуульд зааснаар нэхэмжлэгч Г.У-ын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай гэж тодорхойлогдох бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид /70.200 + 70.200 + 33.105/   төгрөг төлөхөөс тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 70.200 төгрөг төлсөн, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад  төлөх тэмдэгтийн хураамж төлөөгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул дараахь байдлаар хуваарилан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул  хариуцагч Л.Т-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 33,105 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах,  нэхэмжлэгч Г.У-аас  хүүхдийн  асрамж  тогтоолгох шаардлагад  төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн орлогод  хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-г эх Г.У-ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Т.М-д 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Таас тэтгэлэг сар болгон гаргуулан олгосугай.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Төрийн банкны 100190000941 тоот дансанд 2020 оны 02 дугаар сарын      20-ны өдөр тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-аас 33,105 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд гаргуулан төрийн сангийн орлогод, олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ