Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1155

 

 

 

 

 

 

 

 

 

                           “МБИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МБИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК болон Б.Б нарт  холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 025 669 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Оюунгэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Нарандаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2015/04 тоот гэрээний дагуу “Б” ХХК нь “Монгол битум индустриал” ХХК-иас 102,66 тонн битумыг 1 298 822 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 133 337 113 төгрөгийн худалдан авалт хийгдэн төлөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс 120 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээний 2.2-т заасны дагуу тогтоосон хугацаанд битум худалдан авалтын төлбөр төлөлт бүрэн хийгдээгүй тул битум худалдан авсан төлбөрийн үлдэгдэл тооцоо болох 13 337 113 төгрөг, алданги 6 688 556 төгрөг нийт 20 025 669 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК нь нэхэмжлэгч компаниас битум худалдан авахаар 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2015/04 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээнд заасан тоо хэмжээгээр битумыг аваагүй, манай компани бүтээгдэхүүн хүлээн аваад тухай бүр тооцоо хийгдэж ирсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнд холбогдох битумыг захирал Б.Б өөр зориулалтаар зарцуулсан. Энэ үнийн дүнг Б.Б маргахгүй байгаа. Үндсэн төлбөр дээр алданги 1 000 000 төгрөг нэмээд 16 000 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрнө. Гэхдээ хариуцагч Б.Бд үүрэг ногдуулан ”Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Б шүүхэд тайлбар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан үр дагавар үүсээд байгааг анхаарна уу. Мөн шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ”Б” ХХК-иас 15 417 685 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”МБИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 607 984 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Бд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Б” ХХК-иас 235 038 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 136 011 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ”МБИ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нэхэмжлэгч “МБИ” ХХК-иас 2015 оны 8 сарын 21-ний өдөр битум худалдан авахаар 2015/04 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Худалдагчаас Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу гэрээгээр заасан тоо, хэмжээнээс дутуу доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн. Тодруулбал 2015 оны 9 сарын 04-ний өдрийн нийлүүлэлт худалдагчийн зарлагын мэдээнд 27,06 тн гэж тэмдэглэгдсэн боловч бодитоор 26,32 тн битумыг нийлүүлсэн байдаг. Тус нийлүүлэлтийн зөрүү 740 кг битумын үнэ 960 577 төгрөг бөгөөд үүнд ногдох алданги 149 850 төгрөг, нийт 1 110 427 төгрөгийг үндэслэлгүйгээр манай компаниас гаргуулж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасны дагуу дутуу нийлүүлсэн битумын үнийг буруулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “МБ” ХХК нь хариуцагч “Б” ХХК болон Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 025 669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 8 сарын 21-ний өдөр битум худалдах, худалдан авах  гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “МБ” ХХК нь захиалгын дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч “Б” ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний  төлбөрийг тухай бүрд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Худалдагчаас нийт 4 удаагийн  хүргэлтээр 133 337 113 төгрөгийн битум нийлүүлснээс худалдан авагч 120 000 000 төгрөгийг төлж, 13 337 113 төгрөгийн  үлдэгдэлтэй болох нь талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хх-ийн 46 дугаар тал/

 

            Хариуцагч нь битум дутуу нийлүүлсэн гэж маргаж төлбөрийн үлдэгдэл 13 337 113 төгрөгийг төлөхгүй гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-иас гэрээний үндсэн төлбөр 13 337 113 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “МБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Харин талууд 2017 оны 3 сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн байгаа нь үүнээс өмнөх хугацаанд буюу гэрээ байгуулснаас хойших төлөөгүй үүрэг буюу алданги шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан өдрөөс хойш алдангийг тооцож гаргуулсан нь буруу байна. Гэвч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.                 

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00881 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ