| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2025/0600/З |
| Дугаар | 221/МА2025/0804 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0804
“ИНҮТ” ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Золжаргал
Нэхэмжлэгч: “ИНҮТ” ТӨХХК
Хариуцагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нар
Гуравдагч этгээд: Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/00-02/004-02 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 659 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, хариуцагч М.У, гуравдагч этгээд Р.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0600/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ИНҮТ” ТӨХХК нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарт холбогдуулан “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/00-02/004-02 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 659 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, 10.12 дугаар зүйлийн 10.12.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 109 дүгээр зүйлийн 109.8, 162 Дугаар зүйлийн 162.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “нийгмийн даатгалын улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нь чиг үүрэгтэй үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараах хариуцлага хүлээлгэнэ, 44.1.3-д тооцооны алдаа гаргаснаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойш хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна. Гэтэл манай энэ асуудал бол тооцооны алдаа гарснаас үүдсэн асуудал биш байх тул шимтгэл ноогдуулсан дээрх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 109 дүгээр зүйлийн 109.8-д ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно, 154 дүгээр зүйлд хамтын гэрээ, салбар, салбар дундын болон гээд заачихсан байгаад байгаа. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно гэж заасан нь ээлжийн хуваариар ажилласан ажилтанд хамаарч байгаа юм. Дээрх заалтад шөнийн цагийг цагийн 1 цагийн нэмэгдэл хөлсний хэмжээг тогтоогоогүй бөгөөд ажил олгогч нь тус нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн дотоод журмын 7.28-д ээлжийн ажилтнуудын шөнийн 1 цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000 төгрөгөөр, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцохоор тодорхой зааж өгсөн байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон 7 хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодно, 90.2-т 90.1-д заасны дагуу нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ердийн ажлын цагийн хэлбэрээс хэтэрч болохгүй, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасан байгаа. Дээрх хууль, журмыг үндэслэн шөнийн цагийг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, ээлжээр ажилласан ажилтнуудыг нөхөн амруулсан эсэх нь тодорхойгүй. Дээрээс нь одоо гаргачихсан байгаа акт дээр дурдагдсан ажилтнууд нь акт гаргах үед буюу 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар яг ажиллаж байсан ажилчдад оноосон уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй. Жишээлбэл Дашдолгорын Нямгэрэл гэдэг хүн бол 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр таныг акт гаргах үед ажиллахаа больчихсон байсан. Цогтбаатарын Ууганбаяр, Данзангийн Түвшинтөгс гэдэг ажилчид ажиллахаа больчихсон, хувь иргэн болчихсон учраас ажиллахаа больсон иргэнийг хасаж тооцоолох ёстой байсан. Тооцооллын алдаа гарсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “ИНҮТ” ТӨХХК-иас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарт холбогдуулан “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/00-02/004-02 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. Анх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас баталсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13-07/03 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Б нар Иргэний нисэхийн ерөнхий газарт хяналт, шалгалт явуулсан байна.
3.1. Уг хяналт, шалгалтаар улсын ахлах байцаагч М.Уын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актаар 2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг нөхөн олгохыг,
Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Бын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” актаар нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс болох 4,487,005,072 төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож, 1,076,881,217.47 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож, 32,306,436.52 төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд нөхөн төлөхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт тус тус хариуцуулжээ.
3.2. Иргэний нисэхийн ерөнхий газраас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага захиргааны хэргийн шүүхэд гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0983 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг тус тус хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.3. Үүний дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г.Б нараас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” 07/00-02/004-02 дугаар актыг гаргасан байх ба актын 1 дэх заалтаар 2022-2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан нэр бүхий ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг нөхөн олгож, түүнд ногдох шимтгэл 1,076,881,217.47 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн хугацааны алданги 32,306,436.52 төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэл, орлогын санд төвлөрүүлэхийг “ИНҮТ” ТӨХХК-д хариуцуулжээ.
4. Анхан шатны шүүх “... ажил олгогчоос ажилтнуудыг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлсийг хууль тогтоомж, хамтын хэлэлцээрт заасны дагуу олгодоггүй нь Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэж акт гаргасан нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
4.1. Тодруулбал, Иргэний нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Монгол Улсын агаарын зайд агаарын навигацийн үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлнэ” гэж тус тус заасан.
4.2. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчилсөн байх ба мөн өдрийн 193 дугаар тогтоолоор Агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “ИНҮТ” ТӨХХК-ийг байгуулжээ.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д “Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно”, 109.9-д “Ээлжээр ажилладаг ажилтны ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс олгохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно” гэж, мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Агаарын тээвэрлэгчид, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хоорондын Хамтын хэлэлцээрийн 3.4-д “Талууд Иргэний нисэхийн салбарын ажиллагсдын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, тооцоо судалгааг үндэслэн нийтлэг ажил мэргэжлүүдийн тариф цалинг тогтоох талаар хамтран ажиллана”, 4.1-д “Ажил амралтын цагийн горимыг байгууллагын ажлын онцлогтой уялдуулж зохицуулан баталж мөрдүүлнэ”, 4.3-д “Ээлжид ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1.3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж тус тус заасан байна.
4.4. Гэтэл нэхэмжлэгч “ИНҮТ” ТӨХХК нь ажилтнуудынхаа шөнийн цагийн нэмэгдлийг дээрх хууль болон хамтын хэлэлцээрийн дагуу бодож олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/00-02/004-02 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай” актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргасан байна.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.
5.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... хийнэ”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж тус тус зааснаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Б нар нь өөрийн харьяалагдах салбарын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчаас баталсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13-07/03 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн.
5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч “ИНҮТ” ТӨХХК-иас хяналт, шалгалтын явцад гаргаж өгсөн баримтад үндэслэн хяналт, шалгалт явуулж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын хэлэлцээрийг зөрчсөн болохыг тогтоосон.
5.4. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нараас маргаан бүхий актыг гаргахдаа тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, эсхүл уг актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
6. Мөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх боловч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ