| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0098/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч Л.Дүүшатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Дүүшатарт холбогдох эрүүгийн 2322001120120 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1962 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Дундговь аймаг Сайнцагаан сум 9 дүгээр баг Мандалын 5-25 тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 50.000 /Тавин мянга/ төгрөгөөр торгох, мөн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих, мөн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 02 сар 15 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Баяууд овогт Лувсанцэрэнгийн Дүүшатар, Регистрийн дугаар: ЗИ62051815
Шүүгдэгч Л.Дүүшатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Н.Оюунцэцэгийг цагаан өнгийн нарийн хуванцар хоолойгоор цохисны улмаас зүүн суганы ар доод хэсэгт, нуруунд сээрний 4-5 дугаар нугалмын түвшинд, зүүн бугалгын ар дунд хэсэгт шаргал туяатай хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Н.Оюунцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлт гаргаж ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Баяуд овогт Лувсанцэрэнгийн Дүүшатар нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөөврийн ус” гэх газарт иргэн Н.Оюунцэцэгтэй мал нийлүүлсэн, туусан гэх шалтгаанаар маргалдаж улмаар хонь хариулахад хэрэглэдэг хуванцар шилбүүрээр шилбүүрдэж түүний эрүүл мэндэд нь “Нуруу, зүүн суганы ар, зүүн бугалгад цус хуралт” бүхий гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Дүүшатарт хуванцар шилбүүрээр ороолгуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.Оюунцэцэгийн “Манай хөдөө гэр аймгийн төвөөс баруун тийш 7 километр зайд байдаг юм. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед хөдөө гэртээ очоод малаа харчихаад байж байтал манай хойд айлын Хумбаажав гэх эмэгтэй аймаг руу хамт яваад өг гэхээр нь аймаг явах гээд явж байтал манай малыг манай саахалтын Шатар гэх хүн байсан газраас нь тууж холдуулаад өөрийнхөө малыг манай мал байсан газарт аваачсан байсан. Тэгэхээр нь би явж очоод “Чи мал яагаад хөөгөөд байгаа юм, ядарсан, сөхөрч ойчсон мал хөөж туугаад, чи арай хэтэрч байгаа юм биш үү, манай хүүг байнга хэл амаар доромжилдог” гэж хэлтэл. Шатар “Яадгийн, би юу гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Дээрээс хойш чи миний хүүхдийг дээрэлхсэн, би тэрэнд чинь юу ч хэлээгүй” гэж хэлээд машинаасаа бууж очоод өмсөж байсан хүрмээс барьж аваад цохих гэтэл Шатар миний гарыг барьж аваад мотоциклоо түлхэж унагаачхаад гартаа барьсан байсан шилбүүрээрээ /цагаан өнгийн нарийн хуванцар саваа/ миний нуруу хэсэг рүү 2 удаа шавхарсан. Сүүлийн шавхаралтан дээр би газарт унасан ба Шатар дахиад намайг цохих гэтэл надтай хамт явж байсан эмэгтэй Шатарыг бариад авсан юм. Тухайн үед Шатар намайг хэсэг загнаж байгаад явсан. Шатар нь миний нуруу хэсэгт нарийн цагаан өнгийн хуванцраар 2 удаа цохисон. Тэгэхдээ миний гарын булчин хэсэгт давхар цохисон байсан. Тухайн үйлдлийн улмаас миний нуруу, зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн байна. Одоо миний цээж, зүрх хэсгээр өвдөөд байна. Шатар намайг бэлчээрийн маргааны улмаас зодсон. Би Шатарын биед халдаж зодоогүй. Тухайн үед Шатар бид хоёрын хажууд Хумбаажав, Улаанаа гэх хоёр хүн байсан. Шатар нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Архи уугаагүй байсан байх. Шатар нь миний биед халдаж зодсонд гомдолтой байна. ... Миний нуруунд үүссэн цус хуралтын хувьд тухайн үед миний өмсөж явсан хөхөвчийг дайруулж цохигдсон юм. Тийм учраас нөгөө 2 цус хуралтаасаа өөр өнгөтэй байж магадгүй. Шатар нь намайг цагаан өнгийн нарийн хуванцар хоолойгоор 2 удаа цохисон. Эхлээд миний зүүн гарын бугалга хэсэгт цохисон. Дараа нь миний ар нуруу цохисон юм. Тэр цагаан өнгийн нарийн хуванцар хоолой одоо надад байгаа. Намайг зодож байх үед Хумбаажав машинаас бууж ирээд Шатарыг болиулж Шатарын барьж байсан цагаан өнгийн хуванцар нарийн хоолойг булааж аваад “Энүүгээр чинь мал туудаг болохоос хүн зоддог юм уу” энийг чинь цагдаад өгнө гэж хэлээд миний машины ар талд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 13-14, 16-р хуудас/
Гэрч Р.Хумбаагийн: “Би Оюунцэцэг, Дүүшатар нарыг танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм, хамаатан садан биш. 2023 оны 5 дугаар сарын дундуур би хөдөө гэрээсээ Оюунчимэг, Оюунцэцэгийн хамт аймаг явж байтал Оюунцэцэгийн хонь Шатарын хоньтой нийлэх гэж байхад Оюунцэцэг машинаараа хоёр хонины дундуур орж салгасан. Тухайн үед Оюунцэцэг “Шатар өмнө нь манай малыг хөөсөн” гэж ярьж байсан. Тэгж байтал Шатар мотоциклоор ирсэн ба Оюунцэцэг машинаас бууж тэр хоёр маргалдсан. Тэгж байгаад хартал Шатар цагаан өнгийн хуванцар хоолой малын шилбүүрээр Оюунцэцэгийг шавхуурдсан. Тэгээд дахиад шавхуурдах гээд гараа далайхаар нь би машинаас бууж очоод Шатарыг болиулж “Чи яахаараа эмэгтэй хүнийг ингэдэг юм, энүүгээр чинь хүн зоддог юм уу” гэж хэлээд Шатарын гартаа барьсан байсан цагаан хоолойг булааж аваад Оюунцэцэгийн машин руу хийчихсэн юм. Тухайн үед Оюунцэцэг Шатар хоёр хэсэг маргалдаж байгаад явсан. Н.Оюунцэцэг Л.Дүүшатар нар бэлчээрийн маргаанаас болж хэрэлдэж маргалдаж байгаад Дүүшатар Оюунцэцэгийг ороолгосны дараа Оюунцэцэг уйлж байсан. Оюунцэцэг Дүүшатарын биед халдсан үгүйг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Дүүшатарын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Баттүвшингийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай “Н.Оюунцэцэгийн биед нуруу, зүүн суганы ар, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд үзлэг хийгдэхээс 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 24-25-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн биеийг шилбүүрээр шилбүүрдэхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Л.Дүүшатар нь хохирогч Н.Оюунцэцэгийг хуванцар шилбүүрээр шилбүүрдсэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Л.Дүүшатар нь хохирогчийг шилбүүрдсэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Л.Дүүшатар нь хохирогч Н.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.Дүүшатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Хохирогч Н.Оюунцэцэг нь шүүгдэгч Л.Дүүшатараас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Дүүшатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Л.Дүүшатарын үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал /малчин, 61 настай/ зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулалгүйгээр түүнд 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Дүүшатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс хохирогч О.Оюунцэцэг хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баяуд овогт Лувсанцэрэнгийн Дүүшатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяуд овогт Лувсанцэрэнгийн Дүүшатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Дүүшатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар шилбүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД
.