Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/639

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         06          26                                   2023/ШЦТ/639

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Н.Энхбуян,

Шүүгдэгч: Н.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, жоншны уурхайд жонш ялгагч ажилтай, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 01:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ч” зочид буудлын 00 тоот өрөөнд хамтран амьдрагч Г.Дийн “хүүхдээ хөхүүлсэнгүй” гэх үгэнд дургүйцэн маргалдаж, улмаар түүний толгой руу архины шилээр цохиж, хагарсан архины шилээр цээж, зүүн гарын шууг зүссэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйх, цээж, зүүн шуунд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.            

 

Эрүүгийн 0 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, 

 

Гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №6126 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 01:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ч” зочид буудлын 0 тоот өрөөнд хамтран амьдрагч Г.Дийн “хүүхдээ хөхүүлсэнгүй” гэх үгэнд дургүйцэн маргалдаж, улмаар түүний толгой руу архины шилээр цохиж, хагарсан архины шилээр цээж, зүүн гарын шууг зүссэний улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйх, цээж, зүүн шуунд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл  хүлээн авсан тэмдэглэл,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

  Хохирогч Г.Дийн “...2023 оны 5 дугаар сарын 06-ны орой Сүхбаатар дүүргийн 10-р хороо “Жоби”-ийн ард талын зочид буудалд би эхнэр, эхнэрийн найз С бид гуравт манай эхнэр бид хоёр өмнө нь маргалдсан байсан тул эвлэрэх гээд орсон. Тэнд байж байхдаа би найз З.Аийг дуудаад бид нар дөрвүүлээ болон. Тэр буудалд байхад манай эхнэр бид хоёр эвлэрэх гээд ярилцаж байхад “би хүүхдээ аваад сална” гэхэд манай эхнэр уурлаад маргалдаж эхэлтэл тэр буудлын ресейпшн бид нарыг хөөсөн. Бид дөрөв тэндээс гараад Сүхбаатар дүүргийн 10-р хороо “Ч” нэртэй зочид буудалд ороод архи, пиво ууж байхад манай эхнэр Н.С тасраад унахаар нь би “чи хүүхдээ хөхүүлээдэх” гэж хэлтэл эхнэр сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ сэрээх гээд алгадаад татаж босгох гэтэл орны хажуу тал руу манай эхнэр унасан. Манай эхнэр босож ирээд маргалдаад над руу уурлаад ширээн дээрээс “Хараа” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй, дотроо архитай шилийг аваад баруун гартаа барьж байгаад миний толгойны орой хэсэг рүү цохисон, тухайн шил миний толгой дээр хагарсан бөгөөд шилний хагарсан дээд талын хэвгийг манай эхнэр баруун гартаа барьж байгаад миний зүүн талын хавирга хэсэг руу 1 удаа тус шилийг зоосон. Тэгэхээр нь би сандарсандаа гарыг нь цааш түлхтэл манай эхнэр шилтэй гараараа над руу дайраад, миний зүүн гарыг дахин зүссэн. ...Надад одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч З.Аийн “...Г.Д эхнэр Н.Сыг “Чи хүүхдээ хөхүүлээч, уйлаад байна, ингэж согттолоо уугаад хүүхдээ харахгүй чамайг ямар эх гэдэг юм” гэсэн чинь босож ирээд нөхрийгөө 2-3 удаа өшиглөөд архины шилээр толгойг нь цохиод, цээж рүү нь цохиод үргэлжлүүлээд зүүн гарын шуу хэсгийг зүссэн. Тэгээд цус нэлээн олгойдон гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Ггийн “...1 цаг 30 минутын дараа дээр хоёр давхарт эмэгтэй хүн орилох шиг болохоор нь ресейпшн эмэгтэй дээшээ түрүүлж гараад, араас нь би гарсан ба 307 тоот өрөө рүү ороход хоёр орны голоор нэлэнхийдээ цус болчихсон, нэг залуугийн зүүн гарын шуу хэсэг дээрээс доошоо зүсэгдсэн, цус олгойдон гарч байгаа байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Угийн “...Би уг уйл явдлыг хараагүй. Яваад ороход гар нь зүсэгдсэн, цус олгойдоод гарч байсан. Тухайн эрэгтэйгээс яагаад хэн ингэж байгаа юм гэж асуухад эхнэрийг хүүхдээ хөхүүлчих” гэж хэлсэн чинь намайг ийм болгочихлоо гэж хэлж байсан. ...Намайг ороход “Хараа” нэртэй 0.5 граммын архины шил хагарчихсан, 2 литрийн том пиво хэд байсныг би анзаараагүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Сын “...Орохоосоо өмнө тэр хавиас “Хараа” нэртэй архи, 2л том пиво 2 ширхгийг авч ороод ууцгаасан Тэгээд байж байсан чинь Н.С унтаад өгсөн, хүүхэд уйлаад байсан Г.Д эхнэр Н.Сыг сэрээгээд “хүүхдээ хөхүүл” гэж хэлж байсан ба сэрээх гэж оролдож байхдаа орноос Н.Сыг орноос унагаачихсан. Тэгээд хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ цохиод байсан, удалгүй Н.С архины шил аваад нөхөр Г.Дийн толгой руу цохиход архины шил хагарсан, тэгээд улмаар цээж хэсэгт архины хагарсан шилээр зүсээд мөн баруун гарын шуу хэсэгт зүссэн. Тэгээд цус алдаад доороос буудлын хүм\/ус орж ирээд даавуугаар гарыг нь боогоод цусыг нь тогтоосон...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр 03-ны өдрийн №758 дугаартай дүгнэлтэд “...1. Г.Дийн биед зүүн зулайн хуйх, цээж, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Н.Сын яллагдагчаар өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ч” зочид буудлын 307 тоотод манай нөхөр Д, найз С, А бид дөрөв ороод 6-7 ширхэг 2 литрийн хэмжээтэй пиво хэрэглээд би тасраад унтаад өгсөн. Тухайн үед манай 10 сартай хүүхэд цуг байсан. Манай нөхөр алгадаад байсан бөгөөд би уурлатал намайг орсноос татаад унагаасан. Би сэрээд “яах гээд байгаа юм” гэтэл нөхөр “хүүхэд уйлаад байна” гээд бид хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад би нөхрөө ширээн дээр байсан Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архины шилийг аваад нөхрийнхөө толгойн дээр нь цохиж хагалсан. Тэгээд үргэлжлүүлээд хавирганых нь доод талд хатгаж зүссэн. Тэр үед манай нөхөр миний гарыг барихаар нь би гараа авах гээд таттал гарынх нь шуу хэсэг дээр мөн зүссэн. Би шоконд орсон бөгөөд түүнээс хойш ямар нэгэн байдлаар маргалдаж зодолдоогүй...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.С нь хохирогч Г.Дийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж маргалдан улмаар түүнийг цохисон болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Хохирогч Г.Д, шүүгдэгч Н.С нар хоорондоо эхнэр, нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуульд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн ойлголтод халдагч этгээд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж харгис байдлаар хүч хэрэглэсэн үйлдэл хийх, түүнчлэн хүч хэрэглэсэн үйлдлээ тогтсон хугацаанд хэвшмэл маягаар үйлдэхийг хамааруулан авч үздэг.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг түүний толгойн зулай хэсэг, цээж, шуу зэрэг олон хэсэг газарт архины шилээр цохиж зүсэх зэргээр хүч хэрэглэн бие, сэтгэл санааны зовуурь үүсгэн гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Г.Дийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.С хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /төлөх төлбөргүй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Н.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүхэд хохирогч Г.Доос “...гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 49/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Н.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, санал, гомдолгүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Сд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Н.С танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж нийгэм, гэр бүлийн харилцаанд бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН