Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 135/шш2020/00460

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00358/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух Х овогт Д-гийн У /утас .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод оршин суух Ө овогт Ш-ын Г /утас .../-д холбогдох,

 

“15,225,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.У нь Ш.Г-тай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хүү 1,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Ш.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй юм.

Иймд Ш.Г-гаас үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 225,000 төгрөг, нийт 15,225,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ш.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Тус шүүхэд гаргасан Д.У-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Д.У нь надад бэлэн мөнгө өгөөгүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр ... аймгийн ... сумын ... багийн ... байрны ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг байрыг 45 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож бэлнээр 31,000,000 өгрөг өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 сая төгрөг тус тус бэлнээр өгсөн.

Уг байранд 3,500,000 төгрөгний бүрэн засвар хийсэн. Байрыг авахад засвар хийгээгүй их удсан, шоргоолж ихтэй байсан. Засвар хийсэн боловч шоргоолж огт арилаагүй байна. Иймээс Д.У-д өгөх байрны үлдэгдэл 14 сая төгрөг өгөх боломжгүй байраа буцаан өгөх хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ш.Г-д холбогдуулан талуудын хооронд бичгээр хийгдсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, алданги 225,000 төгрөг нийт 15,225,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ш.Г “...14,000,000 төгрөгийг зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бичгээр хийгдсэн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.У нь 14,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1,000,000 төгрөгийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог ба хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийдэг байна. Энэ шаардлагыг хангаагүй бол зээлдүүлэгч хүү авах эрхээ алдана. Мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогддог.

 

         Дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ш.Г-гийн өмчлөлд 14,000,000 төгрөг бодитоор шилжүүлээгүй, дээрх гэрээнд заасан 14,000,000 төгрөг нь талуудын хооронд өмнө хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл болох нь хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

  

         Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээний 6.1-т “Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулагдсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.У-ын гаргасан хариуцагч Ш.Г-гаас нийт 15,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ын гаргасан хариуцагч Ш.Г-гаас нийт 15,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,075 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА