Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 135/шш2020/00465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00334/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж, Х.бны төв байр, “Х.б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоотод оршин суух И овогт Ж-ны А  /утас:.../, Х овогт Т-ын Н /.../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,172,382.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1450007489 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,618,051.21 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх хүү 6,677,147.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 877,184.00 төгрөг, нийт 17,172,382.64 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Ж.А нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Миний бие нь 2013 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Э.Р” ХХК-д ажиллаж байх явцдаа тус сумын Х.бнаас цалингийн зээл авч мөн төлөлтөө хйиж буцаан зээл авч 2016 оныг хүртэл Цогтцэций суманд ажиллаж амьдарч байсан. Улмаар “Э.Р” ХХК зогсолт хийж 2016 онд ажилгүй болж, ажлаасаа халагдсан. Энэ үеэс зээлээ алдаг оног төлж байгаад хугацаа хэтэрсэн зээлийн муу түүхтэй болж ажилгүй байх хугацаандаа зээлийн төлөлтийг төлж чадахаа больсон. Х.б-нд удаа дараа зээлийн хүүгээ зогсоож өгөөч гэж хүсэлт гаргасан боловч банк боломжгүй заавал шүүхээр орсон үед зээлийг зогсоон гэж хариу өгдөг байсан. Энэ зээлийн барьцаанд одоо амьдарч байгаа 2 өрөө байр маань байдаг. Х.б уг байрыг нэхэмжилж байгаа. Миний бие нь энэ байрандаа 82 настай ээж болон талийгаач ахынхаа 13 настай охин мөн эхнэр, охин, хүү нарын хамт амьдарч байгаа. Өндөр настай ээжийн маань даралт нь байнга ихэсдэг зовиуртай, эхнэр маань нялх биетэй, охин маань 4 настай. Энэ байрнаасаа гарвал бидэнд өөр очих амьдрах газар байхгүй билээ. Одоо миний бие нэгэн хувийн компанид жолоочоор ажиллаж байгаа, сард тогтмол орлоготой болсон. 2019 онд уг ажилд орсон. Иймээс тодорхой хугацаанд цалингийн орлогоноос энэхүү Х.б-нд байгаа цалингийн зээлийг төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.б” ХХК нь хариуцагч Ж.А, Т.Н нарт холбогдуулан зээлийн төлбөр нийт 17,172,382.64 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Ж.А, Т.Н нар нь  Х.б ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг байгуулан, 18,000,000 төгрөгийг, Өрхийн хэрэглээний зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлж авсан болох нь зээлийн гэрээ, харилцагчийн анкет зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч Ж.А, Т.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан журмын дагуу хийгдсэн байна.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгч Х.б зээлийн үлдэгдэл 9,618,051.21 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн хүү 6,677,147.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 877,184 төгрөг, нийт 17,172,382.64 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрт нийт 15,408,135.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн талаар маргадаггүй боловч хариуцагч нар нь “...барьцаанд тавьсан орон сууц нь өөрсдөө амьдардаг, уг байрыг зарахаар амьдрах орон байр байхгүй байгаа тул банкны гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болохгүй.

Хариуцагч нар нь зээлийн барьцаанд улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... аймгийн ... сум, ... баг ,... тоот 29 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  хариуцагч Ж.А, Т.Н нараас зээлийн нийт төлбөр 17,172,382.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.б” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... аймгийн ... сум, ... баг, ... тоот 29 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,011 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 314,011 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.б” ХХК-д олгосугай.

                                                                                                                                                   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА