| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1027/Э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 256
2020 3 3 2020/ДШМ/256
Д.Шт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Шт холбогдох 1909010201029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д-ийн Ш, 1979 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Д.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын ам буюу Нийслэлийн ногоон ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж байгаль орчинд 139.914 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Доржгочоогийн Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Шийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Шээс 7.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг бөөрөнхий шинэс модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэдэг нь тухайн дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэснийг ойлгох бөгөөд бэлтгэснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт үйлдэл юм. Үүнийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлээс гэмт хэрэг төгссөн байхыг шаардаж буй хэлбэрээр нь ялгах нь зүйтэй гэж үзэж байна.
Гэтэл шүүгч дээрхи хуулийн заалтын өөр өөр шинжийг ялгаж салгалгүйгээр шүүгдэгч Д.Шийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор бусдын 7.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг ашигласан хэмээн дүгнэж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “...Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...” гэж заасантай зөрчилдсөн. Мөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээнээс өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул төлбөрийн чадваргүй шүүгдэгч Д.Шийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ш нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, бусдын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа ойн байцаагчид баригдсанаар уг хэрэг илэрч шалгагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээг тогтоолгож, шүүгдэгч Д.Шээс үнийн дүнг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Д.Шт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн ногоон ойн сан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын амны Их Тамир гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, иргэн Ц.Төмөрбаатарын 02-36 УНР улсын дугаартай “Кантер” загварын автомашинд 15 ширхэг шинэс мод тээвэрлэн байгаль орчинд 139.914 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Төмөрбаатарын “...Д.Ш нь мод тайраагүй боловч зохих зөвшөөрөл авалгүй Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газраас мөчир гишүүний үлдэгдлийг цуглуулж, ялган тээвэрлэж хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. ...” /хх 26-27/,
гэрч А.Ганболдын “...байгаль хамгаалагч Болд-Эрдэнийн хамт очиж шалгахад 02-36 УНР улсын дугаартай “Кантер” загварын машинд ойролцоогоор 2.5 м.куб шинэс буюу хар мод ачсан зогсож байсан. Жолооч гэх Ц.Төмөрбаатартай уулзаж, уг бэлтгэсэн модны гоожин байгаа талаар асуухад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, Д.Ш гэх хүн уг модыг миний мод гэж хэлсэн.” /хх 28/,
гэрч Ц.Төмөрбаатарын “...би 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 15 цагийн үед Саппорогийн тэндээс 2000 тоосго ачаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Их тамир” амралтын газрын цаад талд буулгаад буцаж явах үед “Их тамир” амралт гэсэн бичигтэй самбарын цаад талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байсан бөгөөд “15000 төгрөг өгье, та модыг маань гэрийн гаднаас ачаад дөхүүлээд буулгаад өг” гээд гуйхаар нь би ачаад буулгах гээд явж байтал ойн байцаагч Ганбаа гэх хүн зогсоогоод Цагдаагийн газар ирсэн.” /хх 29/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Шийн яллагдагчаар өгсөн “...би 2 жилийн өмнө бэлтгэж тавьсан модоо ачуулахаар зам дээр явж байсан ачааны машины жолоочид “гэрийнхээ модыг доошоо буулгах гэсэн юм” гэж худал хэлж, 20.000 төгрөгөөр хөлсөлж, жолоочийг авч яваад гэрийн гаднаас модыг ачуулан доош явж байгаад ойн байцаагчид баригдсан. ...” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-19/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан /хх 44-49/, модны экологи-эдийн засгийн 2019/Х-05 дугаартай үнэлгээ /хх 56/, торгууль төлсөн баримт /хх 68/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.Шийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хохирогч Д.Төмөрбаатар нь мод тайраагүй, гишүүний үлдэгдэл цуглуулж, ялган тээвэрлэсэн байдлаар мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй бөгөөд харин хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Д.Ш нь модыг тайрч бэлтгэсэн, улмаар тээвэрлэн явсан нь тогтоогдсоныг дурдаж байна.
Шүүгдэгч Д.Шийн ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх, Д.Шийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Шийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа “...шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч хуульчилсан, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан тул мод тээвэрлэсэн автомашины үнэ 7500000 төгрөгийг Д.Шээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт, ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасны дагуу шүүгдэгч Д.Шийн ойн санд учруулсан 139.914 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 419.742 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй бөгөөд Д.Шийн төлсөн 139.914 төгрөг /хх 68/-ийг хасаж, 279.828 төгрөгийг төлүүлэхээр заав.
Шүүх автомашины үнийг шүүгдэгчээс гаргуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгийг баримталсныг 1, 2 дахь хэсэг болгон өөрчилж, ойн санд учирсан хохирлыг нэмж гаргуулах нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Шээс 7.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шээс 7.500.000 төгрөг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Шээс 279.742 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ