| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0309/3 |
| Дугаар | 221/МА2026/0011 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0011
Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч М.М
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Монгол Улсын Төрийн албаны зөвлөл
Хариуцагч: М.М /Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга/
Гуравдагч этгээд: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрд учирсан хохирол 31,184,623 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0702 дугаар шийдвэр.
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д
Хариуцагч М.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0309/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төрийн албаны зөвлөлөөс М.Мд холбогдуулан “Төрд учирсан хохирол 31,184,623 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох М.Мэс гаргуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0702 шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 50 дугаар зүйлийн 50.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Мэс төрд учруулсан хохирол 18,091,357.63 төгрөгийг гаргуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар олгохоор шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “... М.Мэс төрд учирсан хохирол 18,091,357.63 төгрөгийг гаргуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт олгосугай” хэсгийг өөрчлүүлэх буюу тус шүүхийн шийдвэрийг 7.4-д заасан “... Хохирлын нийт дүн 8,640,751.01 /Б.Х/, 8,181,999.16 /У.С/ нийт 16,822,751.07 төгрөг...” болгон зөвтгүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Төрийн албаны зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн харилцааны газрын дарга М.Мд холбогдуулан “Төрд учирсан хохирол 31,184,623 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох М.Мэс гаргуулах” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0702 шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 50 дугаар зүйлийн 50.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Мэс төрд учруулсан хохирол 18,091,357.63 төгрөгийг гаргуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар олгохоор шийдвэрлэсэн байна.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1 Хариуцагч М.М нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар[1] тус газрын Тамгын газрын дарга Б.Хийг төрийн албанаас халах шийдвэр гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0757 дугаар шийдвэрээр[2] Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Хийг урьд эрхэлж байсан тус газрын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эргүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
3.2 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Хийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12,466,907.10 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,735,414.57 төгрөг, нийт 16,202,321.67 төгрөгийг олгосон[3] байна.
3.3 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар[4] тус газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сыг төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Иргэн У.С Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу Зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолоор[5] Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, У.Сыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн.
3.4 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр У.Сын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,515,478 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 3,469,824 төгрөг, нийт 14,982,302 төгрөгийг нөхөн төлсөн[6] үйл баримтууд тогтоогдож байна.
3.5 Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7.1-д “... Б.Хт төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хариуцагчийн бүрэн эрх дуусгавар болсон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацааны, У.Сыг ажлаас чөлөөлсөн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хариуцагчийн бүрэн эрх дуусгавар болсон 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт эргүүлэн төлж, төрд учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй байна гээд Б.Хт холбогдох хохирлын дүн 8,640,751.91 төгрөг, У.Сд холбогдох хохирлын дүн 8,181,999.16 төгрөг гэж тооцоолсон нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаарт тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно.” гэж заасны дагуу анхан шатны шүүх тооны алдааг засварлах нь процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэх байжээ.
5. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлын дүнг 8,640,751.91 төгрөг /Б.Х/, 8,181,999.16 /У.С/ нийт 16,822,751.07 төгрөг гэх тооцоолол гаргасан боловч шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж, тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа нийт хохирлын дүнг 18,091,357.63 төгрөг гэж танилцуулсан тул энэ дүнг тогтоох хэсэгт бичсэнийг дурдах нь зүйтэй ба хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж зөвтгүүлэх боломжтойг дурдсан.
5. Хариуцагч М.М хохирлын нийт дүнг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 16,822,751.07 төгрөг болгон зөвтгүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд талууд шүүх хуралдааны үеэр эсрэг санал, тайлбар гаргаагүй болно.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа алдаа гаргасныг засварлан шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0702 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “18,091,357.63 төгрөг” гэснийг “16,822,751.07 төгрөг” болгон өөрчлөлт оруулж, тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Маргад-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР