Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 5

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч О.Баасанхүү,

шүүгдэгч О.Лхагважав, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Лхагважавт холбогдох эрүүгийн 201624000967 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг Үдлэг гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Орлой овогтой Очирвааны Лхагважав /РД:НБ62091510/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Лхагважав нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жаргалант тосгоны урд замд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20:00 цагийн орчим Тоёота Приус маркийн 26-07 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч Ц.Мягмартогтохын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад:

шүүгдэгч О.Лхагважав нь 2016 оны 11 дүгээр сарын 05-нд 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны урд замд Тоёота Приус маркийн 26-07 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх “... жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ц.Мягмартогтохын амь нас хохирсон болох нь:

 

            1.Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг  /хх-ийн 3-8 х/

            2.Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9 х/

            3.Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 12-14 х/

 

             4. Хохирогчийн төлөөлөгч М.Лхагвабаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Ц.Мягмартогтох нь миний аав байгаа. 2016 оны 11 сарын 05-ны өглөө үүрээр манай аавын ээж Цэндсүрэн нь зуурдаар нас барсан, хамаатан саднаараа Дархан хотод очоод, цогцсыг нь аваад Батсүмбэр сум руу явж байгаад замдаа машин онхолдож манай аав нас барсан. Манай гэр бүлийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 х/

 

            5.Иргэний нэхэмжлэгч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “....Тоёота приус маркийн 26-07 УНӨ дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх юм. Хамаатан саднаараа буяны ажилд явж байгаад зам тээврийн осол гарсан. Нэг нь нас барчихаад байхад машины хохирол гэж явмааргүй байна, надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/

 

            6.Иргэний хариуцагч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

             “...Жолоо барьж яваад онхолдсон ах манай ээж Даваадуламын төрсөн дүү юм. Нас барсан ах Ц.Мягмартогтох нь ах нь байсан юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/

 

             7. Техникийн тодорхойлолт: 26-07 УНӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины өмчлөгч нь Баатарцогтын Уянга /хх-ийн 40 х/

 

8. Гэрч Б.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20:00 цагийн үед Цагдаагийн тасгийн жижүүрийн утсанд үл таних дугаараас ослын талаар “бид нар ах, дүү нараараа явж байгаад осолд орлоо” гэсэн мэдээллийн дагуу хэргийн газар очиход Жаргалант тосгоны урд талд Төмөр замын тоочикны хойно Хар Хошуу тойрсон замын зүүн тал руу Тоёота Приус маркийн автомашин унасан, 1 зорчигч нас барсан байсан. Буяны ажлаар явж байгаа гээд 3 машинтай хүмүүс байсан. Ослын талаар замын цагдаагийн газарт мэдэгдсэн. Хэргийн газарт үзлэг хийх бүрэлдэхүүн иртэл хамгаалалтанд гарч ажилласан. Осол болсон газар нь Жаргалант тосгон болон Төмөр замын 471 дүгээр тоочикны голд Хар Хошуу гэж тойрдог тойрог дээр болсон байсан. Тухайн үед зам халтиргаатай, гадаа үзэгдэх орчин муу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 х/

 

9. Шинжээч Д.Алтайбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Тухайн зам нь асфальтан хучилттай, цастай, халтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй, тахир, уруу, эсрэг хөдөлгөөнтэй, хашлагагүй, 2 эгнээ зам байсан байна. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт зааснаар жолооч зам орчны байдал, цаг агаарын нөхцөл, үзэгдэх орчин зэргийг харгалзан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яваагүйгээс болж тухайн тээврийн хэрэгсэл шарваж онхолдсон гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 х/

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шинжээчийн 2042 дугаар дүгнэлтэд:

а/ Талийгаачид гол судасны уруудах хэсгийн тасралт, цээжний зүүн хөндийн цус хуралт 1000 мл, баруун 1-12, зүүн 1-10 дугаар хавирганы шууд бус дан ба давхар хугарал, өвчүүний хугарал, баруун уушигны дээд, дунд дэлбэнгийн няцралт, зүүн уушигны бүрэн авчилт, элэгний баруун дэлбэнгийн язралт тогтоогдлоо.

б/ Талийгаачийн биед учирсан дээрхи гэмтлүүдийн хоёр талын олон хавирганы хугарал, уушигны няцралт, өвчүүний хугарал нь цээж урдаас шахагдах дарагдах үед, гол судасны тасралт нь доргих үед, элэгний язралт нь баруун урд талаас мөргөх үед тус тус үүсгэгдэнэ.

в/ Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

г/ Талийгаач нь гол судас тасарч цээжний зүүн хөндийд цус алдсаны улмаас нас баржээ.

д/ Шинжилгээ хийх үед нас бараад 24 цаг орчим цаг болжээ.

е/ Цус нь 1-р бүлэг байна.

ё/ Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна гэжээ. /хх-ийн 48-49 х/

 

11. Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд:

“...Тоёота Приус маркийн 26-07 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд хохирол 4.880.000 төгрөг, нийт хохирол 5.790.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 58 х/

12. Замын Цагдаагийн албаны шинжээчийн 349 дугаар дүгнэлтэд:

а/ Тоёота Приус маркийн 26-07 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч О.Лхагважав нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

б/ Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-ийн 67 х/

 

13. Хохирогчийн төлөөлөгч М.Лхагвабаатар, иргэний нэхэмжлэгч Б.Уянга нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”  гэсэн хүсэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

14. Шүүгдэгч О.Лхагважавын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө үүрээр ээж Цэндсүрэн маань Дархан-Уул аймагт нас бараад, ойрын ах дүү, хамаатан садны хамт ээжийнхээ шарилыг Дархан-Уул аймгаас аваад Төв аймгийн Батсүмбэр сум руу аваад явж байсан. Цуваан болоод 4 машин явж байсан. 61-ийн гарам өнгөрөөд Жаргалант тосгоны урд талын зам дээр явж байгаад талийгаач ах Мягмартогтох бид 2 түрүүлээд очоод гэрийн хаалга онгойлгож байя гэж цуг явж байсан машинтай хүмүүстээ утсаар хэлээд бид 2 тэд нараас түрүүлээд 70 гаруй км/цаг-ийн хурдтай явсан. Тухайн үед цасаар шуурч байсан. Тэгтэл тэд нараас салаад 3 км орчим яваад уулын хошуу ороогоод орсон зам руу эргээд ортол зам халтиргаатай байж таараад, машин гэнэт шарвахаар нь эсрэг тал уруу нь дартал замын баруун гар талд байсан жижигхэн хаалт шонг мөргөөд, замаас гараад машин онхолдсон. Хамгаалах бүсээ тайлаад ах руугаа хартал ах байхгүй байсан. Буугаад иртэл машины хажуу талд 2 метрийн зайд ах хэвтэж байсан. Мөн тэр үед араас явж байсан хүмүүс маань хүрээд ирсэн. Манай хэд цагдаа дуудаж, Жаргалант тосгоны эмч ирээд надад анхны тусламж үзүүлсэн. Ахыг минь нас барсан байна гэж эмч хэлсэн. Яараад явж байсан учир хурд хэтрүүлээд халтиргаан дээр машин халтирсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78, 80 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Лхагважав нь замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаагүйгээс буюу тухайн өдөр цасаар шуурсан, зам халтиргаатай байхад 70 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсоноор замын эргэлтэд тээврийн хэрэгсэл нь шарваж, замын хашлага мөргөн онхолдож, зорчигч Ц.Мягмартогтохын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Лхагважавыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч О.Лхагважав нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 91 х/ тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн төлөөлөгч М.Лхагвабаатар, иргэний нэхэмжлэгч Б.Уянга нар нь шүүгдэгч О.Лхагважаваас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 2 хуудас баримт, хх-ийн 22-23, 35-37 х / гэх тул шүүгдэгч О.Лхагважавыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч О.Лхагважавыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал /54 настай/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Лхагважавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацаагаар хасаж шийдвэрлэх тул жолоочийн ВС ангиллын 035717 дугаарын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орлой овогт Очирвааны Лхагважавыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Орлой овогт Очирвааны Лхагважавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Лхагважавын эдлэх 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Лхагважав нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Лхагважавт оногдуулсан 3 жилийн 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар О.Лхагважавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч  О.Лхагважавын BC ангиллын 035717 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Гансугарт даалгасугай.                                   

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Лхагважавт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ