Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1156

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭБИ” ХХК болон А.Б, Д.Б нарт  холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Барсүрэн,

Хариуцагч: А.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “ЭБИ” ХХК-ийн захирал А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр 272184 дугаартай импортын мэдэгдэл бүхий 126 тонн тахианы цээж махыг Хятад Улсын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас оруулж ирж, борлуулахаар харилцан тохиролцсон. Тахианы махыг хятадаас худалдан авах мөнгөө 50, 50 хувиар буюу 67 000 000 төгрөгийг тус тус гаргаж, харин А.Бгийн компани тахианы мах импортлох тусгай зөвшөөрөлтэй тул өөрсдөө оруулж ирж, эрсдэлээ хүлээхээр 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тус компанийн захирал А.Б хэд хэдэн удаа хятадаас мах оруулж ирсэн ба намайг уг наймааны ажил, борлуулалтдаа огт оролцуулдаггүй байсан. Энэ наймааг маш ашигтай, 1 воганаас 20 000 000 төгрөгийн ашиг олдог, 15 хоногт ашгийн тал хувь болох 10 000 000 төгрөгийг өгнө гэж анх тохирсон. А.Б надаас авсан 67 000 000 төгрөгөө 3 сарын дараа буцааж өгөх байсан боловч цувуулж миний дансаар 46 500 000 төгрөг, н.Энхжаргалын дансаар 5 000 000 төгрөг нийт 51 500 000 төгрөг төлсөн. А.Б өмнөх шүүх хуралдаан дээр н.Энхжаргалын дэргэд 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэж ярьж байсан боловч өнөөдөр н.Бат-Эрдэнийн дэргэд 10 000 000 төгрөг өгсөн гэж  худал ярьж байна. Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар ярилцаж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж, 40 000 000 төгрөгийг надад 4 хувааж төлнө, хугацаандаа төлөхгүй бол алданги төлнө гэж тохирсон. Иймд уг хэлцлийн үндсэн мөнгө 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч алданги нэхэмжлэхээс татгалзсан. Улмаар шүүх хуралдааны явцад тайлбарууд болон дансны баримтуудыг үзэхэд А.Б надад 67 000 000 төгрөгийг буцааж төлөхөөс 51 500 000 төгрөг төлж, 15 500 000 төгрөг үлдэж байх ба үүн дээр нэг сарын ашиг буюу өөрөө хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан тул 10 000 000 төгрөг нэмж 25 500 000 төгрөг нэхэмжилж, бусад шаардлагаас татгалзаж байна. Уг мөнгийг  ”ЭБИ” ХХК, А.Б нараас нэхэмжилж, Д.Бд холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т.Таас тахианы мах оруулж ирэхээр 67 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авсан нь үнэн. Тэр үед компанийн нэрээр хамтран ажиллах гэрээ байгуулж, БНХАУ-иас тахианы цээж мах оруулж, зарж борлуулж ашгаа хуваахаар тохирсон боловч энэ 3 сарын хугацаанд Хятад улсад шувууны өвчин гарч шувууны мах импортлохыг зогсоосон. Тиймээс энэ бизнес явагдаагүй, ашиг олоогүй. Миний бие Т.Таас 67 000 000 төгрөгийг авсан ба мөнгөө Хятад руу явуулсан тэнд түгжигдсэн тул 3 сарын дотор мөнгийг буцааж өгч чадаагүй. Ингээд мөнгийг 2014 оны 01 дүгээр сараас 09 сарын хооронд 51 500 000 төгрөг дансаар, 2014 оны 06 сард бэлнээр 10 000 000 төгрөгийг н.Бат-Эрдэнийн дэргэд өгч, нийт 61 500 000 төгрөг төлсөн. Миний хувьд өвчин гарч хориг тавигдаагүй бол тахианы махаа оруулж, ашигтай ажиллах боломж байсан. Гэтэл Т.Т байнга мөнгөө нэхэж намайг дахамталж байсан тул 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөгийг 4 хувааж төлнө гэж “мөнгө төлөх хэлцэл”-ийг хийсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр 20 000 000 төгрөгөөр эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй. Т.Тд төлөх мөнгөнөөс 5 500 000 төгрөг үлдсэн миний хувьд мөнгийг өгөлгүй удаасан тул нийт 10 000 000 төгрөг төлөх боломжтой. Иймд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЭБИ” ХХК болон Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т нь  ”ЭБИ” ХХК-ийн захирал А.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч мөнгийг А.Б авсан. Тус компанийн нэрээр гэрээ байгуулсан болохоос мөнгө компанийн нэрээр шилжиж орж ирээгүй. Т.Т, А.Б нарын хоорондоо зээлүүлсэн мөнгийг манай компани болон Д.Б нараас нэхэмжлэх боломжгүй юм. “ЭБИ” ХХК болон Д.Б нарт энэ хэрэг ямар ч хамааралгүй. Иймд хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Т хариуцагч Б.Батчулуунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас болон “Эх булагийн ихэр” ХХК, А.Б нараас алданги 20 000 000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсныг тус тус баталж, 

          Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эх булгийн ихэр ХХК, А.Б нараас 25 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 500 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эх булгийн ихэр ХХК, А.Б  нараас 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

           Хариуцагч А.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь Т.Таас 67 000 000 төгрөгийг аваад 69 000 000 төгрөг болгон төлсөн юм. Гэтэл энэ төлбөрийг шүүх хоёр болгон ойлгосон байна. Миний бие иргэнийхээ хувьд Т.Таас мөнгө зээлсэн түүнийгээ бүрэн төлсөн. Т.Т бид хоёр хамтран ажиллах гэрээгээр ямар нэгэн ажиллагаа явуулж чадаагүй, байтал “Эх булагийн ихэр” ХХК болон А.Б нараас 25 000 000 төгрөгийг гаргуулсан байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь Т.Т нь өөрийн авсан мөнгөн төлбөрийг өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг хүсээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад мөнгө гаргаад байгаа нь бодит үнэнд нийцээгүй юм. Миний бие 10 000 000 төгрөг төлнө гэж нэг л удаа бичсэн. Гэтэл үүнийг 4 дахин үржүүлээд төлөх ёсгүй нэхэмжлэлийг хангасанд маш их гомдолтой, эрх зүйн ямар маргаан байгааг харахад илүүдэхгүй байх гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлнэ гэсэн байх бөгөөд Б.Батчулуун, “Эх булагийн ихэр” ХХК-ийг иргэн А.Б, Т.Т нарын   хэлцэлд огт хамааралгүйг хольж хутгаад байгаа болно. “Эх булагийн ихэр” ХХК-ийн дансанд Т.Таас ямар ч мөнгө орсон тухай нотлох баримт байхгүй байхад гурван хариуцагч татаад байгааг шүүх зөв үнэлж дүгнээгүй. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр байсан нотлох баримтуудыг бүрэн оруулаагүй.  Миний бие нэхэмжлэгчтэй хамтран амьдрагч залуугийнх нь дэргэд 10 000 000 төгрөг төлсөн. Энэ талаар шүүхэд өөрөө мэдүүлсэн байгаа.  Т.Тд ямар ч мөнгө төлөхгүй ёсгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

                                     

            Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч “ЭБИ” ХХК болон А.Б, Д.Б нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 25 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч Д.Бд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 

                        Хариуцагч “ЭБИ” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.Ттай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т.Т нь 67 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хариуцагч “ЭБИ” ХХК нь БНХАУ-аас тахианы цээж мах оруулах, тээвэрлэх, борлуулах үүргийг тус тус хүлээж, талууд борлуулалтын орлогыг хувааж авахаар тохиролцсон байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

            Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Т нь 67 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн талаар талууд маргаагүй байна. Харин хамтран ажиллах гэрээний дагуу ашиг, орлого өгөөгүй болон үндсэн хөрөнгө оруулалтын мөнгийг бүрэн буцаан өгсөн эсэх талаар маргасан.

 

            Талууд 2015 оны 5 сарын 15-ны өдөр мөнгө төлөх хэлцэл байгуулж, уг хэлцлээр 2013 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл болох 40 000 000 төгрөгийг 2015 оны 6 сарын 30-ны өдрөөс 2015 оны 9 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг А.Б нь Т.Тд төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

            Дээрх 2015 оны 5 сарын 15-ны өдрийн хэлцлийг талууд байгуулсанаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон байна.

 

            Уг тохиролцооны агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар талууд 2013 оны 12 сарын 30-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үр дүнгийн талаар тооцоо нийлсэн гэж үзэхээр байх ба уг хэлцэлд хэдийгээр “А.Б төлнө” гэсэн байх боловч тэрээр “ЭБИ” ХХК-ийн захирлын хувиар уг хэлцлийг байгуулсан байна. Иймд хариуцагч А.Б нь иргэний хувиар дээрх гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх түүнээс гэрээний үүрэг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

           

            Нэхэмжлэгч Т.Т нь хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан 67 000 000 төгрөгөөс 51 500 000 төгрөгийг буцаан авсан болохоо тайлбарласан, 2015 оны 5 сарын 15-ны өдрийн хэлцлээр 40 000 000 төгрөг авах эрхтэй боловч шаардлагаа багасгаж, 67 000 000 төгрөгийн үлдэгдэл 15 500 000 төгрөг, ашиг 10 000 000 төгрөг, нийт 25 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч нь үндсэн хөрөнгө оруулалтын төлбөрт 61 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна хамтран ажиллах гэрээний зорилго БНХАУ-д шувууны ханиад гарсанаар хэрэгжих боломжгүй болсон тул гэрээний ашиг төлөх үндэслэлгүй гэж маргасан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.   

           

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “... Эх булгийн ихэр ХХК, А.Б нараас ...” гэснийг ““ЭБИ” ХХК-иас” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ