| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2020/00468/и |
| Дугаар | 496 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 496
| 020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 135/ШШ2020/00496 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00468/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын * дүгээр баг, *дугаар хороолол, * дүгээр байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /РД: **/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1** дугаар хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух ******* овогт *******ын *******-******* /РД: **-д холбогдох
"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2017 онд Э.*******-*******тэй танилцан, үерхэж байгаад хамт амьдрах болсон. Бидний дундаас 2018 оны ** сарын **-ний өдөр охин Ш.******* төрсөн. Миний бие өмнө нь зүрхний хагалгаанд орсноос болж, хүүхдээ төрүүлэхдээ хүндрэлтэй төрсөн. Үүнээс болоод их ядардаг байсан. Ийм байдлаас болж бид маргалддаг байсан бөгөөд 2-3 удаа салж, нийлж байсан. Өмнө нь Улаанбаатар хотод байхдаа шүүхэд хандаж, эвлэрч байсан. Э.*******-******* архи уудаггүй боловч уурлахаараа өөрийгөө хянаж чаддаггүй болдог. Цагдаад удаа дараа өгч байсан. Бид 2020 оны 01 сарын сүүлээс хойш тусдаа амьдарч байна. Охин маань миний асрамжинд байдаг бөгөөд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна" гэв.
Хариуцагч Э.*******-******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бид хоёрын охин болох Ш.******* нь миний охин мөн болно. Хуульд заасны дагуу охин *******доо тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Миний бие Улаанбаатар хотод байдаг бөгөөд шүүх хуралдааны үеэр өөрийн биеэр байж чадахгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Э.*******-*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2017 онд танилцан, гэр бүлийн харьцаатай болж, хамтран амьдарч байсан, улмаар 2018 оны * сарын **-ний өдөр охин Ш.*******г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан №** дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр эцгийн нэр ******* овогт *******ын *******-******* гэж байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Ш.*******гийн эцэг Э.*******-******* болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн төрсөн хүүхдийн адил эрх эдэл, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Э.*******-*******эс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Ш.******* нь эх Ш.*******ийн асрамжинд байгаа тул охин Ш.*******г эхийн асрамжинд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2018 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн охин Ш.*******г эх Ш.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20** оны** сарын **-ний өдөр төрсөн охин Ш.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.*******-*******эс тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгож, мөн хариуцагч Э.*******-*******эс хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ