Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2020/00502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс 148/2020/00004

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* баг, ******* хэсэг, Төмөр замын ******* тоот хаягт оршин суугаа, ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* баг, ******* хэсэг, Цэнхэр ******* хаягт оршин суугаа, ******* //-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц. нь 2019 оны 02 сарын 11-ний өдөр С.******* надаас зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох гэрээгээр үүрэг хүлээн мөнгө авсан бөгөөд мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Ц. нь зээлийн гэрээний дагуу 1,400,000 төгрөгийг буцаан төлсөн.

Иймд Ц.гаас үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 400,000 төгрөг, 60 хоногийн алданги 600,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хувьд С.*******оос 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Зээл авснаас хойш нийт 1,600,000 төгрөгийг С.*******ид төлсөн.

Үүнээс 2 сарын хүүгийн төлбөр 400,000 төгрөгийг хасч тооцвол үндсэн зээлээс 1,200,000 төгрөг хасагдах байх гэж бодож байна.

Иймд С.*******ид үндсэн зээлийн үлдэгдэл 800,000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 400,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг зөвшөөрч байх ба түүний төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэсэн үндэслэлээр үлдэх 2,200,000 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 02 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ-гээр С.******* нь 2,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, Ц. нь 2,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан өгөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-3х/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба талуудын хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх нь зохилтой.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг бичгээр байгуулсанд тооцно хэмээн заажээ.

 

Төрийн банк дахь тоот депозит дансны хуулгаар С.*******оос 2019 оны 02 сарын 12-ны өдөр Оюунчимэгийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 1,999,998 төгрөг /999,999 х 2/ шилжүүлсэн болох нь харагдаж байна. /хх-5х/

 

Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа С.*******оос 2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн гэж тайлбарласан байх тул Оюунчимэгт шилжүүлсэн 1,999,998 төгрөгийг Ц.д шилжүүлсэнд тооцов.

 

Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Ц.гийн хүлээх үүрэг нь үндсэн зээл 2,000,000 + нэг сарын хүү 200,000 = 2,200,000 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлд Гэрээний хугацаа дуусмагц зээлдэгч биечлэн ирж гэрээг сунгаагүй тохиолдолд гэрээг хугацаагүйгээр сунгасанд тооцно гэсэн зохицуулалтыг үндэслэж зээлийн гэрээг сунгагдсанд тооцно хэмээн нийт 9 сарын хүү тооцжээ.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаар тус тус зохицуулжээ.

 

Зээлийн гэрээ-ний сунгаагүй тохиолдолд сунгагдсанд тооцно гэсэн зохицуулалт нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зохицуулалт байх тул гэрээний энэхүү заалтыг үндэслэн гэрээг сунгагдсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээг бичгээр хийгээгүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан байх тул зээлдүүлэгч С.******* нь бичгээр зээлийн гэрээг сунгаагүй хугацааны хүүг зээлдэгч Ц.гаас шаардах эрхгүй байна.

 

С.*******ийн эзэмшлийн Хаан банк дахь тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар Ц.гаас нийт 1,400,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байна. /хх-6-16х/

 

Үүнээс 800,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй, 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн ... бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж тус тус зохицуулсны дагуу уг төлбөрийг зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөнд тооцох үндэслэлтэй.

 

Иймд 2,200,000 төгрөгөөс /зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг/ - 800,000 төгрөг /зээлийн хүү гэж хүлээн зөвшөөрч төлсөн төлбөр/ = 1,400,000 төгрөгийг Ц. нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид буцаан төлөх үүргийг хүлээх тооцоолол гарч байна.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 3 дахь заалтад Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалттай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь 60 хоногийн алданги шаардаж байх тул (1,400,000 х 0.5%) х 60 = 420,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.гаас 1,400,000 + 420,000 1,820,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, үлдэх 1,180,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хариуцагч Ц. нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр илэрхийлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц.гаас 1,820,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, үлдэх 1,180,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамжид 44,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР