Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 135/2020/00009/и |
Дугаар | 135/ШШ2020/00504 |
Огноо | 2020-04-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2020/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00009/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, Үйлдвэр ******* гудамж, ******* хаягт оршин суугаа, ******* овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2-р баг, 1******* байр, ******* хаягт оршин суугаа, овогт //,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2-р баг, 1******* байр, ******* хаягт оршин суугаа, овогт // нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,717,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч С., түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С., Г. нар эхнэр нөхөр бөгөөд 2018 оны 02 сарын 14-ний өдөр надаас 2,500,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй зээлээд 2018 оны 03 сарын 14-нд ирж хүүгээ төлөөд нэмж 1,000,000 төгрөг зээлээд, шинээр 3,500,000 төгрөгийн гэрээ хийгээд явсан. Анх зээлэхдээ ДАР дугаартай Приус-20 маркийн машин барьцаа гэж миний нэр рүү шилжүүлсэн.
Дараа нь 2018 оны 10 сарын 06-ны өдөр ахин шинээр 4,900,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Үүнээс хойш зээл эргэн төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. Анх ирэхдээ С. эхнэр Г.ийн хамт явж байсан. С. бүгдийг нь мэдэж байсан.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 4,900,000 төгрөг, зээлийн хүү 245,000 төгрөг, алданги 2,572,500 төгрөг, нийт 7,717,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2016 оны 04 сарын 19-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Гэтэл 2019 оны 09 сарын 17-ны өдөр над руу Дархан ломбард Т.******* гэх хүн залгаад наад машиныг чинь танай эхнэр Г. манай ломбарданд барьцаанд тавьсан зээлээ төлж чадахгүй болсон машиныг чинь хурааж авна гэсэн. Наад машин чинь миний нэр дээр шилжсэн, танай эхнэр чамд уг нь битгий хэлээрэй гэж их хэлж байсан гэхэд тээврийн хэрэгслийн гэрчилгээг харахад 2018 оны 02 сарын 14-ний өдөр Т.*******ын нэр дээр шилжсэн байсан. Улаанбаатар хотод байгаа эхнэр Г.тэй холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байсан.
Дархан-Уул аймгийн Автотээврийн төвөөс очиж тодруулахад 2018 оны 02 сарын 14-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэх бүртгэлийн маягтад шилжүүлсэн хүний гарын үсэг хэсэгт миний бичиг, гарын үсэг биш байсан. Эхнэр Г. нь миний машиныг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Т.******* гэх хүний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьж 4,900,000 төгрөгийн зээл авсан байсан, энэ талаар би огт мэдээгүй.
Миний хувьд нэхэмжлэгчийн бичсэн шиг эхнэр Г.ийн хамт очиж зээл авсан зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Г. миний бие 2018 оны 02 сарын 14-ний өдөр үйлчилгээний төвд байрлах ломбарднаас нөхөр С.ийн нэр дээр байдаг Приус-20 маркийн автомашиныг барьцаалан 2,500,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлсэн. Мөн 2018 оны 03 сарын 14-ний өдөр хүүгээ төлөөд нэмж 1,000,000 төгрөгийг зээлээд нийт 3,500,000 төгрөгийг зээлж авсан.
Тодорхой хугацаанд хүү төлж байгаад ажилгүй болсон. Ажилгүй байх хугацаандаа ямар нэгэн хүү, төлөлт хийгдэж байгаагүй нь үнэн. 2019 оны 10 сард ажилд ороод төлөлтөө хийж эхэлсэн. Т.*******ын нэхэмжилсэн 7,717,500 төгрөгийг төлөх боломж байхгүй. Зээлж авсан үндсэн зээл болох 3,500,000 төгрөгийг хугацаа зааж төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч С., Г. нарт холбогдуулан үндсэн зээл 4,900,000 төгрөг, хүү 245,000 төгрөг, алданги 2,572,500 төгрөг, нийт 7,717,500 төгрөгийн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С. нь зээлийн гэрээг байгуулаагүй, зээлийн гэрээний талаар мэдээгүй гэсэн үндэслэлээр Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч хүү 245,000 төгрөг, алданги 2,572,500 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
Нэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тухайд
Зохигч талуудын тайлбараар Г. нь Т.*******аас 2018 оны 02 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2018 оны 03 сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2018 оны 02 сарын 14-ний өдрийн болон 2018 оны 03 сарын 14-ний өдрийн Барьцаат зээлийн үйлчилгээ гэх бичгийн нотлох баримт нь 24 цаг Ломбард, Дархан ломбард гэсэн хоёр өөр бичиглэлтэй, мөн аливаа аж ахуйн нэгжийн тамга, тэмдэг дарагдаагүй байх тул би хувиасаа мөнгө зээлдүүлсэн, бэлэн хэвлэмэл хуудас ашиглаад гэрээ хийсэн, манай ажил дээр очиж мөнгө авсан учир ломбард гэж ойлгосон байх гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.
Дээр дурдсан хоёр гэрээнд хариуцагч Г.ийн гарын үсэг зурагдсан, мөн хариуцагч Г. нь 2,500,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн учир зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний тухай хожим мэдсэн гэсэн хариуцагч С.ийн тайлбарыг үнэн зөв гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Т.******* болон хариуцагч Г. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул зээлдүүлэгч Т.******* нь зээлдэгч Г.ээс шилжүүлэн өгсөн мөнгийг, хэлэлцэн тохирсон хүүгийн хамт шаардах эрхтэй байна.
Хариуцагч С. нь нэхэмжлэгч Т.*******тай зээлийн гэрээний харилцаанд ороогүй байх тул түүнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй байна.
2018 оны 10 сарын 06-ны өдрийн гэх зээлийн гэрээний дагуу Г. нь Т.*******аас аливаа мөнгийг шилжүүлэн аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө ...-ийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Г. болон Т.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, улмаар үүнтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.
Хоёр. Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийн тухайд
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу зээлдэгч Г. нь зээлдүүлэгч Т.*******т шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг хүлээнэ.
2018 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дүнд 2018 оны 02 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дүн багтсан учир 2018 оны 02 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг нэг сараар сунгагдсанд тооцох үндэслэлтэй.
Иймд талууд 2018 оны 02 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, 2018 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 5%-ийн хүүтэй гэж бичсэн байх боловч 2018 оны 02 сарын 14-ний өдрийн болон 2018 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хүү гэсэн багананд 10% гэж бичсэн байх тул нэхэмжлэлдээ техникийн алдаа гаргасан гэсэн түүний тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн талуудын хэлэлцэн тохирсон хүү нь 10% гэж дүгнэв.
Эдгээр гэрээгээр хариуцагч Г.ийн хүлээх үүрэг нь (2,500,000 + (2,500,000 х 10%) х 2) + (1,000,000 + (1,000,000 х 10%)) = 3,000,000 + 1,100,000 = 4,100,000 төгрөг болох тооцоолол гарч байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ ... 2018 оны 03 сарын 14-ний өдөр ирж хүүгээ төлөөд нэмж 1,000,000 төгрөг зээлээд гэж дурдсан байх тул 2,500,000 х 10% = 250,000 төгрөгийг зээлдэгч Г. төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Г.ээс 4,100,000 250,000 = 3,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэв.
Гурав. Алданги гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т алдангийн гэрээг бичгээр хийхээр зохицуулжээ.
2018 оны 02 сарын 14-ний өдрийн болон 2018 оны 03 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр талууд алдангийн талаар тохиролцоогүй байх тул эдгээр гэрээ нь хариуцагчид алданги төлөх үүрэг үүсгэхгүй юм.
Өмнө дурдсанчлан талуудын хооронд 2018 оны 10 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч түүнийг үндэслэн бусдад шаардлага тавих эрхгүй юм.
Иймд 2,572,500 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Дөрөв. Шүүх хуралдааны ирцийн тухайд
Хариуцагч Г. нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2-р баг, 1******* байр, ******* хаягт бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, Булаг тоот гэсэн хаяг болон Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-******* хорооллын эцэст байрлах ХХК гэсэн хаягийг шүүгчийн туслахад тэмдэглүүлсэн байдаг.
Шүүгчийн туслахын зүгээс хариуцагч Г.т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдэж энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө буюу 2020 оны 04 сарын 21-ний өдөр хариуцагч Г.т хурлын товыг мэдэгдэхэд За, ойлголоо гэсэн байдаг.
Иймд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.ээс 3,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, үлдэх 3,867,500 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч С.т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжид 76,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Г. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР