Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0765

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0765

Улаанбаатар хот

 

 

 

Т.У-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б;

 

Нэхэмжлэгч: Т.У

Хариуцагч: Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал

Хариуцагч: Архангай аймгийн Ө-У сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Т.Э

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М-Э,

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 109/2025/0015/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Т.У-аас Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал, Архангай аймгийн Ө-У сумын Засаг дарга нарт холбогдуулан Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Ө-У сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.У-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамж, мөн өдрийн Т.Э-ыг албан тушаалд томилох тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах”-аар маргасан байна.
  2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.У-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Т.У-ын  нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Ө-У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал, Архангай аймгийн Ө-У сумын Засаг даргад тус тус холбогдох, тус аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийн хавсралт хэсгийн Баянгол багт хамаарах хэсгийг, мөн Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдрийн хурал, мөн өдрийн "Санал уламжлах тухай" 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Ө-У сумын Засаг даргын 2025 оны 03 сарын 19-ний өдрийн "Т.У-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/15 дугаар захирамж, мөн өдрийн "Т.Э-ыг албан тушаалд томилох тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралд даалгах" шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаартай шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 сарын 07-ны өдөр гардан авч, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
    1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах зүйл, заалтуудыг зөрчсөн.

А. Шүүхийн шийдвэрийн 4.7-д Архангай аймгийн Ө-У сумын ИТХ-ын дарга Х.Б-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг үндэслэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан хуульд нийцсэн байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хуулийн 48.3-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана гэж заасан байна. Энэ заалт нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудалд хамаарна. Багийн Иргэдийн нийтийн хурал нь энэ заалтад огт хамаарахгүй, өөрөөр хэлбэл хуульд энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон даргад эрх олгоогүй байхад захирамж гаргасан. Багийн иргэдийн нийтийн хурлын талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд тусгайлан заасан ба 32 дугаар зүйлийн 32.1 "Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн", 32.8-д "Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй, 32.8.1-д “баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх. 32.8.3-т “Хурлын хуралдааны даргыг сонгох, 32.8 4-т “баг хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх" гэж тус тус заасан байдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын талаар мөн хуулийн 35 дугаар зүйлд тусгайлан заасан ба 35.3 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг гэж заасан байдаг.

Гэтэл Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасан багийн Иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан хориглосон зүйл заалтыг зөрчиж, 48 дугаар зүйлийн 48.3-т заасан өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", 47.1.6"Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" зэрэг захиргааны илт хууль бус актын шинжийг хангаж байна гэж үзэж байна.

2025 оны 02 сарын 22-ны дахин санал хураалтаар Т.Э-т 222 санал, Т.У-т 119 санал өгч Т.Э 3 хүний саналаар ялсан гэх боловч Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь тус сумын Баянгол багт харьяалалгүй Ж.Б, Э.М, Б.Д, Г.П, С.Б, Т.Б, Ч.Б /Хэргийн 1 дэх хавтасны 225, хэргийн 2 дахь хавтасны 42, 55, 60, 68, 87, 98 дугаар хуудас/ нарын 9 иргэнийг санал өгүүлсэн нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн болох нь тодорхой харагдаж байна.

Энэ нь нэхэмжлэгч Т.У-ын  Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, 9-т "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй" гэсэн иргэний үндсэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Ийм байтал Шүүхийн шийдвэрийн 3.6-д ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Б. Шүүхийн шийдвэрийн 5.9-д ийнхүү дахин санал явуулах хуралдааныг зарлах эрхийн акт гараагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт "Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана" гэж заасны дагуу Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдөр хуралдсан хурлыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэсэн байна.

Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдөр явуулсан санал хураалт нь 2025 оны 1 сарын 26-ны өдрийн Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үргэлжлэл юм. Энэ хоёр нь тусдаа зарлагдсан 2 хурал биш.

Иймд уг санал хураалтыг 2025 оны 01 сарын 26-ны өдрийн Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд ирсэн иргэдийн байгуулсан багийн засаг даргад нэр дэвших ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд Т.А, Ц.Б, Ч.Ч, Р.С, С.Э нар уг санал хураалтыг зохион байгуулах ёстой байтал Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ч.Ш-аар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулсан гэж үзэхээр байна. Энэ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасан багийн Иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар 35 дугаар зүйлийн 35.3-т заасан хориглосон зүйл заалтыг зөрчсөн.

Мөн энэ 2025 оны 02 сарын 22-ны дахин санал хураалтаар Т.Э-т 222 санал, Т.У-т 119 санал өгч Т.Э 3 хүний саналаар ялсан гэх боловч Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 сарын 14 өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь тус сумын Баянгол багт харьяалалгүй Ж.Б, Э.М, Б.Д, Г.П, С.Б, Т.Б, Ч.Б, /Хэргийн 1 дэх хавтасны 225, хэргийн 2 дах хавтасны 42, 55, 60, 68, 87, 98 дугаар хуудас/ нарын 9 иргэнийг санал өгүүлсэн нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн нь тодорхой харагдаж байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2-т энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх,56.5.3-т хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх, гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.10-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл 2025 оны 02 сарын 22-ны дахин санал хураалтыг Ц.Ц, Б.Н нарын хэн ч удирдан зохион байгуулаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсныг тус өдрийн хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байна.

Иймд багийн засаг даргад нэр дэвшүүлэх Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдөр явуулсан санал хураалт нь хууль бус гэж үзэж байна.

 

В. Шүүхийн шийдвэрийн 6.3-т Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор олонхийн санал авсан иргэнийг багийн засаг даргад томилуулахаар санал уламжлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг тус тус үндэслэсэн нь хуульд нийцжээ гэж заасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж заасан байна.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3-т Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй гэж заасан байтал Баянгол багийн харьяат биш нэр бүхий дээрх 9 иргэн санал егсөн нь нотлох баримтаар нотлогдсон.

Эдгээр хуулийн зөрчлүүд нь нэхэмжлэгч Т.У-ын  Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 4-т заасан... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох... 9-т Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй....” гэж заасан иргэний үндсэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Эндээс дүгнэхэд Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 47.1.7-д түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй зэрэг захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байгаа гэж үзэж байна.

Г. Шүүхийн шийдвэрийн 7.6-д Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлаас олонхийн санал авсан Т.Э-ыг багийн засаг даргаар томилуулахаар сумын засаг даргад санал хүргүүлсэн, 7.7-д “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.4, 56.6 дахь заалт... үндэслэн багийн засаг даргаар томилжээ гэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар... томилно гэж заасан байна.

Гэтэл Т.Э-ыг Баянгол багийн засаг даргаар нэр дэвшүүлсэн Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 02 сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоол илт хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан "Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", 47.3-д "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна" гэж заасантай нийцэж байх тул Архангай аймгийн Ө-У сумын засаг даргын Баянгол багийн засаг даргаар Т.Э-ыг томилсон Б/16 тоот захирамж илт хууль бус захиргааны акт болно.

Д. Шүүхийн шийдвэрийн 7.4-т Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан нэгэнт нэхэмжлэгч Т.У-ын  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд энэ үндэслэлээр багийн засаг даргыг чөлөөлсөн сумын засаг даргын шийдвэр хууль бус гэж, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй гэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсоныг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн гэж заасан байдаг.

      1. Шууд ардчиллын зарчмаар хуулиар олгогдсон бүрэн эрхээ Хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлж чадаагүй.

-Багийн засаг даргад нэр дэвшүүлэх бүрэн эрхийн процессын нэг л хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн захирамжаар эдэлсэн учир шууд ардчиллын зарчмыг гажуудуулж, багийн Иргэдийн нийтийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

-Багийн иргэдийн Нийтийн Хурал өөрийн удирдлагаа хэрэгжүүлж чадаагүй. Өөрийн удирдлагаа хэрэгжүүлж сонгосон ажлын хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн 07 тоот захирамжаар өөрчилсөн.

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын өөрийн удирдлагаа хэрэгжүүлж багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажилд нь тус багийн харьяалалгүй 9 иргэн санал өген сонгуулийн үр дүнг өөрчилсөн.

-Багийн засаг дарга орлогчгүй албан тушаал. Иймээс багийн засаг даргын бүрэн эрхийн хугацааны эхлэх дуусах процесс багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдэгдэнэ гэж бодож байна.

Ийм учраас өмнөх засаг дарга Т.У-ын  бүрэн эрхийн хугацаа дуусаагүй нэг дэх шалтгаан юм.

3.1.2. 57.1эрхийн хугацаа дөрвөн жил байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Т.У нь Сумын засаг даргын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн Б/26 томилогдож, 2025 оны 03 сарын 19-ний өдрийн Б/15 захирамжаар чөлөөлөгдсөн.

Бүрэн эрхийн хугацаагаа 3 жил 4 сарын хугацаанд хэрэгжүүлсэн нь 4 жилийн хугацаа дуусаагүй, мөн бүрэн эрхийн хугацаа дууслаа гээд багийн засаг даргыг шууд чөлөөлдөггүй, дараагийн засаг даргыг томилоход бэлэн болгож байж чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл Багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, багийн засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг явуулж хурлын тогтоол гарч албажсаны дараа багийн засаг даргыг томилох, чөлөөлөх асуудал яригддаг. Гэтэл энэ нэр дэвшүүлэх ажил нь олон хууль зөрчиж, ихээхэн ашиг сонирхол үүсгэж зохион байгуулагдсан.

      1. Дээр дурдагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн олон зүйл заалтуудыг зөрчсөн. Илт хууль бус Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар зохион байгуулсан, илт хууль бус Багийн засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнг уламжилсан Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг захирамжаар баталгаажуулж Т.Э-ыг багийн засаг даргаар томилохын тулд багийн засаг даргаар ажиллаж байсан Т.У-ыг чөлөөлсөн Сумын Засаг даргын Б/15 захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
    1. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг буруу үнэлсэн.

А. Шийдвэрийн 4.5-д Хэргийн оролцогчийн хэн аль нь Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагч, Засаг даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан Архангай аймгийн Ө-У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг томилох 05 дугаар захирамжтай тухайн үед маргаагүй уг захирамжид гомдол гаргаагүй байдаг гэж үнэлсэн байна.

Уг захирамжид гомдол гаргах шалтгаан байхгүй. Учир нь 2025 оны 1 сарын 26-ны өдрийн санал хураалтыг уг захирамжаар байгуулсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг Ч.Шн ахалсан ажлын хэсэг Багийн засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зохион байгуулаагүй. Уг Багийн иргэдийн Нийтийн Хуралд ирсэн нийт иргэд багийн засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Т.А, Ц.Б, Ч.Ч, Р.С, С.Э нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй 100 хувийн саналаар томилж уг санал хураалтыг зохион байгуулсан. Энэ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.1-д “баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх:”, 32.8.3-т “Хурлын хуралдааны даргыг сонгох:”, 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх...” гэж заасан бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

Харин 2025 оны 02 сарын 22-ны өдрийн дахин санал хураалтыг 2025 оны 1 сарын 26-нд багийн ИНХ-д ирсэн иргэдийн баталсан Т.А, Ц.Б, Ч.Ч, Р.С, С.Э нар биш Архангай аймгийн Ө-У сумын ИТХ-ын дарга Х.Б-ын 07 дугаар захирамжаар байгуулсан ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Ш ахлагчтай ажлын хэсэг зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасан багийн Иргэдийн нийтийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан хориглосон зүйл заалтыг зөрчиж гарсан захирамж тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйзэрэг захиргааны илт хууль бус актын шинжийг агуулж байгаа гэж үзэж маргасан.

Иймд Архангай аймгийн Ө-У сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлын хэсэг томилох 05 дугаар захирамж, Архангай аймгийн Ө-У сумын ИТХ-ын даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, 2025 оны 1 сарын 26-ны өдрийн багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэл, 2025 оны 2 сарын 22-ны өдрийн багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэлийг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Б. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж заасан байна.

Гэтэл энэ 2025 оны 02 сарын 22-ны дахин санал хураалтаар Т.Э-т 222 санал, Т.У-т 119 санал өгч Т.Э 3 хүний саналаар ялсан гэх боловч Архангай аймгийн Ө-У сумын ИТХ-ын даргын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь тус сумын Баянгол багт харьяалалгүй Ж.Б, Э.М, Б.Д, Г.П, С.Б, Т.Б, Ч.Б, Т.О, Б.Б /Хэргийн 1 дэх хавтасны 225, хэргийн 2 дах хавтасны 42, 55, 60, 68, 87, 98 дугаар хуудас/ нарын 9 иргэнийг санал өгүүлсэн нь 3 хүнээр ялж ялагдсан сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн нь тодорхой харагдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3-т Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй гэж заасан байтал Баянгол багийн харьяат биш дээрх нэр бүхий 9 иргэн санал өгсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байхад тухайн лавлагаануудыг нотлох баримтаар үнэлээгүй үндэслэлээ дурдаагүй.

В. Шүүхийн шийдвэрийн 9-д Түүнчлэн нэхэмжлэгч Т.У нь 2025 оны 6 сарын 16-ны өдөр Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох хүсэлтийг Архангай аймгийн Ө-У сумын засаг даргад гаргасан байна.”, 10-д Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.У нь уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг нийгмийн баталгааг эдлэхээ илэрхийлсэн гэж дүгнэсэн байна.

Дээр дурдсан 6 сарын тэтгэмжтэй холбоотой нотлох баримтыг үнэлснийг харахад шүүгчийн хувийн хандлагад харагдаж байна. Нэхэмжлэгч Т.У сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн бол захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэхгүй байсан. Уг тэтгэмжийг аваагүй байгаа болно.
 

      1. Төсвийн тухай хуулийн 8.4.2-т “төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жил бүрийн 07 дугаар сарын 20-ны дотор жилийн төсвийн төслөө харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх гэж заасан байдаг тул төсвийн саналд тусгуулах хүсэлт гаргаж өгөхийг ЗДТГ-аас шаардсаны дагуу гаргаж өгсөн баримт юм.
      2. Ажилгүйдлийн тэтгэмжийн тухайд Нийгмийн даатгалаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14.1.3-т “ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор гэж заасан байдаг ба төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарсан бол энэ хоёр тэтгэмжийн материалыг бүрдүүлэх эрх шууд үүснэ. Тэтгэмжээ авах хүсэлт өгсөнг нь санал хураалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргааны зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагын төрөлд нь хамааруулж, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудын үндэслэлийг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.  Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай07 дугаар захирамжаар багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулахад хэн ч олонхын санал аваагүй Баянгол багт 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагаас 15 цагийн хооронд дахин санал хураалтыг явуулах, дахин санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасантай нийцжээ.

 3. Тодруулбал, хариуцагчийн хувьд дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь тус сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолоор батлагдсан

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай,

-Багийн засаг дарга нэр дэвшүүлэх тухай,

-Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн сонгох тухай гэсэн 3 хэлэлцэх асуудлын Багийн засаг даргад нэр дэвшүүлж сонгох хуралдаанаар нэр дэвшигч Т.Э, нэр дэвшигч Т.У нарын хэн нь ч олонхийн санал аваагүй, багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийг ч байгуулалгүйгээр багийн нийтийн хуралдаан тарсантай холбоотой байна. 

 4. Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-д заасан “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 32.8.9-д заасан “Баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.” гэж заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

 5. Иймээс иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлох зарлах үүрэгтэй багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг байгуулаагүй, мөн тус нийтийн хурлын зөвлөлийн хуулиар тогтоосон бүрэлдэхүүнд багтах багийн Засаг дарга сонгогдоогүй тул хариуцагч Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай07 дугаар захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх “илт хууль бус захиргааны акт”-ын шинжид хамаарахгүй.

 6. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл Баянгол багийн Засаг даргын  санал хураалт дахин явуулах хуралдааны өдөр, хугацааг товлох, уг санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсгийг баталсан зэргээр хариуцагч зохион байгуулалтын шинжтэй маргаан бүхий актыг гаргаснаараа орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-д заасан  “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 35 дугаар зүйлийн 35.3-д заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно”  гэснийг зөрчөөгүй байна.

7. Иймд хариуцагч Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай07 дугаар захирамж гаргах эрх зүйн үндэслэлтэй байх тул уг актын дагуу зохион байгуулагдсан тус сумын Баянгол багийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан хурлыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

8. Энэ талаар анхан шатны шүүх маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

9. Архангай аймгийн Ө-У сумын Соёлын төвд 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 07 минутад  эхэлсэн Баянгол багийн Засаг даргын сонгох сонгуульд 443 иргэд оролцож, санал өгснөөс хүчингүй 2, Т.Эт 222, Т.Ут 219 хүний санал авсан гэж тоологдож, Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолоор дахин санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн санал авсан нэр дэвшигч Т.Э-ыг Баянгол багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжилсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал,

9.1. Тухайн хуралдаанд нийт 443 сонгогчоос 2 хүчингүй саналын хуудсыг  хасалгүйгээр “олонхийн санал” авсан нэр дэвшигчийн саналыг тооцох ёстой атал хасаж тооцож 441 саналаас Т.Э 3 хүний саналаар буюу санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн санал авсан хэмээн үзэж дүнгийн тооцоолол хийсэн нь буруу байна. Саналын хуудас нь хүчингүй болсон сонгогчийг нийт сонгуульд оролцсон иргэдийн тооноос хасвал энэ нь сонгуулийн нийт ирцэд нөлөөлнө.

9.2. Хэрэгт авагдсан баримтуудаар багийн Засаг дарга сонгох сонгуульд иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус багт харьяалалгүй, иргэд болох нийт Ж.Б /хх-60 тал/, Э.М/хх-68тал/, Б.Д /хх-55тал/, С.Б /хх-42тал/, Т.Б /хх-87 тал/, Ч.Б /хх-98 тал/, Б.Б /хх-99 тал/ нар оролцсон болох нь тогтоогдож байна.

9.3. Мөн хэрэгт авагдсан Баянгол багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтад оролцсон иргэдийн ирцийн бүртгэлийн /2 хэсэг болгож бүртгэсэн 1-р хх-83-97 тал/ 26-д Ц.О, 94-д Б.Э, 169-д Б.Б нарын гарын үсэг зурагдаагүй атлаа санал өгсөн сонгогчийн бүртгэлийн ирцэд бүртгэгдсэн, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №11/499 албан бичгээр “...регистрийн дугааргүй, регистрийн дугаар нь буруу 54 иргэний лавлагааг гаргах боломжгүй байна” гэсэн байна.

9.4. Дээрх байдлуудаас үзвэл, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад тухайн багт бүртгэлгүй 7 иргэн оролцсон, иргэний үнэмлэхийн зөрчилтэй 54 иргэн, гарын үсэг зурагдаагүй атлаа ирцийн бүртгэлд тоологдсон 3 иргэн /нийт 64/ байна.

9.5. Энэ нь иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг хорооны эрх бүхий иргэн оролцох эрхтэй байхаар зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-д “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг хорооны иргэдийн Нийтийн хурлын оролцогч болно” гэсэнтэй нийцээгүй, дээрх нэр бүхий иргэд багийн иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болж багийн Засаг даргыг сонгох эрх эдэлж, хуралд оролцсоныг багийн иргэдийн нийтийн хурал хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

9.6. Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл саналын зөрүү ойрхон, багт бүртгэлгүй иргэд сонгуульд оролцсон зэрэг дээр дурдагдсан зөрчлүүд нь багийн Засаг даргын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэхээр байх ба Багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Э-ыг Баянгол багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжлах тогтоол гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйл баримт тогтоогдож байх тул Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан “илт хууль бус захиргааны акт”-ын шинжид хамаарна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус зааснаар Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тухайн актыг үндэслэн гарсан Архангай аймгийн Ө-У сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Т.У-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн Т.Э-ыг албан тушаалд томилох тухай Б/16 дугаар захирамжийг мөн илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.

11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн дээрх маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоож, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 109/ШШ2025/0033 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6, 47.1.7 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.3, 32.4, 32.8.4, 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.У-аас Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурал, Архангай аймгийн Ө-У сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Ө-У сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Санал уламжлах тухай 06 дугаар тогтоолыг болон Архангай аймгийн Ө-У сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-ыг албан тушаалд томилох тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж, үлдэх Архангай аймгийн Ө-У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ   

ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА