Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1157

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ю.Э, Ц.Р нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 37 556 104 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Дэлгэрцогт,

Хариуцагч: Ц.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ю.Э, Ц.Р нар 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус банктай 271 тоот орон сууцны зээлийн гэрээ, 271/01 тоот барьцааны гэрээ байгуулан 32 900 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 6 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан боловч зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл 29 547 798.21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 7 513 826.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71 931.13 төгрөг төлөх үүрэгтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатчийн зардал 29 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 049 төгрөг, нийт 37 556 104.59 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 15,6 хувь, сарын 1,3 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 2011 онд авсан. Зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч 2012 оноос хойш улс төрийн сонгуулийн үр дагавраас болж бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажлаас удаа дараа халагдаж, бага цалинтай ажилд түр томилогдон ажиллаж ирсний улмаас зээлийн эргэн төлөлтөнд хүндрэл гарч байна. Төрийн албан хаагчийн хувьд хувийн аж ахуй, бизнес эрхлэх, улс төрийн аль нэг намд харьяалагдах зэрэг зарим эрхийн хязгаарлалттай байдаг. Мөн хүний сайн сайхны төлөө хүмүүнлэгийн чиглэлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тасралтгүй 32 жил ажиллаж байна. Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээл нь 15 жилийн хугацаатай бөгөөд одоо нийт хугацааны 40 хувь өнгөрч байна. Энэ хугацаанд бид банкнаас авсан зээлийн хүүг барагдуулж төлж дууссан. Одоо үндсэн зээлийн төлбөр үлдэж байгаа. Одоо зээлийн хугацаа дуусахад 9 жил үлдсэн байна. Энэ хугацаанд зээлийн гэрээг үргэлжлүүлж, банктай эвлэрэх шугамаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Банкны зүгээс уян хатан хандаасай гэж хүсч байна. Мөн банкны зээлээс ойр ойрхон хугацаанд удаа дараа дахин дахин шүүхэд хандаж дарамт үзүүлж байгаад харамсаж байна. Үүний нэг жишээ нь, саяхан уг зээлийн маргааны асуудлаар давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх шийдвэрлэсэн атал  ийм богино хугацаанд төлбөр, зөрчлийг арилгах боломж олголгүй дахин шүүхэд хандсан байна. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдан мөрдөгдөж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь заалтад Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид эвлэрлийн арга замаар шийдвэрлэх шүүхийн шийдвэр гаргаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан бусад холбогдох заалтыг тусган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Р шүүхэд гаргасан тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй орон сууцны зээлийн төлбөр нь Ю.Эын цалингаас төлдөг байсан. Ю.Э нь төрийн албанд ажиллаж байсан. Төрийн албанаас 2 удаа халагдаж зээлийн төлөлтөнд хүндрэл учирсан. 2017 онд Ю.Э төрийн албанд буцаж орсон боловч анхан шатны төрийн албаны шатлалаар цалинжиж байсан учир зээлээ төлж чадалгүй өдий хүрсэн. Худалдаа хөгжлийн банк нь биднийг дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваагүй байхад дахин шүүхэд хандсан гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э, Ц.Р нараас 37 556 104.59 /гучин долоон сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож,  

 Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000158080 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 931 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ю.Э, Ц.Р нараас улсын тэмдэгтийн хураамжид 413 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч Ц.Р давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Энхтүвшин нь хэрэг хянан шийдвэрлэх маргаанд оролцсон ба миний бие өөрийн нөхөр Ю.Эрхэмбаатрын төлөөлөгчөөр оролцсон. 2018 оны 03 сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд миний бие БНХАУ-д хувийн хэргээр зорчсон байсан тул өөрийн төлөөлөгч А.Энхтүвшингээр дамжуулан Ю.Эрхэмбаатрын төлөөлөгчийн хувиар шүүх хуралд заавал биелчлэн оролцох, мөн өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгээр өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй байгаагаа, хуралд биечлэн оролцох шалтгаанаа нотолсон нотлох баримтаа тухайн өдөр гаргах боломжгүй боловч өөрийн "биеээр БНХАУ-аас ирсэний дараагаар өгөх тухай хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. А.Энхтүвшин нь өөрийг нь оролцуулалгүйгээр хурал хийхийг зөвшөөрсөн нь хариуцагч Ю.Эын хүсэл сонирхол огт биш юм. Гэтэл шүүхээс 2018 оны 3 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг миний өмгөөлөгч авах хүсэлт, мөн Ю.Эрхэмбаатрын төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа талаарх хүндэтгэн үзэх нотлох баримтуудын талаарх хүсэлтийг минь хүлээн авалгүйгээр намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төлөөлөгч А.Энхтүвшингийн хувьд зөвхөн иргэн Ц.Рыг төлөөлөх эрхтэй ба Ю.Эрхэмбаатрыг төлөөлөх эрхгүй байхад Ю.Э болон түүний төлөөлөгчийг хуралд оролцуулалгүйгээр тэгш эрхтэйгээр шударгаар мэтгэлцэх бололцоог хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж бидний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Бидний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих хэмжээгээр гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэнээ хүлээн зөвшөөрдөг боловч зээл төлөх төлбөрийн чадвар тодорхой хугацаагаар муудсан байсан, энэ нь манай нөхрийн ажил эрхлэлтийн байдалтай шууд холбоотой болохоо нотолсон баримтыг хэрэгт өгсөн. Гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байхад бидний насаараа төрд ажиллан шударгаар хөдөлмөрлөн байж олж авсан ганц хөрөнгийг минь хууль бусаар хурааж авахаар анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдсэнийг буруу байсныг Монгол Улсын Дээд шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр тогтоол байхад Банк бидэнд зээлийн гэрээний зөрчлөө арилгах ямар ч бололцоо олголгүйгээр дахин шүүхдэж, шүүхээс банкны эрх ашигт тохируулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

                                     

            Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Ю.Э, Ц.Р нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 133 555 төгрөг, нотариатын зардалд 29 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 393 049 төгрөг, нийт 37 556 104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

                        Зохигчид 2011 оны 8 сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХБ ХХК нь 32 900 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Ю.Э, Ц.Р нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг жилийн 1,6 хувийн хүүтэйгээр, 15 жил буюу 180 сарын хугацаанд төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат 12 дугаар байрны 06 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Эксим капитал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Тодруулбал, зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг 2016 оны 6 сарын 14-ний өдрөөс хойш төлөөгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс хугацаанаас өмнө татгалзаж, зээлийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Хариуцагч нарын дээрх үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл 2016 оны 6 сарын 14-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт ямар нэгэн төлөлт хийгээгүй буюу гэрээний үүргийг 1 жил 10 сарын хугацаанд зөрчжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй байна.

 

             Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 29 547 798 төгрөг, хүү 7 513 826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71 931 төгрөг, нийт 37 133 555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь нотариатын зардалд 29 500 төгрөг төлсөн болох нь нотариатчийн нэхэмжлэх болон бэлэн мөнгөний тасалбараар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч баримталвал зохих хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

            Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд хариуцагч нарт холбогдуулан зээлийн мөнгөн хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /хх-53/ 393 049 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар өмнө нь шүүхийн шийдвэрээр хуваарилагдсан улсын тэмдэгтийн хураамжийг дахин шийдвэрлэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өөр хэрэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан шаардсан 393 049 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заасантай нийцнэ.

 

            Хариуцагч Ю.Эаас 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Ц.Рад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг бүрэн төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон байх бөгөөд шүүхээс хариуцагч буюу Ю.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Рад шүүх хуралдааныг товыг /хх-90/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн байна. Иймд хариуцагч Ю.Эт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн давж заалдах үндэслэлгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “... 453 дугаар зүйлийн 453.1 ...” гэсний дараа “, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, “... 37 556 104.59 /гучин долоон сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай” гэснийг “37 163 056 төгрөгийг гаргуулан ХХБ ХХК-д олгож, нэхэмжэлийн шаардлагаас 393 049 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “...413 965 төгрөг...” гэснийг “343 765 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ