Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алтансүхийн Батмандах |
Хэргийн индекс | 105/2023/1225/Э |
Дугаар | 1246 |
Огноо | 2023-10-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1246
2023 10 04 2023/ШЦТ/1246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ц.Сайнхүү нарыг оролцуулан эрүүгийн 2306 02904 2522 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мон-Алтиус Дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул 1-10 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Генерал” нэртэй бааранд барменаар ажиллаж байхдаа иргэн Ц.Эрхэстэй үл ойлголцол маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учрууулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Эрхэсийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:
- шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.” гэв.
- шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Хохирогч Ц.Эрхэс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед өөрийн эхнэр Уянга болон эхнэрийн найз Солонго нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Генерал бааранд орж үйлчлүүлсэн. Тэгэхдээ 6 шил пиво захиалж уусан. Тэгээд гарах гээд тооцоогоо хийх гэж байтал 25-26 орчим насны залуу тооцоогоо хийсэнгүй гээд намайг зодчихсон. Зодохдоо миний хамар руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би энэ баарны эзэн байна гээд орилоод байсан. Миний хамар битүүрч агаар чөлөөтэй амьсгалж чадахгүй байна. Дарахад мөн хөндүүртэй байна. Өөр биеийн бусад хэсгээр учирсан гэмтэл, шарх зовиур байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №6518 дугаар шинжээчийн дүгнэлт:
1. Ц.Эрхэсийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2023.05.15-16-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлтээр /хх-ийн 14-15/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч *******ат-Эрдэнийг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,
шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Эрхэс нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ