Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-т холбогдох эрүүгийн 2330000000080 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 12-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт Сүхбаатар аймгийн Х сумын ... дугаар баг “Ш” гэх газарт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2022/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2023/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

С овогт А-ийн А 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Billion” баарны гадна хохирогч Б.Ү-тай маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь “баруун нүдний доод зовхи, нүдний дотор буланд цус хуралт, уруул, уруулын дотор салст, духанд шарх, баруун хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.     

Эрүүгийн 2330000000080 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би төрсөн өдрөө тэмдэглэхээр найз О-ын хамт 00 цаг 30 минутын үед “Billion” бааранд орсон. “Billion” бааранд орохынхоо өмнө О бид хоёр 2.5 литрийн пиво хувааж уусан. Бааранд ороод “Сэрүүн” пиво нэг нэгийг уусан. Тэгээд 01 цагийн үед нойлын өрөөнд ороход танихгүй 2 ах зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь гарсан чинь намайг мөрлөсөн. Тэгэхээр нь “зүгээр байгаарай” гэхэд “гараад үзэх үү” гэхээр нь “тэгье” гээд нойл орж бие засаад гадаа гарсан чинь нойлд таарсан 2 залуу бас өөр залуустай хамт байсан. Тэгэхээр нь би “яасан гэнээ та нар” гэсэн чинь нэг танихгүй залуу “юу гэнээ” гээд над руу ойртохоор нь би тэр залууг хавирч унагаад ууж байсан пивоныхоо шилээр нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл найзууд нь ирж салгасан.” гэх / хх 28-29 дүгээр хуудас /,
  • Хохирогч Б.Ү-ын “Би 2023 оны 03 дугаар сарын 12-ны орой найзууд болох И, Г нарын хамт 01 цагийн үед бааранд орсон. Бид гурав бааранд орохоосоо өмнө 2 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Баарнаас 02 цагийн үед гараад би салхинд цохиулаад тасарсан. Тэгээд би баарны гадна тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу ирээд цохих шиг болсон. Тэгээд яг яасныг сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь архи уугаагүй байсан найз И манайд ирээд “чамайг баарны гадна тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу ирээд араас чинь татаж унагаагаад ууж байсан пивоныхоо шилээр нүүр хэсэгт чинь цохисон” гэж ярьж байсан.” гэх / хх 5-6 дугаар хуудас /,
  • Гэрч А.У-ийн “Манай нөхөр Ү нь шөнийн 3 цагт ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай уруул нь сэтэрсэн, баруун талын хацар нь хавдсан, баруун нүд нь хөхөрсөн бусдад зодуулсан байдалтай ирсэн. Би юу болсон талаар асуухад ““Billion” баарны гадна 2 найзтайгаа тамхилаад зогсож байхад нэг залуу ирээд намайг цохиж унагаагаад, ууж байсан пивоныхоо шилээр намайг цохиж гэмтээсэн” гэж хэлсэн. Би найзууд болох Идэрбаяр, Ганбат нараас асуухад “гадаа тамхилаад зогсож байхад Амарбаяр гэх залуу ирээд Үүрцайхыг үгийн зөрүүгүй цохиж унагаад зодсон” гэж хэлсэн.” гэх / хх 8-9 дүгээр хуудас /,
  • Гэрч Г.И-ын “Үүрцайх бид хоёрыг гадаа тамхилж байхад нойлд таарсан залуу гарч ирээд над руу нэг юм хэлэх шиг болсон чинь Ү “юу гэнээ” гэхэд шууд гүйж ирээд Ү-ын малгайтай цамцных нь малгайн дээрээс нь татаад хойш нь унагаагаад ууж байсан пивоныхоо шилийг Ү-ын нүүрэн дээр цохисон. Тэгээд Ү хэсэг хэвтэж байгаад босож ирсэн.” гэх / хх 11-12 дугаар хуудас / мэдүүлэг,

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн хяналтын дэвтрийн хуулбар / хх 15-17 дугаар хуудас /,

  • Шүүгдэгч А.А-ын “иргэний үнэмлэхийн лавлагаа”, “оршин суугаа хаягийн лавлагаа” / хх 32-33 дугаар хуудас /,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэл тогтоол/ хх 35-44 дүгээр хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 26/85 дугаартай албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа / хх 45-46 дугаар хуудас /,
  • Шүүгдэгч А.А нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Billion” баарны гадна хохирогч Б.Ү-тай маргалдаж, түүнийг цохиж зодон биед нь “баруун нүдний доод зовхи, нүдний дотор буланд цус хуралт, уруул, уруулын дотор салст, духанд шарх, баруун хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ү, гэрч А.У, Г.И, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн хяналтын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч А.А нь хохирогч Б.Ү-ыг пивоны шилээр толгойн тус газарт цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, нүдний дотор буланд цус хуралт, уруул, уруулын дотор салст, духанд шарх, баруун хацар, шанаа, уруулд  зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч А.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч А.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч А.А өмнө нь хоёр удаагийн ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед тохиолдлын чанартай бааранд ороод гарч ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнтэй маргалдаж гэмт хэрэг үйлдсэн. Ээж, дүү нартайгаа хамт амьдардаг гэсэн боловч хүний мал маллаж гэрээсээ тусдаа амьдардаг. Улсын яллагчийн зүгээс албадан ажил хийлгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд байнга хүний мал маллаж байгаа. Одоогийн байдлаар мал нь уруудаж алга болсон, үхсэн зэрэг асуудлууд байгаа. Эдгээр байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэлгүй торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахдаа удаа дараа санаатай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж, 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан боловч дахин энэ  төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь өөрийн үйлдэл, гэм бурууд дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байх тул шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял  оногдуулахыг саналыг  хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Б.Ү нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй боловч гомдолтой гэж мэдүүлсэн болно.

Хохирогч Б.Ү нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хохирогч Б.Ү өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 15,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 15,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт А-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 300 /гурван зуун цаг/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.А-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 15,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ү гомдолтой гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

7. Хохирогч Б.Ү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ