| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 221/2024/0007/З |
| Дугаар | 221/ШШ2025/0033 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 221/ШШ2025/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “АМ” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газарт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолын “АМ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 1245.76 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э /цахимаар/, иргэдийн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0007/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “АМ” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолын “АМ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 1245.76 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч “АМ” нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
2.1. “АМ” ХХК нь Өвөрхангай аймгийн Б сумын нутагт орших “Ц” нэртэй газарт MV-018ХХХ дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайг анх “Х” ХХК 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн XV-0085ХХ дугаартай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшиж байсан. “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 1245.76 га газрыг давхцуулан улсын тусгай хэрэгцээний газарт авсан. Засгийн газар нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд анахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Х” ХХК-тай урьдчилан тохиролцох арга хэмжээ аваагүйгээс гадна хуулиар хүлээсэн нөхөн олговор төлөх үүргээ ч мөн биелүүлээгүй болно.
“Х” ХХК 2015 онд хайгуулын ажлын үр дүндээ тулгуурлан хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ хүрээнд хайгуулын талбайдаа бүхэлд нь дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. 2016 онд "Х" ХХК нь манай компанид /хуучин нэрээр "ЦЭМ" ХХК/-д нэгдэж, MV-018ХХХ дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл нь манай компанид шилжсэнээр нийтдээ 19 жилийн хугацаанд дээрх тусгай зөвшөөрөл бүхий газрын төлбөрийг төлж байгаа билээ.
Түүнчлэн манай компани Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2020-2024 оны ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт алтны олборлолт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс эх орны эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн, үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газар нь дээр дурдсанчлан хууль тогтоомжийг зөрчиж тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авснаар манай компани цаашид уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахад хуулийн хязгаарлалтад өртөхөөс гадна улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэсэгчлэн хүчингүй болгох зэрэг эрсдэл үүсэж байгаа нь манай компанийн ашигт малтмал олборлох эрэх болон түүнээс олох ашгаар илэрхийлэгдэх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байна.
Бид тус тогтоол дахь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргасан боловч гомдлыг хангах боломжгүй гэх хариуг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бидэнд ирүүлсэн.
2.2. Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар “тусгай хэрэгцээний газар” гэж... ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгоно. Монгол Улсын Засгийн газар нь 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлагдаж, улмаар тухайн үйл ажиллагаанаас олох ёстой байсан ашгаар илэрхийлэгдэх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газрын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай компанийн эзэмшлийн MV-018ХХХ дугаартай тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцлуулахаар шүүхэд хандсан, тусгай хэрэгцээний газартай давхцаж буй нөхөн олговор аваагүй газартаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг Монгол улсын Засгийн газар, түүний харьяа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд эдлүүлэхгүй байгаа зэрэг үйл баримтууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаагийн нотолгоо мөн.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн тухай: Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн" гэж тус тус заасан байдаг.
Засгийн газар нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд захиргааны байгууллагын хувьд аливаа шийдвэр гаргахдаа дээр дурдсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг дагаж мөрдөхөөс гадна захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, үндсэн зарчмуудын баримтлах үүрэгтэй. Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх буюу сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахынхаа өмнө түүнд мэдэгдэх сонсгох, оролцоог хангах, тайлбар гаргах боломж олгох зэрэг нь төрийн үйл ажиллагааны “ардчилсан ёс”-ны зарчмын илрэл болно.
Гэвч Засгийн Газар нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахдаа төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон дээр дурдсан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах үндсэн зарчим, журмуудыг дагаж мөрдөөгүй. Тодруулбал Засгийн Газар дээрх 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг гаргаж улсын тусгай хэрэгцээнд авахдаа манай компанийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 1245,76 га талбай нь дээр газарт давхцалтай байсаар байтал “оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах” журмын баримтлаагүй буюу дээрх шийдвэрийг гаргахдаа манай компанид шалтгаан, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар танилцуулж, мэдэгдээгүйгээс гадна тайлбар, санал гаргах боломж огт олгоогүй.
Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоол дахь манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсэг нь хууль бус болох тухай Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т Засгийн газар нь “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох" үүрэгтэй талаар тодорхой тусгасан. Хуулийн доорх заалтыг хэрэгжүүлэх журмыг тухайн тогтоолыг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар 14 дүгээр хавсралтаар баталсан "Газрын улсын тусгай хэрэгтэнд авах, гаргах журам"-д зохицуулсан байдаг. Тодруулбал, журмын 6 болон 7 дугаар зүйлд Засгийн Газрын эрх бүхий байгууллага газрын улсын хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө эргүүлэн авах газрын хэмжээ, зааг, нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх журам, хугацаа, газар чөлөөлөх хугацаа зэргийг урьдчилан тохиролцоно гэж заасан боловч Засгийн газар ажиллагааг огт явуулалгүйгээр хууль тогтоомжид заасан журмын зөрчин манай тусгай зөвшөөрлийн газрыг хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд авсан. Түүнчлэн "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам"-д Засгийн газрын эрх бүхий байгууллага газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа тухайн шатны Засаг дарга энэ тухай гэрээ байгуулах ба уг гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн дотор нөхөх олговрыг олгох, газар эзэмшигч нөхөх олговрыг авснаас хойш 30 хоногийн дотор газрыг чөлөөлөх, хугацаандаа газрыг чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлүүлэхээр зохицуулсан. Гэвч дээрх ажиллагаануудын аль нь ч огт явагдаагүй буюу Засгийн газар хууль тогтоомжоор тогтоосон урьдчилсан тохиролцох журмыг баримтлаагүйгээс гадна бусдын эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тул дээрх 64 дүгээр тогтоол нь хууль бус захиргааны акт байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "хучин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж, мөн зүйлийн 14.6-д "нөхөх олговрыг энэ хуульд зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах эрх нь маргаан бүхий тогтоол гарснаас нэг жилийн дараа үүссэн ч хариуцагч нь өөрийн тогтоолын солбицолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох арга хэмжээ аваагүй нь хууль бус байна.
Иймд Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоол дахь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцал бүхий газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаатай холбоотой харилцаанд хамаарахгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон Газрын тухай хуульд заасантай холбоотой нийтлэг харилцаа үйлчилж байгаа журам гэсэн үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байгаа юм. Энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа. ...
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага нэг жилийн дотор төлнө гэж хуульчилсан байгаа. Үүнтэй холбоотой асуудалд хариуцагчаас нэхэмжлэгч нөхөн олговроо авахтай холбоотой асуудлаар нэг жилийн дотор холбогдох байгууллагад хандаж, тухайн байгууллага шийдээгүй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй гэж заасан ба нэхэмжлэгчийг хандаж байгаагүй гэж тайлбарладаг. Гэтэл газрыг улсын тусгай хэрэгцээнд авах болон гаргах журмын 6 болон 7 дугаар зүйлд хэрвээ газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа бол тухайн шийдвэрийг гаргаж байгаа байгууллага тухайн хэрэг давхцалтай хэсгийг эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай зөвлөлдөж, нэг жилийн дотор нөхөн олговрын асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх тухай заасан. Үүгээр хариуцагчийн гаргаж байгаа холбогдох тайлбар үгүйсгэгдэнэ.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах болон гаргах журмын 16 дахь заалтад журмын 15-д заасан мэдэгдлийг газар эзэмшигч хүлээн авснаас хойш нэг жил болсон бөгөөд энэ журмын 14-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд үндэслэн солих буюу эргүүлэн авна гэж заасан. Мөн түүнчлэн журмын 19, 20, 21 дүгээр зүйлд үүнтэй холбоотойгоор түрүүлж газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргаж байгаа байгууллага мэдэгдэнэ. Үүний дараа харилцан зөвшилцөж, нөхөн олговрын хэмжээг тогтоох тухай хуульчилсан. Түүнчлэн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа “давхцалтай байна” гэдэг тодорхойлолтыг холбогдох төрийн захиргааны байгууллага, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаж өгсөн байхад давхцалтай байгаа хэсгийг эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбогдсон үйл баримт байхгүй. Үүнтэй холбоотой баримт хэргийн материалд авагдаагүй буюу тухайн үеийн эзэмшиж байсан “Х” ХХК-тай холбогдсон үйл баримт байхгүй. Тэгэхээр тусгай хэрэгцээнд авч байгаа бол давхацсан хэсгийг нь эзэмшиж байгаа байгууллагатай нь ч холбогдоогүй байна. Холбогдоогүйгээс гадна нөхөн олговрын асуудлыг нь шийдвэрлээгүй байна. Тэгэхээр 64 дүгээр тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гарсан тогтоол байгаа учраас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 367 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Төвийн бүсэд аймаг дундын отрын бэлчээр шинээр байгуулан тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж 2009 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Б, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Б нарт даалгасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 276 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа барилга, геодези, зураг зүйн газрын холбогдох дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг “Төвийн бүсэд аймаг дундын отрын бус нутаг бий болгохтой холбогдсон судалгаа хийх, бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлох, хилийн цэсийг тогтоох”-оор ажилласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 276 дугаар тушаалын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан “Төвийн бүсэд аймаг дундын отрын бүс нутаг шинээр бий болгохтой холбогдсон арга хэмжээний төлөвлөгөө”-г дагуу ажилласан. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар Төв, Булган, Өвөрхангай аймгуудад албан томилолтоор ажиллаж холбогдох судалгааг хийж, сумдын удирдлагууд, малчид болон компаниудтай уулзаж хэлэлцүүлсний дагуу Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан сумдын болон Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдан “Аймаг дундын отрын бүс нутаг” болгон ашиглах газрын хилийн цэс, газрын заагийн солбицлуудыг тогтоосон саналуудаа ажлын хэсэгт ирүүлсэн байна. Түүнчлэн сонгон авч байгаа аймаг дундын отрын бэлчээр нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон эсэх талаарх тодруулгыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас авсан байна. Аймаг, сумдаас ирсэн саналуудыг нэгтгэн холбогдох яамдаас саналыг авч Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулсан байдаг.
4.2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “энэ хуулийн 16.1-д заасан зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ зааг, ашиглах журмыг тогтоох эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх” гэж заасны дагуу тухайн газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээний газарт авч, энэхүү тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтыг Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ Монгол Улсын Засгийн газрыг улсын тусгай хэрэгцээний зориулалтаар авахдаа Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох тухай заасан хуулийн заалт болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын 6, 7 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзээд байна. Гэтэл энэхүү журам нь Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан журамласан харилцааг зохицуулсан байдаг бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг газрыг хэрхэн улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгаагүй байдаг. Харин 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж хуульчилсан. “Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д 13-д заасан нөхөх олговрыг авах хүсэлтийг хуулийн хугацаанд Ашигт малтмалын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагад гаргаж, улмаар татгалзсан хариуг авснаар уг шийдвэрийг эс зөвшөөрсөн хүсэлтийг шийдвэрлээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзээд байгаа юм. Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолоор газрыг улсын тус тусгай хэрэгцээнд авснаар “Х” ХХК нь ашигт малтмал эрэх хайх үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болоогүй үед үүнээс холбогдон тогтоол гаргасантай холбоотой ямар нэгэн гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй.
4.3. Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоол батлагдан гарсны дагуу буюу Захиргааны 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаартай албан бичгээр тухайн үед байгуулаад байсан аймаг дундын 6 отрын бэлчээрийн Монгол Засгийн газрын тогтоол болон тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг дундын отрын бэлчээрийн хилийн зааг, цагуудын солбицлуудыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг. Үүнээс холбогдуулан Ашигт малтмалын газрын 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХХ дугаартай албан бичгээр, захиргаанаас ирүүлсэн аймаг дундын отрын 6 бэлчээрүүдийн хил заагийн эргэлтийн цэгийг зураг зүйн бүртгэлд 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн талаар мэдэгдсэн байдаг. Засгийн газар 2010 оны 64 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ХХ дугаартай албан ёсоор нийтэд нийтлэн танилцуулсан байдаг. Түүнчлэн тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн журам батлах тухай 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 4.3-д заасны дагуу одоогийн бидний мэддэгээр legalinfo.mn цахим сайтад байршуулах зохицуулалттай.
4.4. Гэтэл тухайн үед нийтэд илэрхий болсон Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолыг “Х” ХХК нь мэдээгүй гэх, мөн нөхөх олговрыг олгоогүй мэтээр “АМ” ХХК нь 14 жилийн дараа гомдол гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дугаартай тогтоолын 4-т “Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан “... урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан” гэдэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг эрх бүхий байгууллагаас бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нөөцөд буюу тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах үед уг талбайд хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон этгээд хамаарна” гэж тогтоосон. Үүнээс үзэхэд тухайн үед “Х” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан болохоос биш “АМ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгаагүй бөгөөд 14 жилийн дараа манай компанид мэдэгдээгүй, нөхөх олговор төлөх үүргээ биелүүлээгүй тул үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй, эсвэл Засгийн газрын 2010 оны 64 дүгээр тогтоолын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгч “АМ” ХХК нь нэхэмжлэлдээ дурдаад буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хуулийн үзэл санаа нь газрыг тусгай хэрэгцээнд авснаар тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх хайх боломжгүй болж, нөхөн олговор авах хүсэлтээ гаргаад, хуулийн 1 жилийн хугацаанд төлөөгүй тохиолдолд хэрэгжих зохицуулалт болно. Иймд нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Иргэдийн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Засгийн газрын тогтоолоор баталсан журам нь нэхэмжлэгчийн эрх ашигт нөлөөлсөн гэх үндэслэлгүй, тогтсон хууль журмын дагуу 2010 онд авагдсан хэргийг 2024 онд гэнэт эрх ашигт нөлөөлсөн нөхөн олговор олгох ёстой гэх нь үндэслэлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
а/ Засгийн газар нь 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоол гаргаж улсын тусгай хэрэгцээнд авахдаа манай компанийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй 1245.76 га талбай нь дээрх газарт давхцалтай байсаар байтал “оролцогчийг сонсох ажиллагаа явуулах” журмыг баримтлаагүй,
б/ Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын 6,7 дугаар зүйлийг зөрчиж газар эзэмшигчид нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн тул дээрх 64 дүгээр тогтоол нь хууль бус захиргааны акт,
в/ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заасан ... хариуцагч нь өөрийн тогтоолын солбилцолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох арга хэмжээ аваагүй нь хууль бус байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 16.3, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн “Засгийн газрын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр тогтоолын “АМ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 1245.76 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН