Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2022/0021

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Гомдол гаргагч:А.Д,

              Хариуцагч: У.Б байцаагч ,

              Гомдлын шаардлага: “Баян-Өлгий аймгийн У.Б  байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”  тухай шаардлага  бүхий  зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцэв.  

              Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн  өмгөөлөгч А.С, хариуцагч А.Е,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Гомдол гаргагч  А.Д нь “Баян-Өлгий аймгийн У.Б  улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-оор гомдол гаргасан.

 

            2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн У.Б  улсын байцаагч нь  тус аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 28/910 дугаар албан бичиг, Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай албан бичгээр  ирүүлсэн ”1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон А.Д нь  ажлаа хүлээлгэж өгөхгүй,  холбогдох хууль, журмын дагуу тамга,  тэмдэг  хүлээлцүүлэхгүй байна” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад “А.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн” нь  нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тамга, тэмдэг үйлдвэрлэх,хэрэглэх, хадгалах журам  зөрчсөн”  зөрчил гаргасан гэж үзээд А.Дд 500 нэгжтэй тэнцэх буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн У.Бхэлтсийн  хяналтын  улсын байцаагч нь  дээрх гомдол, мэдээллийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0002122 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулснаар  гомдол гаргагч А. Дина нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд  хандсан байна.

            4.Гомдол гаргагч  гомдлын шаардлагын үндэслэлдээ:

“Миний бие А.Д Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгт анх нээгдсэн үеэс эхэлж одоо хүртэл цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гаргаж, намайг өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Миний бие ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэж эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШЗ2022/00430 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Шүүхээс Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/43 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад Өлгий сумын Засаг дарга намайг тамга, тэмдгийг хууль бусаар ашигласан, Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа мэтээр аймгийн У.Бт үндэслэлгүй гомдол, мэдээлэл гаргасан байна. Тэгтэл аймгийн Б.У хяналтын улсын байцаагч А.Е-ээс намайг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.2 дугаар зүйлийн 6, 7, 8 дахь хэсгүүд, 14.3 дугаар зүйлд заасныг, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.8, 10.3 дугаар зүйлд заасныг, мөн Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1, 6.7, 6.8-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зөрчлийн 2213000104 дугаар хэрэг үүсгэсэн байна. Бодит байдалд Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б/43 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, биелэлтийг нь хангуулах үүрэгтэй ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний ажлыг хүлээж авсан юм. Энэхүү нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтнаас шалгаж тогтоосон атал намайг Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж 500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Холбогдох хуульд зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үздэг учиртай юм” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Өлгий сумын хүүхдийн 14 дүгээр цэцэрлэг анх үүсгэн байгуулагдсан цагаас эхэлж тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжийн дагуу А.Дг Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг А.Д эс зөвшөөрч иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ажил хүлээлцүүлэх тухай тэмдэглэлээр А.Дгийн ажлыг хүлээж аваад, 1 дүгээр цэцэрлэгийн ажлыг хүлээлгэж өгсөн нөхцөл байдал харагдаж байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас миний үйлчлүүлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд тамга, тэмдэг хэрэглэх,  хадгалах журам зөрчсөн гэдэг утгаар 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Энэ нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд холбогдогч гэж хүн, хуулийн этгээдийг хэлдэг. Эрх бүхий албан тушаалтнаас энэ тохиолдолд холбогдогчийг хуулийн этгээд гэж үзсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан  шийтгэлийн хуудас А.Д, регистрийн дугаар бичигдсэн, хувь хүн эсвэл албан тушаалтан зөрчил гаргасан мэтээр тогтоогдсон нөхцөл байдлыг бичээд 500000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцээгүй. Хуулийн этгээд,  хүн гэсэн хоёр нэр томьёог  зөв тодорхойлж чадаагүйн улмаас эрх бүхий албан тушаалтан алдаа гаргасан гэж харж байна. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““хуулийн этгээд” гэж  Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг ойлгоно” гэж заасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой  үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4,  4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.8, 10 дугаар зүйлийн 10.1,Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд, А.Д хуулийн этгээд биш нийтийн албан тушаалтан буюу захиргааны байгууллага гэж үзэхээр байна. Тэгэхээр А.Д г хуулийн этгээдтэй адилтгаж үзээд 500000 төгрөгөөр  торгуулийн шийтгэл оногдуулсан нь өөрөө эрх бүхий албан тушаалтан хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх нөхцөл байдал харагдаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох шийтгэлийн хуудас  эрх бүхий албан тушаалтнаас А.Д ямар зөрчил гаргасан бэ гэдгийг бичихдээ А.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тамгыг ашигласан зөрчил гаргасан учраас хувь хүн А.Д ,эсвэл албан тушаалтан А.Дг 500000 төгрөгөөр торгосон байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, ажил хүлээлцүүлэх комисс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцүүлсэн нь нотлогдож байна. Харин тэр хүртэл тамга ,тэмдгийг өгөхгүй, ажил хүлээлцэхгүй яваад байгаа асуудал байна. Энэ тохиолдолд ажил олгогч яах ёстой вэ гэхээр  тухайн Өлгий сумын Засаг даргын захирамжийг биелүүлээгүй тохиолдолд ажил хүлээлцүүлэх комисс Засаг даргад танилцуулах ёстой. Өлгий сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргах ёстой. Албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргахаас өмнө мэдэгдэл бичих ёстой. Гэтэл Өлгий сумын Засаг дарга захиргааны шийдвэрийн биелэлтийг өөрөө хариуцахгүйгээр шууд цагдаагийн байгууллага болон эрх бүхий албан тушаалтанд хандаад А.Д ажлаа хүлээлгэж өгөхгүй байна, ажлыг хүлээлцүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлээч гэдэг агуулгатай гомдол гаргасан байна.

 Эрх бүхий албан тушаалтнаас  тамга, тэмдэг хийлгэх,хэрэглэх журмын 6.8 дахь  заалтыг зөрчсөн гэж байна. 6.8 дахь заалтын удирдлага өөрчлөгдсөн гэсэн заалтад хамаатуулж тайлбарлаж байх шиг байна.  Миний үйлчлүүлэгч анхнаасаа 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс томилогдон явж байсан. 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөөлсөн тушаал гараагүй. Гагцхүү тодорхой нэг хугацаагаар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гарсан. Тэгэхээр 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн эрх, үүрэг бүрэн дуусгавар болоогүй. Гэтэл ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн  мэтээр эрх бүхий албан тушаалтанд Өлгий сумын Засаг дарга ойлгуулсан юм шиг байна. Хэрэв ажилтныг ажлаас бүрмөсөн чөлөөлсөн тохиолдолд эрэХөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтад зааснаар ажил хүлээлцэх сүүлчийн өдрийг тухайн шийдвэрт заавал заах ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтыг 2022 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжид зааж өгөөгүй учраас ажлыг хэзээ хүлээлгэж өгөх нь тодорхойгүй байсан.  Миний үйлчлүүлэгч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцсэн гэж үзэх юм бол 2022 оны 02 дугаар сарын 21-ийг хүртэл 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд ажиллаж, холбогдох санхүүгийн баримтад гарын үсэг зурсныг буруутгах боломжгүй. Энэ зөрчил биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээс үзэхэд, хэрэв төлбөр тогтоосон хохиролтой холбоотой асуудал байвал шүүхээс хэмжээг өөрчлөх, багасгах шийдвэр гаргах боломжтой. Гэтэл энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан төлбөр тогтоогоогүй, хохиролтой холбоотой зүйл байхгүй,  зөвхөн торгуулийн санкцтай зүйл яригдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Б/43 дугаар захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан А.Дг Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах шийдвэр гарган, уг шийдвэрийг цэцэрлэгийн эрхлэгч А.Дд танилцуулаад мэдэгдсэн боловч тэрээр хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, Улсын бүртгэлийн гэрчилгээг г хүлээж аваагүй, мөн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүрэг, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэж өгөөгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлтийг тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, төрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, түүний улмаас 1 дүгээр цэцэрлэгийн нийт 34 албан хаагчид болон 14 дүгээр цэцэрлэгийн нийт 26 албан хаагчид цалин хөлсөө хууль, журмын дагуу тогтоосон хугацаанд аваагүй зэрэг нөхцөл байдал нь ирсэн гомдол мэдээлэл, холбогдох гэрч нарын тайлбар, хүсэлт, эрх бүхий этгээдийн шийдвэр, бусад холбогдох нотлох баримтаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл ногдуулсан.

Ирүүлсэн гомдол, мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус зөрчлийн хэрэг нээсэн боловч холбогдох нөхцөл байдлыг харгалзаж үзээд зөвхөн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил нь бүрэн тогтоогдож байсан тул 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. А.Дгийн зарим хүсэлтийг ч хангаж хариу мэдэгдсэн.

Холбогдогч А.Дгийн гаргасан зөрчил нь зөрчлийн 2213000104 дүгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Б/43 дугаар захирамжаар түүний 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах түших эрх, үүрэг дуусгавар болсныг мэдсэн мөртлөө тэрээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл төрийн ажил, эрх үүрэг ,үйлчилгээг хувийн мэт бодож дураараа өгөөгүй, зөрчиж хадгалсан, хэрэглэсэн болно. Энэ тухай хавтаст хэргийн 4-9 хуудаст нотлох баримт байна. Өлгий сумын Засаг даргын захирамжийн биелэлтийг хангуулахаар ажлын хэсэг байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/22 дугаар захирамж болон ажлын хэсгийн ахлагч болох Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболатын  тайлбар байна. Ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцүүлэх тухай тэмдэглэл байна.  А.Д тэмдэглэлд танилцаж гарын үсэг зурсан байна.

Зөрчлийн хэргийн 14 хуудаст Өлгий сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн нийт 34 багш, ажилтан нарын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “Өлгий сумын Засаг даргын  Б/43 дугаар захирамжийн дагуу 02 дугаар сарын 01-ээс хойш томилогдсон хүн ирээгүй, үүний улмаас цалин хөлс хугацаанд авч чадахгүй, тогтоосон хугацаанд цалингийн зээлээ төлж чадахгүй маш их хохироод байгаа” тухай өргөдөл байна. Хэргийн 15-24 хуудаст 14 дүгээр цэцэрлэгийн ажилтан, албан хаагч нарын цалингийн хүсэлтүүд, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрийн санд 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэж А.Д гарын үсэг зурж, ня-бо Р.Е гарын үсэг зурсан байна. Энэ нь А.Д нь 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэх төрийн албан тушаалын эрх, үүрэг нь дуусгавар болсон, 14 дүгээр цэцэрлэгийн тамга, тэмдэг түших хэрэглэх эрх нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч тэрээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэрэглэж, хадгалж байсан нь тогтоогдож байна.

            Зөрчлийн хэргийн 25-26 хуудаст Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр  21 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан М.Н 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилд сэлгэн ажиллуулах захирамж гарсан боловч түүнээс хойш М.Нургүл 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл “А.Дгаас ажил хүлээж авахаар ажил хүлээлгэж өгөх хэсгийн хамт очсон боловч хүлээлгэж өгөөгүй, түүнээс хойш өнөөдрийг хүртэл би ажлаа хийж чадаагүй, улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна. Түүнээс биш сэлгэн ажиллуулах тухай захирамжийг эсэргүүцээгүй болно” гэх тайлбар, 30-р хуудаст А.Дгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн тайлбар, 31-48 хуудаст гэрч М.Н, Р.Е, Х.Н нарын мэдүүлгээр эрхлэгч А.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч тэрээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэрэглэж, хадгалж байсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

             Зөрчлийн хэргийн 49-52 хуудаст А.Дгийн 14 дүгээр цэцэрлэгийн ажилтан, албан хаагч нарын цагийн бүртгэл, ажилласан хоногийн талаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан бүртгэл, 53-54 хуудаст А.Дгийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт бичиг баримтын хуулбар, 58-80 хуудаст Өлгий сумын төрийн сангийн мэргэжилтэн Т.А гэрчийн мэдүүлэг ,нэмж өгсөн нотлох баримт байна. Мөн 86-94 хуудаст гэрч М.С, Х., М.Н нарын мэдүүлэг, 95-96 хуудаст 14 дүгээр  цэцэрлэгийн эрхлэгч М.Н мэдүүлэг, 14 дүгээр цэцэрлэгийн нябо Р.Е 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар эрхлэгч А.Д нь 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн эрх, үүрэг, тамга, тэмдэг түших эрх нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэрэглэсэн, хадгалсан нь улсын бүртгэлийн ерөнхий  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 “Монгол улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэх, 14.3-д “Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэх, мөн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “төрийн байгууллага, албан газар” хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэнэ" гэх,  10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад  хүргүүлнэ” гэх, Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфт хадгална“,  6.7- д “Байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно”,6.8-д “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь нотлогдож байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил мөн болно. Иймд А.Дгийн гомдол үндэслэлгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч А.Дгийн  гомдол үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Дг  Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны   02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Б/49 дүгээр  захирамжаар Өлгий сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н  Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус  сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/22  дугаар захирамжаар  Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцүүлэх  ажлын хэсгийг ахлагч, 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулсан байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгт очиж, сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамжийг  танилцуулж, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээлгэн өгөх талаар мэдэгдэх үед ажлын хэсгээс гадна 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д болон  14  дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ээс томилогдсон  М.Нургүл  нар байсан, А.Д “сумын Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй” гэсэн  тайлбар өгч, 14  дүгээр цэцэрлэгийн  тэмдгийг хүлээлгэн өгөөгүй болох нь  тус тус  тогтоогдсон.

4. Хариуцагч аймгийн У.Б  хяналтын улсын байцаагчаас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсаар “А.Д нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар  1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 14 дүгээр  цэцэрлэгийн тамга, тэмдгийг хэрэглэсэн  нь нотлох баримтуудаар  тогтоогдсон”  гэсэн үндэслэлээр холбогдогч А.Дг Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны  дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

             Хариуцагчаас  шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...эрхлэгч А.Д нь 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн эрх, үүрэг, тамга, тэмдэг түших эрх нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хэрэглэсэн, хадгалсан нь “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1,6.7,6.8 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь нотлогдож байна” гэсэн боловч шүүх хуралдаанд  “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.8  дахь заалтыг зөрчсөн гэж тодруулж тайлбарласан болно.

5.Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1-д “Тамга, тэмдэг үйлдвэрлэх хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”гэж, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны  тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.8-д “Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ” гэж  тус тус заажээ.

6. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “Ажил хүлээлцэх сүүлчийн өдрийг тухайн шийдвэрт заавал заах ёстой, ажил хүлээлцүүлэх комисс нь А.Дгийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлцүүлсэн, ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр  гэж үздэг тул зөрчил гаргаагүй” гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 83 дугаар зүйлийн 83.1-д “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна”, 83.2-т “Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй”, 83.3-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана” гэж  тус тус заажээ.

Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжид  ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй гэж  гомдол гаргагчийн өмгөөлөгч маргаж байгаа боловч уг захирамжид А.Дг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах  талаар тодорхой  зааснаас гадна Өлгий сумын Засаг даргаас  мөн өдрийн захирамжаар  байгуулсан ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцүүлэхээр 14 дүгээр цэцэрлэгт очсон байх тул энэ хугацааг  ажил олгогчоос тогтоосон ажил хүлээлгэн өгөх хугацаа  гэж үзэхээр байна.

Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д нь 2022 оны  02 дугаар сарын 07-ны өдөр  ажлаа хүлээлгэж өгөөгүй тул  2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өлгий сумын Засаг даргаас “...томилогдсон цэцэрлэгт очиж, захирамжийн биелэлтийг хангах, тавьсан шаардлагыг  биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох” агуулгатай мэдэгдэх хуудас хүргүүлсний дараа 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээлцэж, 14 дүгээр цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгсөн  үйл баримт тогтоогдож байгаа.

Зөрчлийн тухай хуулийн  2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус зааснаар Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн  эрхлэгчийн ажил, цэцэрлэгийн тэмдгийг хүлээлцээгүй 2022 оны  02 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн  ажил хүлээлцсэн буюу зөрчил үйлдэгдэж  дууссан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааг зөрчил үйлдсэн хугацаа  гэж үзсэн болно.  

7.Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар эрх бүхий этгээдийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон А.Д нь Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н ажил олгогчийн тогтоосон хугацаанд ажлаа буюу цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй үйл баримт  тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

8.Гомдол гаргагч А.Д нь “Тамга, тэмдэг, баталгааны  тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6.8-д заасныг зөрчиж  эрх бүхий этгээдийн тогтоосон хугацаанд Өлгий сумын 14 дүгээр цэцэрлэгийн тэмдгийг хүлээлгэн өгөөгүй  зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдож  байгаа боловч  түүнд 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Учир нь  Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.4.үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа“, 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө”, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно”, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.2.Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна”, 14 дүгээр зүйлийн  14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж тус тус зааснаас үзэхэд  цэцэрлэгийн эрхлэгч нь  эрх зүйн байдлын хувьд  төрийн үйлчилгээний байгууллага болох  цэцэрлэгийн удирдах албан тушаалыг эрхэлж байгаа, тухайн  байгууллагыг хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий төрийн албан хаагч  юм.

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."хуулийн этгээд" гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тус тус зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг хуульд заасан эдгээр  шинжүүдийг агуулсан хуулийн этгээд гэж  үзэх үндэслэлгүй болно.

Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1-т  “Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол” хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байхад маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн У.Б хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь уг заалт болон   мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж  заасантай тус тус нийцээгүй, гомдол гаргагчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1,  1.2 дугаар  зүйлийн  2, 3.1 дүгээр зүйлийн 2, 10.20 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч А.Дгийн    гомдлыг бүхэлд нь  хангаж, Баян-Өлгий аймгийн У.Б хяналтын улсын байцаагчийн  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0002122 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              С.ЕРКЕШ