Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1242

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Ө.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ө.А, Ө.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.А, Д.О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 418 266 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А, Д.О нар нь 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ө.Ааас 13 000 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч нар нь төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй. Төлбөрөө нэхэхэд Дорнод аймгийн Хэрлэн суманд байрлах 6 дугаар байрны нэг өрөө орон сууцаа зараад өрөө төлье гэсэн байдаг. Тухайн үед орон сууцыг худалдан авах гэж байсан хүн нь худалдан авахаа больсон учраас та энэ байрыг авах уу гэх саналыг Ө.Ад хариуцагч нар тавьсан. Ө.А нь өөрийн төрсөн дүү Ө.Ад орон сууц худалдан авч өгөх гэж байсан учраас уг орон сууцыг тухайн үеийн ханш болох 9 000 000 төгрөгөөр худалдан  авахаар харилцан тохиролцож, өмчлөх эрхийг Ө.Агийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Үлдэх 4 000 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж авахаар болсон. Ө.Аын нэр дээр шилжсэн нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьж, 4 000 000 төгрөгийг зээлж авч, хариуцагч нар банкны зээлийн графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нар Худалдаа хөгжлийн банкинд төлөх ёстой байсан 4 000 000 төгрөгийг төлөөгүй. Ө.А нь үндсэн төлбөр 3 264 883 төгрөг, хүү 1 683 099 төгрөгийг 2015 онд төлж дуусгасан. Гэтэл хариуцагч нарын шилжүүлсэн орон сууцны хууль ёсны өмчлөгч нар гарч ирж, Ө.А, Д.О нарыг хууль бусаар бидний өмчлөлийн орон сууцыг бусдад зарсан байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн журмаар шалгуулсан. Ө.А, Д.О нарын орон сууцыг шилжүүлсэн үйлдлийг хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан байна гэж үзэж, Ө.Агийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон. Иймд Ө.А, Д.О нар нь Ө.А, Ө.А нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал үүссэн. Талуудын хооронд мөнгө өгсөн, авсан тооцоо байдаг учраас нэхэмжлэгч тооцоог гаргаж, хариуцагч нараас 11 418 266.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байрыг буцаан өгсөн учраас байрны үнэ болох 9 000 000 төгрөг, банкнаас зээлсэн 4 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 736 000 төгрөг, хүү 1 683 099 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2005 онд Ө.Ааас 8 000 000 төгрөгийг зээлж аваад 10 хоногийн хугацаатай буцааж өгсөн. Гэтэл Ө.А нь надаас ямар ч үндэслэлгүйгээр хүү гэж 4 000 000 төгрөгийг авсан. Үүний дараагаар 2005 онд 13 000 000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед ямар нэгэн хүүтэй зээлийн гэрээ хийгээгүй бөгөөд аман тохиролцоогоор авсан байдаг. Тухайн үед банкны зээл бүтээгүй учир мөнгийг нь өгч чадаагүй учраас ахынхаа 1 өрөө байрыг түр хугацаагаар шилжүүлж өгсөн. Гэтэл Ө.А нь Худалдаа хөгжлийн банкнаас бидний байрыг барьцаалж 4 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус мөнгийг миний бие төлж барагдуулсан. Өмнө нь авсан 4 000 000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. Мөн бидний байрыг тавьж авсан зээл болох 4 000 000 төгрөгийг бид төлж барагдуулсан. Өнгөрсөн хугацаанд бид эд материалын болон бусад байдлаар төлж байсан. Иймд нэхэмжлэгч нь 2005 онд авсан зээлийг ямар үндэслэлээр надаас 2017 онд шаардаж байгааг ойлгохгүй байна. Учир нь Иргэний хуульд гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэсэн байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 9 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.А, Д.О нараас 11 418 266.97 /арван нэгэн сая дөрвөн зуун арван найман мянга хоёр зуун жаран зургаан төгрөг ерөн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А, Ө.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 57 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагч Ө.А, Д.О нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 197 643 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А, Ө.А нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Хариуцагч Ө.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие уг мөнгөнөөс 8 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ тухай шүүхэд тайлбарлаж хэлсэн боловч шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул гомдолтой байна. Маргаан бүхий байрыг нэхэмжлэгч нь барьцаанд тавьж зээл аваад тус зээлсэн 4 000 000 төгрөгийг миний бие чөлөөлж өгч байсан. Мөн надаас эд материал 3 000 000 төгрөг, бэлэн мөнгө 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан. Гэтэл шүүх энэ талаар надаас тодруулж тайлбар аваагүй. Нэхэмжлэгч нь банкны төлбөрийг өөрөө төлсөн гэх боловч миний бие төлж барагдуулсан гэдгийг хариуцагч нар өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Иймд миний бие хэт нэг талыг барьж шийдсэн байдалд гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг нягталн шалгаж миний төлсөн 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

  Нэхэмжлэгч Ө.А, Ө.А нар нь хариуцагч Ө.А, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 418 266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар 9 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

 

  Хариуцагч Ө.А, Д.О нар нь 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 000 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай нэхэмжлэгч Ө.Ааас зээлж авсан болох нь мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хэн аль нь уг үйл баримтад маргаагүй байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

   Зээлдэгч Ө.А, Д.О нар нь зээлийн төлбөрийн 9 000 000 төгрөгт тооцож Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 6 дугаар байр 78 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ө.Ад шилжүүлж, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ө.Агийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-ийн 70-73, 77, 80, 84, 92 дугаар тал/

 

    Нэхэмжлэгч Ө.А нь дээрх орон сууцыг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалж, 4 000 000 төгрөг зээлж авсан, хариуцагч нарын төлвөл зохих зээлийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөгийг Ө.Ад гаргаж өгсөн, уг банкинд төлөх зээлийг хариуцагч нар биелүүлэхээр талууд 2006 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл байгуулсан, уг үйл баримтад талууд мөн маргаагүй. /хх-ийн 8, 10-14 дүгээр тал/ Дээрх хэлцлийн дагуу хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банкинд 2014 оны 5 сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 сарын 18-ны өдрийн хооронд нийт 1 200 000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 13 дугаар тал/

 

   Анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй,  мөн талууд үүрэг гүйцэтгэх арга хэлбэрийг өөрсдийн хүсэлт зоригт нийцүүлэн тодорхойлсон байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

   Зээлдэгч нараас зээлийн төлбөрийн 9 000 000 төгрөгт тооцож өгсөн орон сууц нь өмчлөх эрхийн зөрчилтэй байсанаас Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 4 сарын 16-ны өдрийн 238 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ө.Ад олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болжээ. /хх-ийн 19-21 дүгээр тал/ Иймд зээлдэгч нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

   Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2 418 266 төгрөгийг төлөхгүй гэх үндэслэлээ “зээлийн төлбөрийн 4 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэж боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

  Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн төлбөрт 11 418 266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХТӨР                                         

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                                          Г.ДАВААДОРЖ