Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын багт оршин суух хаягтай, У овогт С.Ө /РД/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   ..миний бие 1964 онд төрсөн, .. 56 настай, улсад 17 жил 9 сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, Дэлгэрхангай сумын архиваас баримтууд олдохгүй байгаа тул 1986 оны 7 сарын 1-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Өнь ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 30 өдрийн 08/189 дугаартай “Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл, Говийн хангай хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 16-р хуудас/

-Гэрч Б.Дашдуламын “...Нэхэмжлэгч С.Өнь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1976 оноос эхлээд мал малласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа гэв. .... Хамт ажиллаж байсан болохоор мэдэх зүйлээ ярьсан....” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

-Гэрч С.Давагсүрэнгийн “...Нэхэмжлэгч С.Ө1986 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад өмч хувьчлал тартал мал малласан. Намайг нэгдлийн туслах үйлдвэрт буюу хороо худаг засдаг байхад нэхэмжлэгч дээрх нэгдэлд ажилладаг байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

-Гэрч  Д.Төмөрбаатарын “.. Нэхэмжлэгч С.Ө8-р ангиа төгсөөд 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд 1986 оны зун буюу 7 сард байх Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон бригадад хувьчлал тартал мал малласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа юм байна лээ. Ярьсан зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг шууд баримтууд,

-Б.Дашдуламд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1981 оны 06 сарын 02 өдөр олгосон, 1985-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-р хуудас/

-Тракторчин Давагсүрэн гэх эзэмшигч хүний нэр, албан тушаал гэх  бичиглэл бүхий 1990 оны 12 сарын 18 өдрийн Дэлгэрхангай Ш/З-ны ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хогшлын бүртгэл эх хувиар /хэргийн 12-р хуудас/

-1988 оны 12 сарын 30 өдөр Дэлгэрхангай сумын “Намын хороо, АДХГЗ, Шинэ зам нэгдлийн зөвлөл”-өөс Давгасүрэнд олгосон Баярын бичиг эх хувиар /хэргийн 13-р хуудас/

-Д.Төмөрбаатарыг ... 1983 оны 08 сарын 20 өдрөөс 1992 оны 04 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 сарын 05 өдрийн 139/ШШ2018/00396 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 14-15-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

   1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт С.Ө /РД/-ийг 1986 оны 07 сарын 1-ээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б