Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2330001400089 дугаартай хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...  дүгээр багт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн Зэовогт Г-ийн А   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод хохирогч И.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.    

Эрүүгийн 2330001400089 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би найз И.Э, Т.Ц нарын хамт 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ц-ийн хүргэнийд очиж хамт сууж байсан. Тухайн үед И.Э тэр айлын хүмүүстэй танилцаад 0.75 литрийн “Хараа” архи 2 шилийг авч ууж байсан. И.Э миний танил эмэгтэй болох Ц-г аваад айлаас гараад явсан. Тухайн үед Э “архинд яваад ирье” гээд гарсан юм. Дараа нь ирэхгүй болохоор нь би орой 20 цагийн үед Э-ийн гэр лүү нь очсон. Тэгэхэд Ц, Э нар хамт байсан. Э 0.5 литрийн “Хараа” архи гаргаж ирээд бид 3 хамт уусан. Архи ууж байхдаа Э бид хоёр Ц-аас болж маргалдаж эхэлсэн. Анх муудах болсон шалтгаан нь намайг Энх-Эрдэнийн гэрт ороход Ц ямар ч хувцасгүй надад хаалга онгойлгож өгөхөөр нь би архины халуунд Ц-г найз Э-тэй хардаж маргалдаад нүүр лүү нь гараараа цохисноо санаж байна. Өөр тухайн үед болсон асуудлыг сайн санахгүй байна.” гэх / хх 32-34 дугаар хуудас /,

- Хохирогч И.Э-ийн “Намайг өчигдөр орой буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед гэртээ байхад Гээдэн гэх залуу /нэрийг нь сайн мэдэхгүй байна, дууддаг нэрийг нь Гээдэн гэдэг/ эхнэр Ц гэх хүүхэнтэй цуг 0.5 литрийн нэг шил архитай ирсэн. Тухайн үед авчирсан архийг нь бид гурав уусан. Би архи ууж сууж байгаад унтаад өгсөн. Тэгтэл гэнэт Гээдэн миний цээж рүү хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Мөн миний нүүр лүү юугаар цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр хоорондоо муудаж, маргалдсан зүйл болоогүй.” гэх / хх 08-09 дүгээр хуудас /

- Гэрч Т.Ц-гийн “2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед И.Э нь миний утас руу залгаж миний хаана байгаа газрыг асуухаар нь би байгаа газраа хэлэхэд машинтай ирж намайг аваад гэр лүүгээ авч ирсэн. Тэгээд гэрт нь очиж 0.75 литрийн “Хараа” архи 1 шилийг хувааж уугаад тэндээ унтаад өгсөн байсан. Тэгсэн гэнэт Э-ийн гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь би “хэн юм” гэхэд “А байна” гэхээр нь би босоод хаалга нээж өгсөн. Тэгээд бид гурав 0.5 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тухайн үед А намайг “хувцсаа өмс явъя” гэж хэлээд И.Э-тэй маргалдаж муудаад хоорондоо зодолдож байсан. Тэгээд Энх-Эрдэнийн баруун талын нүд рүү нь А цохиж байгаа харагдсан. Тэгээд л дараа нь А бид хоёр гараад явсан.” гэх / хх 12-13 дугаар хуудас / 

- Хохирогч И.Э-ийн эмнэлэгт үзүүлсэн “Яаралтай тусламж үзүүлсэн хуудас №1936” / хх 18-20 дугаар хуудас /,

  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 89 дугаартай “ 1. И.Э-ийн биед тархи доргилт баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 21-22 дугаар хуудас /,

  • Шүүгдэгч Г.А-гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хх 39-40 дүгээр хуудас /,
  • Шүүгдэгч Г.А-д урьд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан шийтгэх тогтоолын хуулбар / хх 42-47 дугаар хуудас /,

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26/37 дугаартай “И.Э нь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал 134,000 гаргуулсан” гэх албан тоот, эмчилгээний зардлын баримт / 36-37 дугаар хуудас /,

  • Шүүгдэгч Г.А нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг “О”-ын задгай тоотод хохирогч И.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И.Э, гэрч Т.Ц нарын мэдүүлэг, “Яаралтай тусламж үзүүлсэн хуудас №1936”, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Г.А нь хохирогч И.Э-тэй хардалтын улмаас маргалдаж, түүнийг цохиж, зодон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцралт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч Г.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч Б.Алтанхүүд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Алтанхүү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан, тогтмол орлогогүй, одоо эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас гадагш явахыг хориглох буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.А нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд эмнэлэгт хэвтэж байгаа. Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулбал шүүгдэгч минь ажил хийдэггүй тул торгуулийн ялыг төлөх боломжгүй. Харин нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд Б.Алтанхүү нь уушгины өвчтэй эмчлүүлж байгаа. Тиймээс улсын яллагчийн зүгээс санал болгосон зорчих эрх хязгаарлах ялыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Шүүгдэгч Г.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, удаа дараа санаатай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч И.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, хохирогч И.Э нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч И.Э 2023 оны 02, 03 дугаар саруудад нийт 134,000 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 43,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна. 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шүүгдэгч Г.А-ээс Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 134,000 төгрөгөөс хохирогч И.Э тухайн гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 43,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 91,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Г-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.А-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ээс 43,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурдсугай.

8. Хохирогч И.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ