Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгч Б.Я нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Я-д холбогдох 2330000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ... сум .... дүгээр баг “Б” гэх газарт оршин суух урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ийн Я

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Я нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ... сумын нутаг дэвсгэр “Б” гэх газарт ... улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох 2 настай А.Мөнгөншагайг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Я нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн ... сумын нутаг дэвсгэр “Б” гэх газарт ... улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох 2 настай А.М-г дайрч амь насыг нь хохироосон болох нь:

шүүгдэгчийн  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-7 /, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл / хх 8-9 /, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-14 /, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А / хх 28-31/, гэрч Э.Ц / хх 33/ нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-46 /, шүүгдэгч Б.Я, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт / хх 76-77 / зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Я өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Б.Я-д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Я-ын №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Я-ыгАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Я-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Яд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Я-ын №... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Я энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ