Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

   

       2023        09        12                                         2023/ШЦТ/ 93

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Б.Д,

Улсын яллагч                                                            Н.Х,

Хохирогч                                                               А.Ө,

Шүүгдэгч                                                                     Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-д   холбогдох эрүүгийн 2204000000077 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслахаар ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороо, .......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-н Н/РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн ...................гэх амралтын газар хохирогч А.Ө “чи чинь Дорнодых билүү” хэмээн гадуурхаж, үл ялих зүйлээр шалтаглан баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн хэрэг болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тасарчихсан, юу болсон талаар санахгүй байсан. Маргааш өглөө нь ажил дээр очиход хүмүүс болсон үйл явдлын тухай хэлэхээр нь мэдсэн. Хохирогчийг цохиж байхыг жолооч, бас тэнд байсан хүмүүс харсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 39-40-р хуудас/,

Хохирогч А.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай ажлынхан амралтын газарт очсон. Тэр өдөр би ажлын У гээд залуутай бага зэрэг маргаад, уучлаарай гээд эвлэрсэн байсан. Тэр залуу Н-тэй нэг тасагт ажилладаг байсан, намайг цохих шалтгаан нь У-г өмөөрсөн байх гэж бодсон. Намайг хөгжим үүрээд явж байсан чинь Н ирээд “чи Дорнодынх билүү” гэхээр нь би “тийм ээ” гээд инээсэн чинь миний шанаа руу шууд цохисон. Тэгээд цохиулаад юу болсныг мэдээгүй, нэг мэдсэн чинь хүн намайг сугадаад явж байсан. Автобус дотор ухаан ороод, буугаагүй байхад миний эрүү хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлж рентген зураг авахуулахад эрүүний яс хугарсан байна, яаралтай хот явж хагалаанд ор гэсэн. Би 2023 оны 6 дугаар сарын 22-нд хагалгаанд орсон. Б.Н эмчилгээний мөнгө өгнө гэж янз бүрээр хэлж байгаад сүүлдээ “би мөнгө олж өгч чадахгүй нь ялаа эдлээд явъя” гэсэн. Тэгээд би цагдаад хандсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан баримт:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

Хохирогч А.Өсөх-И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-р хуудас/,

Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн  8067 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,

Шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 47-51, 53-61-р хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол барагдуулсан баримт /хх-ийн 116-р хуудас/,

Хохирогч А.Ө-н  шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан баримт:

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цахим бүртгэлийн маягтын хуулбарууд /хх-ийн 66-75-р хуудас/,

Гэм хорын хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 76-109-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны  6 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жан Нара” гэх амралтын газар хохирогч  А.Ө-г “чи чинь Дорнодынх билүү” хэмээн гадуурхаж, үл ялих зүйлээр шалтаглан баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хохирогч А.Ө-н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Б.Н-н хохирогчийн шанаа руу нь нэг удаа цохисон үйлдлээр эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл үүсгэж буй идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь:

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан: “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын зугаалга дээр А.Ө нь бусдад зодуулсан” гэх тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,

- Хохирогч А.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн тохижилт компанийн ажилчид бүгд Багануур дүүргээс урагшаа “Жан нара” гэх нэртэй амралтын газар өдөр нь очоод удаагүй 3-4 цаг байж байгаад орой ирцгээсэн. Бид бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Арга хэмжээний дундуур бүжиглэж байхад архи 6-7 удаа тойргоор ирэхээр нь уусан, гэхдээ би ухаанаа алдтал согтоогүй байсан. Үйл ажиллагаа тараад хөгжим өргөөд автобус руу явж байхад Н гэх хүн надад хандан “чи чинь нөгөө Дорнодых билүү” гээд ямар нэг шалтгаангүйгээр баруун гараараа миний зүүн шанаа руу цохиход би газар унасан. Тэр үед манай хэсгийн С ах “боль” гээд болиулсан. Б.Н амралтад очихоосоо өмнө архи уучихсан нэлээн согтолттой байсан. Анхандаа миний эрүү хөндүүртэй нэлээн хавдсан байсан. Би эрүүнийхээ зургийг авахуулаад Н-тэй уулзахад “хоёулаа цагдаа сэргийлэх гээд яах вэ, би чамд эмчилгээний зардлыг чинь өгнө” гэж хэлээд 10 хоносон. Тэгээд сүүлдээ мөнгө төгрөгөө өгөхгүй болохоор нь цагдаад хандсан. ... 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулаад гэмтлийн эмчид үзүүлэхэд миний эрүүг хугарсан байна гээд яаралтай хагалгаанд орох талаар зөвлөсөн. Тэгээд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 13А  маягт авч очиж Улсын нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Эрүүгээ хадуулж, хугарал дайрсан 1 шүдийг маань авсан. Эмчилгээ хийлгэхэд гарсан бүх зардлуудаа тооцож, баримтуудыг өгсөн. Би ажлаа хийгээд явж байсан бол өөрийнхөө цалингийн зээл, бусад өр төлбөрөө барагдуулаад явах байсан. Одоо надад орлого байхгүй, эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Олон нялх хүүхэдтэй. Надад гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-13-р хуудас/,

- Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллага буюу “Авто жим”  ХХК-ийн ажилчид Хэрлэн голын тэнд байх нэрийг нь мэдэхгүй амралтад 15 цагийн үед очсон. Байгууллагын арга хэмжээ болоод бид нар баярлацгаасан. Тэгээд 20-21 цагийн үед би 00 орчихоод явж байхад тарж байсан. Тэгээд Ө манай ажлын бичиг хэргийн ажилтны хамт хөгжим өргөөд автобусанд суух гээд явж байхад баруун талаас нэг эрэгтэй хүн гүйж ирээд Ө-д  хандаж “чи Дорнодых уу” гэж асуухад Ө “тиймээ би Дорнодых” гэж хэлж байсан. Тэр хүн Ө-н зүүн шанаа руу нь 1 удаа цохьчихоод буцаад яваад өгсөн. Би тэр хүнийг танихгүй дараа сураг сонсоход Нэргүй гэдэг хүн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8067 дугаартай: “1.А.Ө-н биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

              Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

              Хохирогч А.Ө-с: “...шүүгдэгч нь эмчилгээний зардалд нэг ч төгрөгийн тусламж өгөөгүй байгаа, надад гомдолтой байна” гэх дүгнэлтийг,

              Шүүгдэгч Б.Н-с: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруутай үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан” гэх тайлбарыг тус тус гаргав.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч Б.Н нь “би архи уугаад тасарчихсан байсан, болсон үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэгт шүүгдэгчийн зүгээс идэвхтэй үйлдлээр хохирогчийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар гэм бурууг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Н-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч А.Ө-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8067 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цахим бүртгэлийн маягтын хуулбарууд /хх-ийн 66-75-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

              Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхэд зарцуулсан тусламж үйлчилгээний зардалд 3,306,000 төгрөгийг тус санд төлсөн болохыг дурдуулах, хохирогч А.Ө-с хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс баримтаар хангагдаж байгаа нийт 252,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах, бусад зардал болох хүнс, зээлийн төлбөрийн зардалд нэхэмжилсэн 2,609,645 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг, хохирогч А.Ө-с “...шүүгдэгчээс акттай байсан хугацааны 2 сарын цалин 1,820,000 төгрөг, хагалгаанд ороход төлсөн даатгалын зөрүү 482,850 төгрөг, эм тариа авсан мөнгө, шинжилгээ өгсөн мөнгө, хоол хүнс гээд нийт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэсэн тайлбарыг, шүүгдэгчээс “...ажил хийж байгаад хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хохирогчийн гаргасан эрүүл мэндэд учрисан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлаас түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтаар хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан хэсэгчлэн хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн хэсгийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Гэм хорын хохирол арилгуулахад эрүүл мэндээрээ хохирсон хүний эмчлэн эдгэрүүлэхэд зарцуулсан бодит зардал буюу мөнгө зарцуулсан хэрэгт авагдсан дараах баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон болно.

Үүнд: Гавлын ба нүүрний ясны хугарал хагалгаанд төлсөн 482,850 төгрөг /хуудас 79/, эм, тарианы зардалд нийт 241,280 төгрөг /50800, 1250, 3940, 30650, 18300, 89800, 30000, 3000, 4500, 9040 төгрөг- хуудас 80-85/, Шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, нийт 732 130 төгрөг.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлогын хэжээгээр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Хохирогчийн олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлогоос авсан тэтгэмж, тэтгэвэрийн зөрүүгээр тооцох бөгөөд А.Ө нь “...гар дээр сард 910,000 төгрөгийн цалин авдаг, листний мөнгө гэж 215,000 төгрөгөөр 2 удаа, эрүүл мэндийн даатгалаас 64,700 төгрөг авсан” гэж мэдүүлж байгаа боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд олох байсан орлого, авсан тэтгэмжийн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул дээрх нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Иймд хохирогч А.Ө-н гаргасан 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 732,130 төгрөгийг хангаж, 447,870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалин хөлсний орлого 1,820,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч А.Ө нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн баримтаар /хх-ийн 13, 116-р хуудас/ шүүгдэгч нь 3,306,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн байх тул иргэний нэхэмжлэл хангагдсан гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэг хүлээлгэх саналтай.” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч А.Ө: “өвчтэй гэртээ байсан учраас цалин орлогогүй, өр зээл нэхэгдээд үнэхээр хэцүү байна, гомдолтой байна” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Б.Н: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөр хэлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй боловч шүүхээс түүнд эрүүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-н Н-д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Н-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Н-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с 732,130 /долоон зуун гучин хоёр мянга нэг зуун гуч/-н төгрөгийг гаргуулж хохирогч А.Ө-д  олгуулахыг, хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 447,870 /дөрвөн зуун дөчин долоон мянга найман зуун дал/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Н-с 3,306,000 /гурван сая гурван зуун зургаан мянга/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан 1,820,000 /нэг сая найман зуун хорин мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, А.Ө нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Н-д  холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН