Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

 

 

         2023       10           06                                    2023/ШЦТ/95

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             Б.Н,  

Улсын яллагч                                               Н.Х

Шүүгдэгч                                                       С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.О-т холбогдох эрүүгийн 2304000000090 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн .................. тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн С-н О /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, ...........тоотод хохирогч Б.Б-г “согтуугаар хаалга нүдэж, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гал асаахдаа болон хаалга түгжихдээ ашигладаг төмрөөр зүүн талын нүдний дээд хөмсөг орчимд нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед зүүн нүдний гадна хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүний 11 дүгээр гудамжны 07 тоотод хохирогч Б.Б-г “согтуугаар хаалга нүдэж, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гал асаахдаа болон хаалга түгжихдээ ашигладаг төмрөөр зүүн талын нүдний дээд хөмсөг орчимд нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед зүүн нүдний гадна хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-5-р хуудас/, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 6-10-р хуудас/, хохирогч, шүүгдэгч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-75-р хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 33,6 см урттай 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Х овгийн С-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн С-рийн О-т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.О-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Б нь энэ хэрэгт холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, С.О-рын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 33,6 см урттай 1 ширхэг төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН