Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-т холбогдох эрүүгийн 2330001170083 дугаартай хэргийг 2023 оны 05 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг “Л” гэх газарт оршин суух,

урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын  хугацаагаар  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, Х овогт Н-ын Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Д нь 2023 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг “Хт”-ын ... тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдийн эсрэг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буюу эхнэр Г.Б-тай маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод салст, баруун чамархай, эрүү, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Б-тай маргалдах явцдаа насанд хүрээгүй Г.Х-ын гарыг цохиж түүний биед баруун шуу ясны цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед 2.5 литрийн пивоны талыг уусан. Хүүхэд халуураад байхад Б гэртээ ирэхгүй, алга болсон. Тэгээд эхнэртэйгээ муудсан.” гэв.

Хохирогч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дарга ажлынхаа хүүхнүүдийг “манайхаар ирж цай уугаарай” гэсэн. Тэгээд би нөхөртөө хэлээд явсан. Манай ажлынхан бүгд ирсэн байсан. Хоол цай идээд, бууз жигнэсэн. Хоёр гурван удаа бууз жигнээд байж байхад нөхөр байн байн залгаад байсан. Би мессежээр “жаахан болоогүй байна” гэж хэлэх хооронд 20 цаг 40 минутын үед нөхөр ороод ирсэн. Тэгээд би амдаад шууд гарсан. Тэр өдөр Х хотоос ирсэн байсан тул дүүг нь том хүүд үлдээгээд гараад явсан байсан. Бид хоёр гэртээ очоод байж байхад “баахан эрчүүдтэй суулаа гээд уурласан. “Чи хүүхнүүдтэй байна гэж хэлээд байсан худал хэлсэн байна, эрчүүд байсан” гээд уурлаад байхаар нь би өөрийгөө зөвтгөөд хэрэлдсэн. Тэр үед уурлаад алгадсан. Тэгэхээр нь би өөдөөс нь зүгээр байгаагүй. Тэгээд ээжид хэлээд ээж цагдаа дуудсан байсан” гэв.

Эрүүгийн 2330001170083 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн:  “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдэх болсон шалтгаан нь тухайн үед эхнэр маань гэртээ ирэхгүй ажлынхаа хүмүүстэй архи уугаад явсан, хүү маань ханиад хүрээд халуурч байсан учраас уурандаа гэрээс гарч яваад ганцаараа архи уугаад уусан архиныхаа халуунд эхнэрийн байгаа газарт очоод эхнэрийг дагуулаад гэртээ ирсэн. Тэгээд би эхнэрт “чи ажлынхаа хүмүүстэй явж болно, гол нь хүүхэд чинь өвчтэй байхад хаяад явах юм” гэхэд эхнэр “би чамд хэлээд явсан” гээд уурласан. Уг асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдаж муудсан бөгөөд уг гэмт хэрэг гарсан. Эхнэр надад зодуулаад миний үйлдлийг таслан зогсоох гэж гар хөл рүү өшиглөсөн. Эхнэр маань энэ хэрэгт буруу байхгүй. Буруутай зүйл нь эхнэр маань хүүхдээ үл хайхран орхиж явсанд нь би уурласан.” гэх / хх 124-126 дугаар хуудас /,

- Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Гэртээ очоод нөхөр Н.Д намайг “хүүхэд ханиадтай байхад гадуур айл хэсээд алга боллоо, олон эрчүүдтэй банзалдаад явж байна уу, янхан минь” гээд уурлахаар нь би нөхөрт “би даргын гэрт очихдоо чамд хэлээд яваа биз дээ” гэхэд уурлаад 2 удаа алгадсан. Тэгэхээр нь “Чи намайг ямар учраас зодож байгаа юм, би бүх үнэн учраа хэлээд байхад намайг яагаад ойлгохгүй байгаа юм” гэхэд “чи өөрөө зодуулах ажлаа хийсэн шүү” гэсэн. Тэгээд би хувцсаа тайлаад гутлаа тайлах гэхэд нөхөр Н.Д нь гэнэт “хайраа би чиний гутлыг тайлаад өгье” гэхээр нь би уурандаа нүүр лүү нь өшиглөхөд  нөхөр босоод яваад өгсөн. Тэгээд нөхөр бид  хоёр уг асуудлаас болоод дахиад хоорондоо маргалдаж байхад том хүү Г.Х нь “ээж эмээ утас руу чинь залгаж байна” гээд миний утсыг өгөхөөр нь ээжтэй утсаар ярьж байхад нөхөр цаана нь намайг хэл амаар доромжлоод орилж хашхираад байж байсан. Ээж надаас “нөхөр чинь дахиад архи уугаад зодоод байгаа юм уу” гэхээр нь “архи уугаад зодоод байна” гэхэд ээж утсаа тасалсан. Тухайн үед нь нөхөр Н.Д гэрт байсан монгол архинаас уугаад надтай хэрэлдэж муудаад байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирсэн. Хоёр цагдаагийн нэг цагдааг Н.Эрдэнэ-Ундрах гэдэг бөгөөд тухайн цагдаа бид хоёроос юу болсон талаар асуухаар нь “нөхөр надад агсам тавиад хоёр удаа алгадсан” талаар хэлсэн. Тэгэхэд Н.Эрдэнэ-Ундрах нь уг асуудлыг нөхрөөс асуухад “жижиг асуудлаас болоод бид хоёр муудсан би дахиж эхнэрээ зодохгүй, одоо унтаж амарлаа” гэхэд хоёр цагдаа манайхаас явсан. Тухайн хоёр цагдаа гэрээс гараад явсны дараа нөхөр “Чи ямар учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэж хэлээд намайг дахиж хоёр удаа алгадсан. Дахиж алгадах гээд далайж байхад том хүү Г.Х нь “миний ээжийг битгий зодоод байлдаа” гэж хэлээд баруун гараараа нүүр лүү урд хэсэгт хаахад Н.Д нь хүүгийн гарыг гараараа цохиж гэмтээсний дараа миний гар утсыг булааж авахаар нь би утсаа өгөхгүй гээд нөхөртэй зууралдсан. Нөхөртэй зууралдаж байхад миний хоёр гарын шуу хэсэг хөхөрсөн байхаа. Тэгэхэд Н.Д миний гар утсаар миний толгойны ард дагз хэсэг рүү 3 удаа цохиход миний толгойноос цус гарахаар нь “чи ийм яргачин байхгүй юу” гээд гараас нь хазахад духнаас түлхээд болиулсан. Тэгэхэд миний зүүн дагзнаас цус гарч толгой хагарсан байсан. Би нөхөртөө зодуулсандаа уйлаад сууж байхад гаднаас манай аавын дүү Д.А нөхөр Э-хөө хамт орж ирээд нөхрийг тайвшруулаад гэрээс явсан. Хүмүүсийг явсны дараа хадам ээж Я.Э гаднаас орж ирэхээр нь “танай хүүхэд чинь намайг зодоод, миний толгойг хагаллаа” гэхэд Я.Э “чи өөрөө архи ууж ирсэн учраас л ийм асуудал болж байгаа юм” гээд гэрээс гараад явсан. Тэгээд нөхөр бид хоёр хоёулаа тайвширсан учраас унтах гээд орондоо ороход нөхөр миний хажуугаар орж ирээд хэвтээд надад хэлэхдээ “чи гэр бүлдээ цаг зав гаргахгүй байна” гэснээ миний хоёр гарын шуу хэсгээс чимхээд үснээс зулгаахаар нь уур хүрээд аргаа бараад ээж С.М рүү утсаар яриад “та аавыг дагуулаад маргааш наашаа гар, би энэ хүний гарт алуулах юм байна, амьд сэрүүн байгаа дээрээ хоёр хүүхдээ аваад та хоёр дээр очмоор байна” гэхэд ээж “түрүүн цагдаад дуудлага өгсөн очоогүй юм уу” гэхээр нь “цагдаа ирээд явсан” гэхэд ээж уурлаад утсаа тасалсан. Удалгүй хоёр цагдаа ирээд намайг хоёр хүүхэдтэй минь аваад явсан. Би тухайн үед өөрийгөө хамгаалах зорилгоор нөхрийн гараас нь хазаж, нүүр лүү нь өшиглөсөн.” гэх / хх 24-27 дугаар хуудас /,

- Насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “аав ээжтэй муудах үедээ ээжийн гар утсыг булааж авсныхаа дараа ээжийн толгойн ар хэсэгт ээжийн утсыг барьж байгаад утасны булангаар 3 удаа цохисон. Цохих үедээ аав шүдээ зуугаад юу ч хэлэхгүй байж байгаад цохисон. Тэгэхэд ээж аав руу “хүний толгой хагалчихаад зүгээр суугаад байх юм” гэж хэлээд буйдан дээр чимээгүй суугаад байсан.

Тухайн орой аав ээжтэй маргалдаад ээж цагдаа руу явлаа гээд гарах гэж байхад аав дургүйцээд байсан. Тэр үед аав ээжийг цохих гэж байхад нь би ээжийн урдуур ороход аав  миний баруун гар луу гараараа нэг удаа цохисон.” гэх / хх 36-37 дугаар хуудас /,     

- Гэрч С.М-ийн “2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг 30 минутын үед манай охин Г.Б миний утас руу залгаад “ээжээ цагдаад дуудлага өгөөрэй. Д намайг алах гээд байна” гэж хэлээд утас нь тасарсан. Би тэгээд охиныхоо утас руу буцаагаад залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж “Хт”-ын ... тоотод манай охин Г.Б-г нөхөр нь болох Н.Д архи уугаад зодоод байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа очиж учрыг нь олсон байх гэж бодоод би тайвшраад унтсан. Тэгтэл шөнө миний утас дугарахаар нь утсаа харахад манай охин Батзаяа залгаж байсан. Утсаа авахад “ээжээ Д намайг амраахгүй дарамтлаад үс гэзгийг зулгаагаад байна. Мөн Д-ийн том ах нь эхнэртэйгээ манай гэрт орж ирээд намайг загнаад дарамтлаад байна” гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би цагдаагийн 102 дугаар руу залгаад “та нар миний өгсөн дуудлагад очсон юм уу. Манай охиныг нөхөр нь дарамтлаад унтуулж амраахгүй байна, мөн нөхрийнх нь төрсөн ах нь эхнэртэйгээ гэрт нь орж ирээд цуг дарамтлаад байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр шөнө охиндоо санаа зовоод унтаж чадаагүй. Маргааш өглөө нь нөхрийнхөө хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу гарсан.” гэх / хх 50-52 дугаар хуудас /,

- Гэрч Д.А-ийн “Тухайн өдрийн орой 21 цагийн үед манай төрсөн ах Г миний утас руу залгаад “Г.Б-г нөхөр нь архи уугаад зодсон гэнэ, яваад үзээд хариу өг” гэхээр нь би нөхөр Ч.Энхтөрийн хамт Г.Б-гийн гэрт очсон. Нөхөр бид хоёрыг очиход Г.Б уйлаад хоёр нүд нь бүлцийж хавдсан байсан. Тэгэхээр нь Г.Б, Н.Д нараас юу болсон талаар асуухад Г.Б нөхөр бид хоёрт хэлэхдээ “намайг ажлынхаа хүмүүстэй даргын гэрт байж байхад нөхөр гаднаас орж ирээд аваад явсан. Гэртээ орж ирээд надтай хэрүүл хийж байгаад намайг хоёр удаа алгадлаа” гээд уйлаад ярихаар нь Н.Д-т “та хоёр залуу хүн байж учраа олоод эвлэр” гэж хэлээд Г.Б, Н.Д нарыг аргадаад гэрт нь үлдээгээд явсан.

Эхлээд очиход Г.Б нь гэрийнхээ баруун талын орон дээр нүдээ бүлцийтэл уйлсан баруун талын шанаа руугаа заагаад “ийшээ цохисон” гээд хэлж байсан. Сүүлд очиход Г.Б нь дахиад уйлсан “Н.Д миний толгойг миний гар утсаар цохиод хагалсан” гэж хэлж байсан” гэх /хх 54-55 дугаар хуудас /,

- Гэрч Г.М-ын “Дуудлагаар очиход Н.Д, Г.Б,  бага насны хоёр хүүхэд нь байсан. Тухайн хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н.Д-ийн биед ил харагдах гэмтэл шарх байхгүй, харин Г.Б-гийн толгой нь хагарч цус гарсан, уйлсан байсан. Юу болсон талаар асуухад Б “нөхөр Д намайг хүмүүстэй хардаад цохиж, зодоод толгой хагалсан, би тухайн хүнд цохиж зодуулаад байсан учраас өөрийнхөө биеийг хамгаалж гараас нь хазсан, өшиглөсөн, цохисон” гэж хэлсэн. Г.Б нь тухайн үед “би нөхрөөсөө айж байна, би энэ хүний гарт амь насаа алдахаас өмнө аав ээж дээрээ очмоор байна”гэж ярьж байсан.”гэх /хх 64-66 дугаар хуудас /,

- Гэрч Э.П-ийн “Би тухайн өдөр Зөрчлийн хэрэг бүртгэгчээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Батзаяа хэлэхдээ “манай нөхөр Н.Д намайг зодоод толгой хагалсан” гээд толгойгоо харуулсан. Тэгэхээр нь Г.Б гэх хүний нөхрөөс “ямар шалтгааны улмаас эхнэрээ цохиж зодсон юм” гэж асуухад “хүүхдийн бие өвдөөд байхад эхнэр ажлынхаа хүмүүстэй архидаад алга болохоор нь уур хүрээд гар хүрсэн” гэж байсан. Батзаяагийн толгой нь хагарсан, нүүр нь улайсан бүлцийж хавдсан байсан. Үс нь сэгсийж зулгаалгуулсан гэмээр байсан.” гэх / хх 72-74 дүгээр хуудас / нарын мэдүүлэг,

  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 26/88 дугаартай “Г.Б 91,000 төгрөг, Г.Х 161,000 төгрөгийн тусламж үйлчилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгээс авч, эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан” гэх албан тоот, хавсралт / хх 18-20 дугаар хуудас /,

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай “1. Г.Б-гийн биед тархи доргилт, дагзанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод салст, баруун чамархай, эрүү, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  шинжээчийн дүгнэлт, анхны үзлэгийн бичилт / хх 92-95 дугаар хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай “1. Г.Х-ын биед баруун шуу ясны цуурал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас / хх 103-106 дугаар хуудас),

  • Шүүгдэгч Н.Д-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх 136-148 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний 01/423 дугаартай “Н.Д нь 195 хоногийн ялыг биеэр эдэлсэн, 45 хоногийн ялын үлдэгдэлтэй” гэх албан тоот / хх 174 дүгээр хуудас /,
  • Шүүгдэгч Н.Д, хохирогч Г.Б нар нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2023 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ... сумын ... дүгээр баг “Х”-ын ... тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдийн эсрэг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буюу эхнэр Г.Б-тай маргалдаж улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд шарх, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод салст, баруун чамархай, эрүү, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуяд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Б-тай маргалдах явцдаа насанд хүрээгүй Г.Х-ын гарыг цохиж түүний биед баруун шуу ясны цуурал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Б,насанд хүрээгүй хохирогч Г.Х, гэрч С.М, Д.А, Г.М, Э.П нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 26/88 дугаартай албан тоот, хавсралт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 75, 76 дугаартай  шинжээчийн дүгнэлт, Г.Б-д үзлэг хийсэн бичилт,  насанд хүрээгүй хохирогч Г.Х-д үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Г.Б-тай хардалтын улмаас маргалдаж, түүнийг цохиж, зодон түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн насанд хүрээгүй  хохирогч Г.Х-ын гарын шууг цохиж зодон тэдний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч Н.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, хардалтын улмаас хохирогч Г.Б-гийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, гэмт үйлдлийг таслан зогсоох оролдлого хийсэн насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын гарын шуу руу цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Н.Д-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “хоёр, түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1 Шүүгдэгч Н.Д-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүхээс шүүгдэгч Н.Дийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдал мөн урьд өмнө ял шийтгэгдсэн байдал, энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг дахин үйлдсэн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэх саналыг гаргав.

2.2. Шүүгдэгч Н.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдолгүй, бид эвлэрсэн, цаашид сайн сайхан амьдрах боломжтой гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д-т урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг зорчих эрхийг хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Д нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч С.Мөнхцэцэг, хохирогч Г.Б нар “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.

3.2 Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Г.Б 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15,000 төгрөгийн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 11,000 төгрөгийн, нийт 26,000 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б 26,000 төгрөгийн, насанд хүрээгүй  хохирогч Г.Х 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дээс Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 252,000 төгрөгөөс хохирогч нарын тухайн гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 187,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 65,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.3 Хохирогч Г.Б, насанд хүрээгүй  хохирогч Г.Х нар нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй  гэж үзлээ.

  1. Бусад асуудлаар:

4.1 Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ын Дийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Д-т Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Д-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ээс 187,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч С.М, хохирогч Г.Б нар гомдолгүй гэснийг дурдсугай. 

8. Хохирогч Г.Б, насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч С.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ