| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00158/и |
| Дугаар | 246 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 246
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгож тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М к ХХК-ний нэхэмжлэлтэй Э.Сд холбогдох 1082878 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нарийн бичгийн дарга Г.Цнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 769078 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 146824 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 166976 төгрөг, нийт 1082878 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Э.Сд холбогдуулан 1082878 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Э.Сд шүүх хуралдааны товийг хуульд заасан арга хэрэгслэлээр боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар М к ХХК-н 1082878 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30539 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 30539 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Талууд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б