| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил, /томилолтоор/
Хохирогч Ц.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2330000000079 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сүхбаатар аймгийн ... сумын .. дүгээр баг “Т”-н задгай тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,
мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Х овогт Т-ийн Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч болох хохирогч Ц.У-ийн гэдэс хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би баарнаас авч гараад “явъя” гэхэд “явахгүй” гээд байсан. Тэгээд би “гэр лүүгээ явъя” гэхэд “явахгүй, чи зайл пизда минь” гээд өөдөөс загнаад байсан. Би тэр үед уурлаад гараараа цохиод авсан. Тэгээд “явъя” гэсэн “өөрөө яв, би явахгүй” гээд хараал хэлээд байхаар нь би “чи ямар сонин юм” гээд гэдэс рүү нь 2 өшиглөсөн. Гэтэл “ёо ёо” гээд доошоо хараад хэвтээд байхаар нь гэр лүүгээ аваад явсан. Уг нь бид хоёр архи нээх их уугаагүй байсан. Гэтэл ширээний хажууд нэг залуу байсан тэр залууг хараад явахгүй байгаад байсан. Тэгээд намайг “чи өөрөө яв” гээд л байсан.” гэв.
Эрүүгийн 2330000000079 дугаартай хэргээс:
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт / хх 32-33 дугаар хуудас /,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Дүүрэн бадрах” дэлгүүрийн урд талын гудамжинд хамтран амьдрагч болох хохирогч Ц.У-ийн гэдэс хэвлий хэсэгт өшиглөн эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.У, гэрч Г.Т, Х.Э нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 26/76 дугаартай албан тоот, эмчилгээний зардлын баримт, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.У-ийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын хуулбар, хохирогч Ц.У-ээс гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.У-тэй маргалдан, түүнийг цохиж, зодон эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, наалдац үрэвсэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч Т.Б-гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.1. Шүүгдэгч Т.Б-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүхээс шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б нь амьжиргааны түвшин доогуур болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь тохиромжгүй байна. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний эдлээгүй үлдсэн 17 хоногийг нэмж нэгтгэн 3 жил 17 хоногийн хугацаагаар тогтоох, оногдуулсан 3 жил 17 хоногийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.
Хохирогч Ц.У нь хохирол, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас гарсан бусад зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Б-д ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйж тодорхой хэмжээний харилцаа холбоотой байгаа, хохирогч гомдол тэмцэлгүй гэж илэрхийлсэн. Мөн энэ хэрэг болоход миний буруутай үйлдэл байсан гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж өмнөх тогтоолоор үлдсэн хоногийг нэмж нэгтгэн ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2. Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б-д Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд уг ялын эдлээгүй үлдсэн 4 сар 9 хоногийн хорих ялыг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон байна.
Шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 17 хоногийг хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил, 1 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршгийн талаар
3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 2,062,700 төгрөг нэхэмжилж, эрүүл мэндийн эмчилгээний зардлын 1,044,350 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдэгдэхэд миний буруутай үйлдэл байгаа тиймээс Баатархүүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь хохирогчид 400,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.У нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3.2. Хохирогч Ц.У өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлгээс 2,730,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2,730,700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4, 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил, 1 сарын хорих ялд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар хяналт тогтоосон 4 сар 9 хоногийн тэнссэн хугацаанаас эдлээгүй үлдсэн 17 хоногийг мөн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил, 1 сар, 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гээс 2,730,700 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.У гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын эмчилгээний зардалд 2,062,700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 400,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсугай.
8. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Хохирогч Ц.У гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ