| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0406/З |
| Дугаар | 221/МА2025/0781 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0781
“БП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч;
Нэхэмжлэгч: “БП” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/5882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2716 дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Ж нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0406/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн...” гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн Байгаль орчны газарт холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 02/2716 дугаартай мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “БП” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг шийдвэрлэхийг даалгах” шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагуудын хүрээнд шүүгчийн захиргааны хэрэг үүссэн.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчээс хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлагыг биелүүлж 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 01/5882 дугаартай хариу хүргүүлэх тухай шийдвэрээр “нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлдээ “хүсэлт гаргасан байршил нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан байршилд хамаарч байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 95 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүсчлэлд таарахгүй...” гэх хоёр үндэслэлийг дурдсан.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрийн үндэслэлийг хууль бус гэж хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчид гардуулан маргаан бүхий актын үндэслэл болсон баримтуудыг ирүүлэх тухай мэдэгдсэн боловч шүүхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас баримтуудыг ирүүлээгүй.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 01/5882 дугаартай татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг өөрөөр буюу “...нэхэмжлэгч компани дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл олгох эрхгүй этгээдийн шийдвэрээр шилжүүлэн авсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхгүй байжээ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасанд нийцээгүй гэж үзэж байна.
Учир нь “БП” ХХК нь 16/R0ХХ дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр аваагүй, хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар нарийвчлан хуульчлаагүй тул эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “...Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.6.1, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/117 дугаар захирамжаар батлагдсан “Газрын дүрмийн 4.1.4, 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “ЭП” ХХК-ийн эзэмшиж байсан 16/R0ХХ дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлсэн. Үүнээс хойш анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд манай компани тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлэн Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газартай эрх зүйн харилцаанд орж ирсэн.
Нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн А/68 дугаар тушаалтай маргаагүй, Нийслэлийн Засаг даргаас тухайн актыг хүчингүй болгоогүй, өнөөдрийг хүртэл үйлчлэлтэй эрх акт боловч анхан шатны шүүхээс тухайн актыг хууль бус гэж үзсэн бөгөөд энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Түүнчлэн “ЭП” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг гаргасан ба хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газраас өргөдөлд хавсаргах баримтуудыг бүрдүүлж ирүүлэхийг мэдэгдсэний дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлэн өгсөн боловч өргөдлийг шийдвэрлэх хуульд заасан хугацааг 2 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн атлаа “...материалын бүрдэл хангаагүй...” гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь холбогдох хууль, журамд нийцүүлэн 16/R0ХХ дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан тухай дээр дэлгэрэнгүй дурдсан болно.
Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” эрх, үүргийг Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон. Гэтэл манай компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн Байгаль орчны газрын албан бичгийн үндэслэлдээ “зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гарсан санал”-ыг үндэслэсэн мэтээр мэдэгдэж байгаа нь илт үндэслэлгүй гэж үзэж байна.
Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.” гэж заасан бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газар нь Нийслэлийн Засаг даргын өмнөөс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл татгалзахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээг олгоогүй байхад хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2716 тоот шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан.” гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн дурдсан энэхүү үндэслэлийг дүгнээгүй, гагцхүү хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “БП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
2. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Анх “ЭП” ХХК-д маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хорооны нутаг дэвсгэр “ЗТ” нэртэй газарт орших 76.4 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга 16/R0ХХ дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуустал 3 жилийн хугацаагаар олгож, улмаар уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/258 дугаар захирамжаар 2 жилээр сунгаж, уг гэрчилгээний 1 дүгээр хавсралтад “Бүртгэв. Тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилээр сунгав. 2021.05.04-нд дуусах” гэсэн тэмдэглэгээ хийжээ.
2.2. Үүний дараа Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “ЭП” ХХК-ийн 47.81 гектар талбай бүхий дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 16/R0ХХ дугаар тусгай зөвшөөрлийг “БП” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
2.3. “БП” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газарт 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22/33 дугаар албан бичгээр “...16/R0ХХ дугаар ...тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах” тухай хүсэлт гаргасныг тус газраас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2716 дугаар албан бичгээр, мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/5882 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар тус тус мэдэгджээ.
3. Хууль зүйн үндэслэлийн талаар:
3.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/62Х дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар тухай бүр санал боловсруулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газарт даалгаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/1401 дугаар захирамжаар дээрх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна.
3.2. Тус зөвлөлийн бүрэлдэхүүн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд ...өргөдөл шийдвэрлэх хугацаа нь өнгөрсөн тухайн өргөдлүүдээс татгалзах, 2021, 2022 онд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн өргөдлүүд нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хуульд нийцээгүй байх тул гаргасан өргөдлүүдийг шийдвэрлэхгүй, татгалзах мэдэгдэл хүргүүлэх...”-ээр /1хх-ийн 153,154/ шийдвэрлэсэн байх бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:”, 35.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаар нэхэмжлэгч “БП” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болжээ.
3.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.”, 15 дугаар зүйлийн 15.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах.” гэж тус тус зааснаар Нийслэлийн Засаг дарга нь дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар олгож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар нэг удаа сунгасан байна.
3.4. Энэ нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн 16/R0ХХ дугаартай гэрчилгээний хавсралт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10/1879 дугаар албан бичигт “...хүчин төгөлдөр байх хугацаа дууссан...” гэж /1хх-ийн 142, 144/, мөн албан бичгийн “Хүчин төгөлдөр хугацаа нь дууссан бүртгэл хийгдээгүй тусгай зөвшөөрлийн жагсаалт” /2023.04.18/-ын 37 дугаарт “ЭП” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2021.05.03 гэж тэмдэглэгдсэн зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “БП” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.5. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргахдаа тухайн тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй этгээд л өргөдөл гаргах эрхтэй байх бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалттай.
3.6. Нөгөөтээгүүр, Нийслэлийн Байгаль орчны газар нь Байгаль орчны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:”, мөн хэсгийн 4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.” гэж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/32Х дугаар захирамжаар Нийслэлийн Байгаль орчны газрын дүрмийг хавсралтаар баталсан бөгөөд уг дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах дүгнэлт гаргах, ...тусгай зөвшөөрөл шилжүүлэх, сунгах, тэдгээртэй холбоотой өөрчлөлт, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх ...” зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
3.7. Иймд маргаан бүхий Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2716 дугаар албан бичгээр “БП” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх агуулга бүхий мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасан үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.8. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшигч байсан “ЭП” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 08/29 дугаар албан бичиг /1хх-ийн 212, 213/-ээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг гаргасан болохоос бус Нийслэлийн Байгаль орчны газарт гаргасан нь дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө сунгуулах тухай хүсэлтийг гаргаагүй болохыг дурдав.
4. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/5882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1. “БП” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 2Х дугаар хороо “ЗТ” нэртэй 47.63 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01/5882 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.” гэж заасан /энэ хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/-ыг үндэслэн олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.
4.2. Нийслэлийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоор хуульчилжээ.
4.3. Гэтэл нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01-07/3092 дугаартай албан бичгийн хавсралтын 4 дугаарт “БП” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн газар зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл таарахгүй буюу төлөвлөсөн хот орчмын ногоон орчны нийтийн амралт зугаалгын сууршлын бүсэд хамаарч байгаа болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05-02/1594 дугаар албан бичиг /1хх-ийн 72/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн газрын кадастрын мэдээллийн сангийн зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
4.4. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзсан шийдвэр нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 19 дүгээр зүйлийн 19.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.5-т заасантай тус тус нийцсэн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “БП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
4.5. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/5882 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
4.6. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн ...” гэснийг “14 дүгээр зүйлийн ...” болгон өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА