Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Б.Гантулга,

            хохирогч Х.Бямбадорж, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

            шүүгдэгч Л.Батдорж, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанбалдангийн Батдоржид холбогдох 201626012561 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ЭМБИК ХХК-д мужааны ажил эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 108-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лувсанбалдангийн Батдорж /РД:АС90020210/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Батдорж нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18:00-19:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72 дугаар гудамжны 16 тоот хашаанд иргэн Х.Бямбадоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хөл рүү нь өшиглөж, бие махбодид нь “зүүн шаант, тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Х.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Батдорж хүүхдээ авах гээд манай гэрт аавтайгаа ирсэн. Батдоржийн аав нь гэрт манай хүнтэй/нөхөр/ муудалцаад үлдсэн. Батдорж хүүхдээ булааж аваад гэрээс түрүүлж гарсан би Батдоржийн араас гараад хүүхдээ нэг үнсье гэхэд Батдорж миний хөл рүү гутлын өсгийгөөрөө өшиглөсөн тэгэхэд миний хөл санжигнаад ирсэн. Батдоржийн аав нь гэрээс гарч ирээд машиндаа суухдаа “арзайсан авгай минь” гэж хэлээд яваад өгсөн. Би их гомдож байна. Хүүхэдтэй утсаар яриулахгүй, уулзуулахгүй байна. Батдоржоос эмчилгээний зардалд 1000.000 төгрөг авсан. Гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйлгүй. Харин цаашид эмчилгээ хийлгэх, хөлний хадаасаа авхуулахад гарах зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт манай охин Сангачамаагийн хүү Азбилэг байсан юм. Тэгээд 16:00 цаг өнгөрч байхад зээ Азбилэгийн аав Батдорж нь аав Лувсанбалдангийн хамт манайд орж ирсэн. Би тэр хоёрт цай хийж өгсөн. Манайд манай нөхөр Соронзонболд болон зээ Азбилэг нар байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд байж байснаа Лувсанбалдан Соронзонболдыг гэнэт барьж аваад Батдоржийг чи хүүхдээ аваад зугтаа гэсэн чинь Батдорж Азбилэгийг аваад гарсан чинь Азбилэг уйлаад байхаар нь хүүхдээ аваад ирээч гэтэл миний үгийг сонсолгүй Азбилэгийг булааж аваад гэрээс гарахаар нь би араас нь гартал Батдорж хүүхдээ нэг гартаа барьж байгаад нөгөө гараараа намайг заамдаж байгаад хөлөөрөө миний зүүн хөлний борви руу өшиглөсөн чинь миний хөл гишгэж болохгүй өвдөөд би газар суугаад үлдсэн. Батдорж машиндаа Азбилэгийг авч суугаад араас нь Лувсанбалдан гэрт манай хүн Соронзонболдтой ноцолдож байгаад гарч ирээд миний хажуугаар машин руугаа явахаар нь хүүхэд чинь хөл хугалчихлаа гэхэд Лувсанбалдан намайг “арзаасан гичий минь хохь чинь” гэж хэлээд машиндаа суугаад зугтаад явсан. Тэгээд би орой нь өөрөө гэмтлийн эмнэлэг рүү машинаар явсан юм. Миний биед учирсан гэмтлийг Батдорж учруулсан. Азбилэг нь Батдорж, Сангачамаа нарын хүүхэд байгаа юм. Азбилэг одоо 3 настай. Хүнд юм ярих насанд хүрээгүй байгаа. Батдорж, Сангачамаа хоёр 2013 оноос хойш 4 жил хамт амьдарч байсан. Одоо салсан тусдаа байгаа. Энэ хоёр албан ёсоор гэрлэж байгаагүй. Хүүхэд өгсөнгүй гэж миний хөлийг хугалсан байх. Батдорж намайг өөрөөр зодоогүй. Нэг удаа хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 х/    

 

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14359 дугаар дүгнэлтэд:

   а/ Бямбадоржийн биед зүүн шаант, тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            б/ Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/ Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна.

            д/ Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой /хх-ийн 26 х/

 

3.Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

   “...Х.Бямбадоржийн биед учирсан гэмтэл унаж ойчих үед үүсэх боломжгүй. Харин хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. Зүүн өвдөгний шаант тахилзуур ясны хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Х.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн шилбэний дээд хэсэгрүү өшиглөх үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

 

             4.Гэрч Р.Лувсанбалдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Батдорж ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар би мэдэж байна. Манай хүү Батдорж нь Сангачамаа гэх хүнтэй хамтран амьдраад 3, 4 жил болсон ба дундаасаа Азбилэг гэдэг 4 настай хүүхэдтэй юм. Тэгсэн өнгөрдөг зун Батдоржийг 8 сард Өмнөговь аймаг руу ажилд явсан хойгуур Батдоржийн хамтран амьдардаг Сангачамаа гэх эмэгтэй Архангай аймгийн Хотонт сум руу хүнтэй суугаад явсан юм. Азбилэг, хүү Батдоржийн хадмууд дээр байж байгаад Батдоржийг нэг удаа Улаанбаатарт амралтаар ирэхэд нь авчраад хөдөө манайд очсон юм. Түүнээс хойш Азбилэг манайд байнга байгаа юм. Тэгээд Батдорж хөдөө ажлаар явж байгаад 2016 оны 10 сард амралтаар Улаанбаатарт ирж хэд хоносон юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Азбилэгийн цэцэрлэг амарч байхад би Азбилэгийг аваад Толгойтын эцэст явж байсан чинь  Азбилэгийн ээжийнх нь аав Соронзонболд, ээж Бямбадорж нартай тааралдахад Азбилэгийг гэр лүүгээ авч яваад нэг хонуулаад маргааш өгөөд явуулъя гэж хэлээд Азбилэгийг аваад явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүүхдийн цэцэрлэг орох гээд Азбилэгийг авчирч өгөхгүй байхаар нь Батдорж бид хоёр Азбилэгийг очиж авахаар Соронзонболдынд очсон. Тэгээд Батдорж хүүхдээ авах гэтэл эмээ, өвөө хоёр нь өгөхгүй гээд маргаан болсон юм. Тэгээд Соронзонболд бид хоёр гэрт барьцалдаж аваад Батдорж хүүхдээ аваад гэрээс гарсан. Хадам ээж болох Бямбадорж араас нь зүүгдээд чаргууцалдаад гарсан юм. Тэгээд Соронзонболд бид хоёр гэрт жоохон барьцалдаж байгаад Соронзонболдыг түлхэж өөрөөсөө холдуулаад гэрээс гартал Бямбадорж “миний хөлийг хуга дэвсчихлээ, хөл хугарчихлаа” гээд хашаан дотор сууж байсан. Батдорж хүүхдээ аваад машин руугаа явж байгаа харагдсан. Тэгсэн Соронзонболд гэрээс гарч ирээд надтай зууралдаж байгаад тоосгоор цохих гэхээр нь тоосгыг нь булааж аваад хашаанаас гаргаж хаяад цаашаа машиндаа суугаад явсан. Батдорж, Азбилэг бид гурвыг машинд суугаад хөдөлж байхад Бямбадорж хашаан дотороо босчихсон зогсож байгаа харагдсан. Тэгээд бид гурав шууд гэр лүүгээ явсан, түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Сангачамаа нь өөр хүнтэй суугаад Батдоржоос салаад явсан байгаа. Тэр хоёр гэр бүл болж байгаагүй. Хамтран амьдарч байгаад нэг хүүхэдтэй болсон юм. Хүүхэд нь Батдоржоор овоглож явдаг юм. Хэрэг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16:00-17:00 цагийн орчим Нарангийн голд байрлах  Соронзонболдын хашаанд болсон. Бид хоёр эрүүл очсон. Очоод ч архи уугаагүй. Тэр өдөр хөл нь хугарсан эсэхийн үнэн худлыг мэдэхгүй байна. Зодолдож сүйд болоогүй. Соронзонболд надаас зуураад тавихгүй байсан. Намайг ганц хоёр цохьсон. Би бол Соронзонболдод гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

5.Гэрч Д.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Манай охин Сангачамаа 2012 оноос Батдорж гэх хүнтэй хамт амьдрах болсон юм. Тэгээд дундаасаа Азбилэг гэх нэг хүүхэдтэй болсон. Одоо хүүхэд нь 3 настай. Сангачамаа, Батдорж хоёр албан ёсны гэр бүл болж хуримаа хийгээгүй боловч Азбилэг Батдоржоор овоглодог юм. Сангачамаа, Батдорж хоёр өнгөрдөг зун 7 сарын 08-ны өдөр салсан. Батдорж нь Сангачамааг зодож цохиод хоорондоо хэрэлдээд нийлж тохироогүй юм. Тэр хоёрыг салахад Азбилэг ээжтэйгээ манайд ирсэн юм. Азбилэг, Сангачамаа хоёр манайд байж байхад Батдорж 2016 оны 8 сарын сүүлээр Азбилэгийг гэртээ аваачиж хоёр гурав хонуулаад авчраад өгье гэж авч яваад авчирч өгөөгүй. Азбилэгийн ээж Сангачамаа 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг руу хөдөө явсан. Явахдаа хүүхдээ авчихаарай гэж захиад явсан. Тэгээд эхнэр Бямбадорж бид хоёр 2016 оны 10 дугаар сарын 15-нд Толгойтод явж байгаад Батдоржийн аав Лувсанбалдантай таарсан чинь Азбилэгтэй хамт явж байхаар нь  Азбилэгийг бид хоёр гэртээ аваачиж ганц хонуулаадахъя гэж яриад гэр лүүгээ авч явсан юм. Тэгээд гэртээ хариад би охин Сангачамаатай утсаар яриад Азбилэгийг гэртээ авчирсан байна гэж ярихад Сангачамаа “та хоёр хүүхдээ битгий өгч явуулаарай” гэсэн. Тэгсэн маргааш нь буюу бүтэн сайн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17:00 цагийн орчим Азбилэгийн аав Батдорж нь эцэг Лувсанбалдантайгаа манайд орж ирээд Азбилэгийг “явах уу” гэсэн чинь Азбилэг “явахгүй” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр Азбилэгийг эх дээрээ байх ёстой, та хоёрт өгөхгүй гэсэн чинь Батдоржийн аав Лувсанбалдан хүүхдээ булааж аваад зугтаая гэж хэлээд Лувсанбалдан намайг барьж аваад тавихгүй байсан. Батдорж Азбилэгийг аваад гэрээс зугтаад гарсан чинь манай эхнэр Бямбадорж араас нь гарсан. Тэгээд би гэрт Лувсанбалдантай зууралдаж байсан чинь гадаа манай эхнэр “хөл хугалчихлаа” гээд орилохоор нь би гарах гэхэд Лувсанбалдан намайг гаргахгүй байхаар нь бид хоёр зууралдаж байгаад гэрээс гарсан чинь манай эхнэр Бямбадорж “хөл хугалчихлаа” гээд машины хажууд хэвтэж байсан. Тэгсэн Лувсанбалдан манай эхнэрийн хажуугаар гарахдаа “хохь чинь, гичий минь” гэж хэлээд гараад машиндаа суугаад зугтаад явсан. Тэгээд араас нь утас руу нь залгахад Лувсанбалдан, Батдорж хоёр утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утсаа унтараасан. Хүүхдээ өгөхгүй, авна гэх зэрэг маргаанаас болсон. Азбилэг одоо хөдөө Лувсанбалдангийнд байгаа. Тухайн үед эхнэр бид хоёр, Лувсанбалдан, Батдорж, 3 настай Азбилэг нар байсан. Өөр хүн байгаагүй. Лувсанбалдан намайг цохиж нүүр маажсан боловч миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Батдоржоос бага зэрэг архи үнэртэж байсан. Лувсанбалдан эрүүл байсан. Сангачамаа одоо Архангай аймгийн Хотонд сумын хөдөө утасны сүлжээгүй, сумаасаа их хол газар байгаа. Холбоо барих утасны дугаар байхгүй. Улаанбаатар хотод мөд ирэхгүй байх. Бямбадорж өөрөө ярихдаа Батдорж нэг гартаа хүүхдээ барьсан, нөгөө гараараа заамдаж байгаад хөл рүү өшиглөсөн чинь хөл хугарчихлаа гэж байсан. Батдорж манай охинтой 4 жил хамт амьдарч байна. Ер нь их харьцаа муутай хүн. Найз нартайгаа нийлээд архи уудаг, архи уухаараа ар гэртээ агсан тавьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 х/

  

            6.  Шүүгдэгч Л.Батдоржийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

             “...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Бямбадорж, Соронзонболд хоёр надаас хүүхдийг маань аваад явсан. Манай хүүхэд маргааш өдөр нь цэцэрлэгтээ явах ёстой байсан учраас би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16-17 цагийн үед хүүхдээ авах гээд хохирогчийн гэрт очсон. Хүүхдийг минь өгөхгүй гэснээс болж хохирогч Бямбадорж, Соронзонболд хоёртой маргалдаад би хүүхдээ аваад гарах гэтэл хохирогч Бямбадорж миний өмсөж явсан куртикнээс татаж байгаад хойш унасан. Тэгээд би хашаанаас нь гараад явсан. Маргааш нь хохирогчийн хүүхэд Батбаяр намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаатай ирж уулз гэсэн, би хэн гэдэг цагдаатай уулзах бэ? гэхэд намайг өөрөө олоод уулз гэсэн ба би цагдааг олж уулзаж чадалгүй ажилдаа явсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

          “...Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17:00 цагий орчим галт тэргэнээс өмнө өөрийн хүүхэд Азбилэгийг авах гээд хадам Соронзонболд, Бямбадорж нарынд очсон аав Лувсанбалдантай очсон. Тэгээд хүүхдээ аваад гэрээс нь гарах гэсэн чинь хадам ээж Бямбадорж миний куртикнээс татаж байгаад ойчсон. Тэгээд би шууд хашааны хаалгаар гараад явсан. Намайг тэндээс явахад хадам ээж Бямбадорж зүгээр зогсож байсан. Тэгээд намайг гэртээ хариад байж байхад ойролцоогоор нэг цагийн дараа Бямбадоржийн хоёр хүүхэд нь над руу утсаар яриад ээжийн хөлийг хугалсан байна, дүүргийн цагдаа дээр ир гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр нь дүүргийн цагдаа дээр ирээд хэн гэдэг хүнтэй уулзах талаар асуусан чинь өөрөө олоод уулз гэхээр нь би цагдаагаас асуухад өргөдөл аваагүй гэж хэлэхээр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өглөө Өмнөговь аймаг руу ажлаар явсан. Хадам ээж зээгээ өгөхгүй гэснээс маргаан болсон. Би тэр айлд ороход манай хүү Азбилэг над дээр ирээд миний өвөр дээр сууж байгаад би хүүхдээ аваад гарсан. Миний араас Бямбадорж зуурч байгаад газар унасан. Би Бямбадоржийг өшиглөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 х/

 

Иргэн Х.Бямбадоржийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан гаргасан гомдол /хх-ийн 5-6х/,

 

Б.Азбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48 х/

 

            Хохирогч Х.Бямбадоржийн 26097 тоот өвчний түүхийн хуулбар /хх-ийн 64-71 х/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  фото зургийн үзүүлэлүүд /хх-10-12-х/,

 

 Л.Батдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/,

 

Хохиролын тооцоо, баримтууд /хх-ийн 62, 72-78х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Бямбадоржоос гаргаж өгсөн 1 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргаж өгсөн 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулж, үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Батдорж нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18:00-19:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72 дугаар гудамжны 16 тоот хашаан дотор иргэн Х.Бямбадоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүүхэд авах асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний хөл рүү өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 хохирогч Х.Бямбадоржийн “...Батдорж хүүхдээ нэг гартаа барьж байгаад нөгөө гараараа намайг заамдаж байгаад хөлөөрөө миний зүүн хөлний борви руу өшиглөсөн чинь миний хөл гишгэж болохгүй өвдөөд би газар суугаад үлдсэн. Азбилэг нь Батдорж, Сангачамаа нарын хүүхэд байгаа юм. Азбилэг одоо 3 настай. Хүнд юм ярих насанд хүрээгүй байгаа. Хүүхэд өгсөнгүй гэж миний хөлийг хугалсан байх. Батдорж намайг өөрөөр зодоогүй. Нэг удаа хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/         

             гэрч Р.Лувсанбалдангийн “...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Азбилэгийн цэцэрлэг амарч байхад би Азбилэгийг аваад Толгойтын эцэст явж байсан чинь  Азбилэгийн ээжийнх нь аав Соронзонболд, ээж Бямбадорж нартай тааралдаж улмаар Азбилэгийг гэр лүүгээ авч яваад нэг хонуулаад маргааш өгөөд явуулъя гэж хэлээд аваад явсан боловч маргааш нь авчирч өгөхгүй байхаар нь Батдорж бид хоёр Азбилэгийг очиж авахаар Соронзонболдынд очсон. Тэгээд Батдорж хүүхдээ авах гэтэл эмээ, өвөө хоёр нь өгөхгүй гээд маргаан болсон юм. Батдорж хүүхдээ аваад гэрээс гарахад хадам ээж болох Бямбадорж араас нь зүүгдээд чаргууцалдаад гарсан юм. Намайг гэрээс гартал Бямбадорж “миний хөлийг хуга дэвсчихлээ, хөл хугарчихлаа” гээд хашаан дотор сууж байсан. Батдорж хүүхдээ аваад машин руугаа явж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

гэрч Д.Соронзонболдын “...Манай охин Сангачамаа 2012 оноос Батдорж гэх хүнтэй хамт амьдрах болсон юм. Тэгээд дундаасаа Азбилэг гэх нэг хүүхэдтэй болсон. Одоо хүүхэд нь 3 настай. ...Эхнэр Бямбадорж бид хоёр Батдоржийн аав Лувсанбалдантай таарч Азбилэгийг бид хоёр гэртээ аваачиж ганц хонуулаадахъя гэж яриад гэр лүүгээ авч явсан юм. Тэгсэн маргааш нь 17:00 цагийн орчим Азбилэгийн аав Батдорж нь эцэг Лувсанбалдантайгаа манайд орж ирээд Батдорж Азбилэгийг аваад гэрээс зугтаад гарахад манай эхнэр Бямбадорж араас нь гарсан. Тэгээд би гэрт Лувсанбалдантай зууралдаж байгаад гэрээс гарахад манай эхнэр Бямбадорж “хөл хугалчихлаа” гээд машины хажууд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 х/

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14359 дугаар дүгнэлт: Бямбадоржийн биед зүүн шаант, тахилзуур ясны дээд хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тус гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх, /хх-ийн 26 х/

шинжээч Т.Амартүвшингийн  “...Х.Бямбадоржийн биед учирсан гэмтэл унаж ойчих үед үүсэх боломжгүй. Харин хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой. Зүүн өвдөгний шаант тахилзуур ясны хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Х.Бямбадоржийн биед учирсан гэмтэл нь 1 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн шилбэний дээд хэсэг рүү өшиглөх үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 х/

            Шүүгдэгч Л.Батдоржийн “...хадам ээж Бямбадорж миний куртикнээс татаж байгаад ойчсон. Гэхдээ би гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

            Дээрх гэмт хэрэг нь хамтран амьдрагч Л.Батдорж, Сангачамаа нарын дундаас гарсан хүүхэд болох 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 3 нас 3 сартай Азбилэгийг авах, өөрсдийн асран хамгаалалтад байлгах гэсэн хоёр талын маргаанаас үүдэлтэй, улмаар шүүгдэгч Л.Батдорж нь өөрийн хүүхэд болох Б.Азбилэгийг өөртэй нь булаацалдлаа гэх шалтгаанаар хохирогч Х.Бямбадорж /Санчамаагийн эх/-ийн зүүн хөл рүү  өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд уг үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холботой байна.

 

            Иймд шүүгдэгч Л.Батдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

           

            Шүүгдэгч Л.Батдоржийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг сайн дураараа нөхөн төлснөөс гадна мөн  хохирогчийн эмчилгээтэй холбоотойгоор цаашид гаргах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, бага насны буюу 3 нас 3 сартай хүү Азбилэгийн хамт амьдарч, асран хамгаалж буй нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзэв.

            Харин шүүгдэгчид албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд түүний эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж болзошгүйг сануулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Л.Батдорж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 х/-аар тогтоогдож байна.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч Х.Бямбадорж нь тус гэмт хэргийн улмаас  өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж нэхэмжлэн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх-ийн 72-78х/

            Дээрх баримтын хүрээнд хохирогчийн нэхэмжилж буй хохирлын үнийн дүн нь 353.450 төгрөг байх боловч шүүгдэгч Л.Батдорж нь хохирогчид 1.000.000 /нэг сая/ төгрөг хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Х.Бямбадорж, шүүгдэгч Л.Батдорж нарын мэдүүлэг, мөнгөн хүлээлгэн өгсөн тухай баримт зэргээр тогтоогдсон, түүнчлэн хохирогч Х.Бямбадорж нь “одоогоор нэмж нэхэмжлэх зүйл байхгүй ч сүүлд тус гэмтэлтэй холбогдуулан эмчилгээ хийлгэх, хөлний хадаас авахуулахтай холбоотой гаргах зардлаа нэхэмжлэнэ” гэх тул  шүүгдэгч Л.Батдоржоос дээрх хохирлыг нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

   Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанбалдангийн Батдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Лувсанбалдангийн Батдоржийг 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Бямбадорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Батдоржоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Батдоржийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батдоржид албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольдог болохыг сануулсугай.  

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Батдоржид авсан бусдын батлан даалтад өгсөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ