Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2022/0022

 

шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: З.Х нэхэмжлэлтэй,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

              Хариуцагч: Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал,

              Хариуцагч: Б  сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг,

              Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд У.А нарын хоорондын  багийн Засаг даргыг сонгох асуудалтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Б  сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х,  гуравдагч этгээд У.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Н, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл,  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч  нь  Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд болон тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан ““Бсумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, мөн Бсумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар, гуравдагч этгээд нь   Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Хт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хуралдаанд багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон хүний санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Бсумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Хт даалгах” бие даасан шаардлагаар тус тус маргаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Бсумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 01 дүгэр сарын 24-ний өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь нэр дэвшүүлснээр санал хураалт явагдаж, уг санал хураалтад нийт 411 иргэн оролцож санал өгсөн, үүнээс хүчингүй 7 санал, хүчинтэй 404 санал, уг хүчинтэй саналын 202 саналыг нэхэмжлэгчийн төлөө, 202 саналыг гуравдагч этгээдийн төлөө 202 тус тус өгсөн, мөн  нэр дэвшигчид нь тэнцсэн үндэслэлээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахаар шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч  нь Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн санал хураалтын үр дүнг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, У.Айг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба маргаан бүхий саналын хуудсанд  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс үзлэг хийсний дараа гуравдагч этгээд  нь “... илүү санал авсан” үндэслэлээр  Бсумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчид  холбогдуулан бие даасан шаардлагыг тус шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/ 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болсон Баян-Өлгий аймгийн Бсумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд иргэн З.Х, У.Амангелди нар оролцож нэрээ дэвшүүлсэн юм. Уг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд тус багийн 411 иргэд оролцож, 1 иргэний саналын хуудас хүчингүй болж, 3 цагаан хуудас гарч, З.Х би 206 иргэний, У.Амангелди 201 иргэний санал авч З.Х би олонхын санал авсан тухай хуралдаан даргалагчаас зарласан.

2/ Гэтэл уг санал хураалтын ажиллагаа дуусч байгаа үед Б сумын Засаг дарга А.Ж, сумын хэсгийн цагдаа Ганцог нар санал хураалтын байранд нэвтрэн орж уг санал хураалтын дүнг будилантуулж, тус сумын цагдаа Ганцог нь З.Х миний ажиглагч Х.П  санал авах байрнаас албадан гаргасан.

3/  Өөрөөр хэлбэл, Б сумын Засаг дарга А.Ж, сумын цагдаа Г нар санал хураалтын ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзаад хэсэг хугацааны дараа Б сумын Засаг дарга А.Ж нь санал хураалтын ажиллагаанд 411 иргэн оролцсон, үүнээс У.Амангелди нь 202 иргэний, З.Х 202 иргэний санал авсан, 7 саналын хуудас хүчингүй болсон гэж хэлээд уг багт дахин санал хураалт явуулна гэсэн.

4/ Иймээс Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх иргэдийн нийтийн Хурлын санал хураалтын ажиллагаанд тус сумын Засаг дарга А.Ж, сумын цагдаа Ганцог нар хууль бусаар нөлөөлсөн учраас би маш их гомдолтой байна. З.Х би анхны санал хураалтаар олонхын санал авсан учраас Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргаж өгөхийг Б сумын 4 дүгээр багийн Нийтийн Хурлын дарга Р.Хт хандахад тэрээр санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн надад тогтоол гаргаж хүлээлгэн өгөөгүй учраас би тогтоол гаргах боломжгүй гэж хариу өгсөн.

5/ Энэ асуудлаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Ганад хандахад татгалзсан хариу өгсөн.

6/ Иймд Баян-Өлгий аймгийн  Бсумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тухай тогтоол гаргахыг Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/  Шүүхээс саналын хуудсыг тоолоход 411 саналын хуудас гарсан. Үүнээс 7 саналын хуудас хүчингүй болсон. 202 хүн У.Ад, 202 хүн З.Хд санал өгснөөр гарсан. У.Ад өгсөн 202 санал, З.Хд өгсөн 202 саналтай маргаагүй.

2/ Хүчингүй болсон 7 саналын хуудас дотор “З.Х” гэснийг дугуйлсан нэг саналын хуудас байна. Үүнийг санал хураалтыг зохион байгуулах хэсэг хүчингүй санал хураалтад тооцсон. Уг саналын хуудас 203 дахь саналын хуудас болж орох ёстой гэж маргаж байна.

3/ Ямар хуудсыг хүчинтэйд тооцно, ямар хуудсыг хүчингүйд тооцно гэсэн талаар ямар нэгэн дэг байхгүй. Нэр дэвшиж байгаа хүний урьд талын тоог дугуйлсан хүнийг хүчинтэй саналын хуудсанд тооцно гэж байна. З.Х гэсэн нэрийг дугуйлж байгаа цаад утга агуулга нь З.Хд өгч буй санал гэж бодож байна.

4/ Бусад хүчингүй хуудаснуудын талаар ярих зүйл байхгүй. Мөн У.А  1 гэснийг дугуйлсан мөртлөө З.Х дээр бас тусгай тэмдэглэл хийгдсэн. Мөн хоёуланг давхар дугуйлсан зэрэг хүчингүй саналын хуудаснууд байна.

5/ Ийм учраас З.Х гэснийг дугуйлснаар З.Хы санал авах хуудас 203 болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

6/ У.Айн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх ёстой. У.А 2022 оны 01 дүгээр  сарын 25-ны өдөр тухайн санал хураалтад оролцсон. Өөрөө тухайн үед бүх юмыг зөвшөөрөөд явсан.

7/ Гэтэл 2 сарын дараа миний саналын хуудас илүү гэж бие даасан шаардлага  гаргаж байгаа. Эрх нь зөрчигдсөн гэж байгаа этгээд шүүхэд 1 сарын дотор нэхэмжлэл гаргах ёстой. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр багийн Засаг даргын сонгууль болж, дараагийн өдөрт нь З.Х нэхэмжлэл гаргасан.

8/ Шүүхээс саналын хуудсыг тоолсны дараа бие даасан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед саналын хуудсыг тоолоход У.А өөрөө байсан. Тийм учраас У.Айн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, З.Хы нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

7. Хариуцагч  Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан даргалагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1/ Б сумын Буга багийн иргэн хариуцагч би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Буга багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож багийн иргэдийн хуралдааны даргаар нэр дэвшиж багийн иргэдийн олонхын саналаар багийн Нийтийн Хурлын, хуралдааны даргаар сонгогдсон.

2/ Хуралдааны даргаар сонгогдсоны дараа хуралдааны танхимд цугларсан нийт иргэдийн дундаас З.Х, У.А нар багийн Засаг даргад нэр дэвшсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг мөн адил иргэдийн саналаар Х.Ж, Д.Г, Т.А нарын бүрэлдэхүүнтэй багийн иргэдийн саналаар байгуулсан.

3/  Хуралдааны үед  нэр дэвшигчдийн  зөвхөн өмнөх тоог дугуйлахыг ард иргэдэд сануулж хэлсэн. Иргэд өөрсдөө мэдэж байгаа гэж тайлбарласан. Тухайн өдрийн санал хураалтын цагийг өглөөний 1100 цагаас оройн 1700 цаг хүртэл явуулахаар багийн иргэдийн саналаар батлав. Санал хураалтын үйл ажиллагаанд миний бие оролцоогүй болно.

4/ Санал хураалт дууссаны дараа танхимд орж ажлын хэсгээс санал хураалтын дүнг асуухад хоёр нэр дэвшигч тэнцсэн гэсэн хариу авсан. Хоёр нэр дэвшигч тэнцүү санал авсан тул Хурлын тогтоол гараагүй болно.

 Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

8. Хариуцагч Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн  даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарт:

1/ Б сумын Буга багийн иргэн хариуцагч би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б сумаас Буга багийн иргэдийн нийтийн хуралд оролцохоор 10 цагт өөрийн унаагаар гэрээс гарч 10 цаг 30 минутад багийн төвд очив. Намайг очиход хүмүүс хурлын танхимд орчихсон нэлээн хүмүүс цугласан байсан. 10 цаг 40 минутын үед хурал эхэлсэн. Хурал эхэлсний дараа хурлын танхимд цугласан багийн иргэдийн дундаас багийн хурлын хуралдааны даргад нэр дэвшүүлэхэд, танхимаас нэг хүн нэр дэвшиж илээр санал хураалт явуулж Р.Хийг олонхын саналаар хуралдааны даргаар томилов.

2/ Р.Х хуралдаан нээснийг мэдэгдэж тус багийн Засаг даргад нэр дэвших хүмүүс байвал заалнаас нэр дэвшүүлэх тухай хэлсэн юм. Хурлын танхимаас З.Х, У.А нар нэр дэвшиж өөр өөрсдийн намтар ажилласан байдал, багийн Засаг даргад яагаад нэр дэвшиж байгааг иргэдэд танилцуулж үг хэлсэн. Хоёр нэр дэвшигч тодорсны дараа хуралдааны даргалагч иргэдийн дундаас санал хураалт явуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай хэлсэн. Хуралдаанд цугларсан иргэдийн дундаас миний нэрийг санал болгож олонх нь дэмжиж гар өргөсөн. Мөн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Ж, Т.А нар ажлын хэсгийн гишүүнээр ажиллахаар дэмжигдэв.

3/  Тус багт багийн Засаг даргад нэр дэвшигчид өөр өөрсдийн ажиглагчаа сонгож З.Х Х.П, У.А Р.С сонгож авсан. Ажлын хэсэг бүрдсэний дараа ард иргэдийг гадаа гаргаж нэр дэвшигчдийн нэр бичигдсэн санал хураалтын хуудсыг ажиглагч нарын хамт тоолж хурлын тэмдэглэл хөтлөв. Санал хураалт явагдах явцад тамга тэмдэг дарагдсан 306 саналын хуудас дуусаж, шинээр 105 саналын хуудсыг санал хураалт өгөх багийн иргэдэд тухай бүрд нь ИТХ нарийн бичгийн дарга Х.Ж тамга даран гарын үсэг зурж баталгаажуулан өгч байсан.

4/ Санал хураалт дууссаны дараа тамга тэмдэг дарагдаагүй 3 саналын хуудас, үлдсэнийг ажиглагч болон бусад ажлын хэсгийн хүмүүстэй үзүүлэн устгалд оруулсан ба тэмдэглэлд тусгаагүй. Санал хураалт дууссаны дараа ажлын хэсэг, нэр дэвшигчдийн ажиглагчдын хамт хайрцгаа нээсэн. Хайрцаг нээсэн үед сумын цагдаагийн хэсгийн цагдаа Г.Ганцог хаалга барин зогсож байсан.

5/  Нээсний дараа нэр дэвшигч хоёр хүний саналын хуудсыг хоёр тусдаа салгаж багцалж тавьсан. Тавьж дууссаны дараа саналын хуудсыг ажиглагчдын хамт багцалж тоолоход нийт 411 хүний саналын хуудас гарсан. Саналын хуудсыг ажиглагч нарын хамт нэг бүрчлэн хянаж тоолоход нэр дэвшигч З.Хы саналын хуудаснаас 5 ширхэг хүчингүй саналын хуудас гарч, нэр дэвшигч У.А 2 ширхэг хүчингүй саналын хуудас гарч, нийт 7 хүчингүй саналын хуудас гарч, хоёр нэр дэвшигч тэнцсэн юм.

6/ Саналын хуудсыг тухайн үед байсан хүмүүст үзүүлэн скочдож, тэмдэглэл, нэрсийн жагсаалтын хамт нарийн бичгийн дарга Х.Жд хүлээлгэн өгсөн. Ажлын хэсэг дүнгээ гаргаж дуусаж байх үед Засаг дарга А.Ж орж ирж санал хураалтын дүнгийн талаар асуухад тэнцсэн гэсэн хариу өгсөн. Тэгвэл 50:50 хувийн санал авсан байна гэж гараад явсан.

7/  Х.П санал хураалтын байрнаас албадан гаргасныг хараагүй бид нартай цуг сууж байсан. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хөтөлж ажиглагч, болон бусад гишүүд танилцуулж гарын үсэг зуруулсан болно. Нэр дэвшигч З.Х нь хуралдааны дарга Р.Хээс тогтоол гаргаж өгөх тухай асуухад хоёр нэр дэвшигч тэнцсэн учраас Хурлын тогтоол гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Надаас тогтоол гаргах тухай юу ч асуугаагүй.

8/ Ажлын хэсэг ажлаа дуусгаж багийн байрнаас гарах гэтэл нэр дэвшигч З.Х болон түүнийг дэмжигч хүмүүс бид нарыг байрнаас гаргахгүй бид онцгой байдал болон аудит дуудсан байгаа гэж оройн 19 30 хүртэл гаргалгүй хорьсон. Бүтэн хоёр цаг хоригдож суусан ажлын хэсгийн гишүүн Т.А бие засна гэж хэлэхэд гаргахгүй нэр хүндэд халдан хүндрүүлсэн. А гэж хэлээд гадаа гарахад нэр дэвшигч З.Хы хүмүүс олон хүний нүдэнд Т.А куртикийг тайлж аван саналын хуудас нуун гарч байгаа гэж худал үгээр доромжлон бие засах газар хүртэл дагаж очин хянаж байсан үйлдэл гаргасан. Сүүлд хэн ч ирээгүй тул хоёр нэр дэвшигчийг хоёуланг оруулан саналын хуудсыг өөрсдөөр нь тоолуулж арай гэж гарсан юм гэжээ.

9. Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

1/ Тухайн өдөр багийн иргэдийн  нийтийн Хурал хуралдаж, З.Х бид хоёр багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн. Иргэд санал өгч дууссаны дараа хаалга барьж, санал хураалтыг тоолж, дүнг  танилцуулахад  хоёулаа тэнцсэн гэсэн. Тухайн өдөр өөр юм болоогүй.

2/ Бие даасан шаардлагатай холбоотой тайлбар хэлэхэд, би саналын хуудастай тухайн үед танилцаагүй. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхээс саналын хуудсанд үзлэг хийх өдөр үзээд  бие даасан шаардлага  гаргасан.

3/ Багийн иргэдийн Нийтийн хуралдаанд санал өгсөн хүний саналыг хүчинтэйд тооцох эсхүл хүчингүйд тооцох талаар хуралдаанаар журам тогтоож өгсөн. Тухайн журмаараа санал өгөх иргэдэд нэр дэвшсэн 2 нэр дэвшигчийн урьд талын тоог бөглөсөн тохиолдолд саналыг хүчинтэй тооцох бөгөөд бусад байдлаар өгсөн саналыг хүчингүй тооцно гэдгийг тогтоосон.

4/  З.Х нь 199 иргэний саналыг авч, би 200 хүний саналыг авсан болно. 12 хүний саналын хуудас тогтоосон журмыг зөрчсөн учраас хүчингүйд тооцогдох ёстой байсан. Гэтэл хуралдаан даргалагч 202, 202 хүний саналаар тэнцсэн хэмээн хүчингүй саналын хуудаснуудыг З.Хд нэмж тоолж намайг томилох тухай тогтоол гаргахгүй байгаа нь хууль бус юм.

Иймд миний бие даасан  шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

1/ З.Х шүүхэд ажлын хэсэгт холбогдуулан Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт даалгах гэсэн шаардлага гаргасан.  Тухайн ажлын хэсэг нь өөрөө хариуцагч болж чадах уу. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны этгээд, захиргааны албан тушаалтан гэдэгт хамаарах уу гэдэг асуудал байна. Тухайн ажлын хэсэг нь өөрөө арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байсан хүмүүс. Тухайн ажлын хэсгийг яаж хариуцагчаар татаж байгаа нь ойлгомжгүй байна.

3/ Хариуцагчид санал хураалтын дүн гаргахыг даалгаж өгөөч гэж шаардлага гаргасан. Даалгах шаардлагад ямар ч хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Ийм шаардлага гаргахаас өмнө эс үйлдэхүй эсвэл татгалзал байх ёстой. Тухайн үед ажлын хэсэг биш, багийн иргэдийн Нийтийн Хурлаас З.Х, У.А хоёр тэнцсэн гэсэн дүн гарсан байна.  Тухайн шийдвэр хууль бус гэж байгаа бол тэр шийдвэрийг хүчингүй болгох асуудал яригдах ёстой байсан.

4/ Мөн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах гэсэн шаардлага гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 2-3 сар болсон ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. З.Х, У.А хоёр тэнцсэн гэсэн тогтоол байсаар байхад тухайн тогтоолд маргаагүй. Эхлээд тогтоол дээр маргаж, хүчингүй болгуулах ёстой. Тэгээд дараа нь нэр дэвшүүлэхийг даалгах тухай шаардлага гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ анхнаасаа бүрэн хангаж өгөөгүй. Биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймээс З.Хы нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.

5/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүчингүй болсон 7 саналын хуудсыг З.Хд хамааруулж,  хүчин төгөлдөр саналын хуудас гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хуралдааны тэмдэглэлд дурдагдаагүй ч аливаа санал хураалтыг хэрхэн яаж явуулах нь багийн иргэдийн Нийтийн Хурал тухай бүрт нь дэг тогтоож явна. Ямар нөхцөлд саналыг хүчинтэйд тооцох асуудлаар хуралдааны эхэнд олонхын саналаар дэгийг тогтоосон. Тухайн үед тэмдэглэл хөтөлсөн хүн тэмдэглэлдээ тусгаагүй байна. Дэгийн дагуу санал хураалтыг явуулсан.

Иймд З.Хы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6/ Бие даасан шаардлагатай холбоотой тайлбар хэлэхэд, гуравдагч этгээд нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагч Р.Хийн   багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргаар сонгогдохоор хамгийн олон хүний санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль  бус болохыг тооцож, Б сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг даалгаж өгөх тухай бие даасан шаардлага гаргасан.

7/ Өнөөдрийг хүртэл Хурлын даргаас тогтоол, шийдвэр гараагүй. Тухайн өдөр нэгэнт хуралдаан хийгдсэн учраас хуралдаанаас шийдвэр гарсан байх ёстой байсан. Ажлын албанаас гарсан хурлын тэмдэглэл болон бусад баримт бичгүүд байгаа боловч тэд нар хариуцагч биш. Шийдвэр гаргах эрхгүй, хуралдааныг төлөөлөх эрхгүй хүмүүс. Хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хуралдаан даргалагч албажуулан гаргасан байх ёстой.

8/ Гэтэл хуралдаан даргалагчийн тайлбарлаж байгаагаар тухайн санал хураалтад оролцоогүй, З.Х, У.А хоёр тэнцсэн гэснийг сонссон гэж тайлбар гаргаж байна. Гэхдээ бүх үйл явцад хуралдаан даргалагч хяналт тавьж, шийдвэрийг хуралдаан  даргалагч гаргах үүрэгтэй. Гэтэл хуралдаан даргалагч үүргээ зөрчиж, эс үйлдэхүй гаргаж байгаа учраас тухайн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг ханган шийдвэрлэх ёстой.

9/  У.А нь 200 хүний  хамгийн олон санал авснаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас У.Айг Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргах ёстой байсан.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, мөн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдийн  тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хуралдаанд багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон хүний санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Б сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Хт даалгах”  бие даасан шаардлагыг тус тус  хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... санал хураалтын дүнг сумын Засаг дарга А.Ж, сумын хэсгийн цагдаа Ц.Ганцог нар будлиантуулсан, хүчингүй саналын хуудсанд тооцсон “Зейнелийн Хаман” гэсэн нэрийн “Хаман” хэсгийг бүхэлд нь  дугуйлсныг  хэний төлөө санал өгсөн нь тодорхой  гэж үзэж  хүчинтэйд тооцох ёстой, энэ тохиолдолд олонхын санал авсан” гэж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын үндэслэлээ “... хуралдаанаар нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлна гэж дэгээр тогтоосон, уг дэгт зааснаас өөр тэмдэглэгээ хийсэн, хүчинтэйд тооцсон 5 саналын хуудас нь хүчингүйд тооцогдох ба энэ тохиолдолд нийт хүчингүй саналын хуудас 12 болж,  хүчинтэй саналын хуудасны 199 нэхэмжлэгчийн төлөө, 200 миний төлөө  санал өгсөнд тооцогдоно ” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3.  Б сумын 4 дүгээр багийн Засаг  даргыг сонгох хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, тухайн өдрийн хуралдаан даргалагчаар олонхын саналаар Р.Хийг,  мөн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалт явуулах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Д.Г-г, гишүүдээр Т.А, Х.Ж нарыг тус тус сонгосон, багийн Засаг даргад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь  нэр дэвшин өрсөлдөн  санал хураалт явагджээ.

4. Санал хураалт эхлэхээс өмнө сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас иргэдэд хандаж  “... багийн Засаг даргад нэг хүн нэр дэвшвэл санал хураалтыг илээр, хоёр буюу түүнээс дээш иргэн нэр дэвшсэн тохиолдолд нууцаар санал хураалт явуулна, санал өгөхдөө дэмжиж буй нэр дэвшигчдийн нэрийн өмнөх тоог дугуйлна” гэж  мэдэгдсэнээр хуралдаанд оролцсон иргэд нь уг дэгийг баталсан болох нь хариуцагч Х.Ж, Т.А, Р.Х, гуравдагч этгээд У.А нарын тайлбараар тогтоогдож байгаа ба харин энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна.

5. Санал хураалтад нийт 411 иргэн оролцож санал өгсөн, үүнээс 7 саналын хуудсыг хүчингүйд, 404 саналын хуудсыг хүчинтэйд тооцсон,  хүчинтэй саналын хуудасны 202 саналыг нэхэмжлэгчид, 202 саналыг гуравдагч этгээдэд тус тус өгсөн, нэр дэвшигчдийн   аль алин олонхын санал аваагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан ажлын хэсгийн үйлдсэн хуралдааны тэмдэглэлээр батлагджээ.

6. Шүүхээс дээрх маргаан бүхий 411 саналын хуудаст үзлэг хийхэд, нийт 199 саналын хуудаст нэхэмжлэгчийн өмнөх тоог дугуйлсан, 200 саналын хуудаст гуравдагч этгээдийн нэрийн өмнөх тоог дугуйлсан, ажлын хэсгээс хүчинтэйд тооцсон нэхэмжлэгчид санал өгсөн гэх 1 саналын хуудаст  нэхэмжлэгчийн өмнөх тоог дугуйлж харлуулаад  урьд нь 2 гэсэн тоог тавьсан, 1 саналын хуудаст нэхэмжлэгчийн нэрийн өмнөх 2 гэсэн тоог дугуйлаад бүхэлд нь харлуулж будсан, 1 саналын хуудаст нэхэмжлэгчийн нэрийн өмнөх 2 гэсэн тооны урьд талыг дугуйлсан байдалтай, гуравдагч этгээдэд санал өгсөн гэж  ажлын хэсгээс хүчинтэйд тооцсон 1 саналын хуудаст гуравдагч этгээдийн урд талын тоог дугуйлж харлуулж будаж дээр нь давхар дугуйлсан, 1 саналын хуудаст гуравдагч этгээдийн нэрийн өмнөх 1 гэсэн тоог бүхэлд нь будсан байдалтай байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

7. Гуравдагч этгээдийн хүчингүйд тооцуулахаар маргасан хариуцагчаас хүчинтэйд тооцсон дээрх 5 саналын хуудсанд санал өгсөн иргэд нь нэр дэвшигчдийн нэрийн өмнөх тоог дугуйлсан боловч дугуйлснаа харлуулж будсан, давхар дугуйлсан, өмнөх тооны урьд талыг дугуйлж будаад урьд нь тоо тавьсан зэрэг хэлбэрийн зөрчлүүдийг гаргасан боловч энэ зөрчлүүдийн улмаас хэний төлөө санал өгсөн нь тодорхой бус нөхцөл байдалд хүрээгүй, нэр дэвшигчдийн хэнд нь  санал өгсөн нь тодорхой, тогтоосон дэгийн дагуу өмнөх тоог дугуйлсан байх тул уг 5 саналын хуудсыг хүчинтэйд тооцсон хариуцагч ажлын хэсгийн  үйлдлийг зөв гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгчээс хүчинтэйд тооцуулахаар маргасан  хариуцагчаас хүчингүйд тооцсон “Хаман” гэсэн нэрийг дугуйлсан саналын хуудсанд дэгээр тогтоосон журмын дагуу тэмдэглэгээ хийгээгүй, хэрэв уг саналын хуудсыг хэнд санал өгсөн нь тодорхой, хүчинтэй  гэж  үзсэн тохиолдолд ажлын хэсгээс хүчингүйд тооцсон гуравдагч этгээдийн нэрийн ард  “+”  тэмдэглэж  өөр тэмдэглэгээ хийгээгүй саналын хуудсыг   мөн адил хэний төлөө санал өгсөн нь тодорхой гэж үзэж хүчинтэйд тооцох боломжтой ба энэ тохиолдолд санал хураалтын эцсийн үр дүнд нэр дэвшигчдийн авсан санал  мөн адил тэнцэж, аль алин 50-аас дээш хувийн санал авахгүй нөхцөл байдалд  хүрэх тул дээрх саналын хуудаснуудыг хүчингүйд тооцсон үйлдлийг нь буруутгах боломжгүй байна.

9.  Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хэлэлцэж, 2 нэр дэвшигчид  санал хураалт явуулж, улмаар нэр дэвшигчдийн авсан санал нь олонхын саналд хүрээгүй үндэслэлээр санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн  дээрх үйл баримтууд нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”,  32.8.4-д “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн  56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна”, 56.5.1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”,  56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” зохицуулалтуудтай нийцсэн гэж шүүх үзлээ.

10. Нэхэмжлэгч талаас “...санал хураалтын үр дүнг Б сумын Засаг дарга болон сумын хэсгийн цагдаа Ц.Г нар нь будлиантуулсан” гэж маргасан боловч энэ үндэслэл нь  хэрэгт авагдсан гэрч  Р.С, ПД, А.Ж, Ц.Ганцог нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаагаас гадна бодит үйл баримтаар тогтоогдохгүй байна.

11.  Мөн багийн Засаг даргыг сонгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс  санал хураалтын үр дүнг  амаар танилцуулсан байх  ба  харин саналын хуудаснуудыг тоолох, “хүчинтэй”, “хүчингүй” саналын хуудаснуудыг танилцуулах ажиллагаанд  нэр дэвшигчдийг биечлэн  оролцуулсан,  мэдэгдсэнийг баталгаажуулсан нотлох баримтгүй тул хариуцагч ажлын хэсгийн “... тэднийг оролцуулж саналын хуудсыг дахин тоолсон” гэж тайлбарласан үйл баримт  тогтоогдохгүй байна.

12.  Харин шүүхээс  хэргийн оролцогчдыг байлцуулан   хийсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгээс  хойш 30 хоногийн дотор буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээдээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага  гаргасан байх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэснийг зөрчөөгүй тул  гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  үндэслэлээр хүлээн авахаас татгалзана”  гэх тайлбар  нь үндэслэлгүй гэж үзлээ.  

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг захиргааны байгууллага биш тул  хариуцагч болохгүй гэж маргасан.

14. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллагын төрлийг хуульчилсан,  хуулийн  5.1.5-т “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж, мөн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж тус тус заасан.

15. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдаанаараа хэлэлцэж, нэг удаагийн шинжтэй асуудлыг, тодруулбал,  багийн Засаг даргад нэр дэвшүүлэх болон санал хураалтын  асуудлыг шийдвэрлэж зохицуулах зорилгоор  ажлын хэсгийг байгуулсан ба энэ нь  хуулийн дээрх заалтуудтай нийцсэн тул  нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон ажлын хэсгийг   захиргааны байгууллага мөн гэж үзсэн болно.

16. Иймд Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас байгуулсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтаар нэр дэвшигчид нь тэнцэж, 50 хувийн санал авсан” үндэслэлээр багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй, энэ шийдвэр нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  32 дугаар  зүйлийн 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Хы  Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд болон Хурлын хуралдаанаас байгуулагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт холбогдуулан гаргасан  “Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад олонхын санал авсан З.Х миний санал хураалтын дүнг Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд гаргаж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэгт, мөн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргад З.Х намайг нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг иргэдийн Нийтийн Хуралд тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд У.Айн Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Хт холбогдуулан гаргасан  Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Р.Х нь багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн нийтийн хуралдаанд багийн Засаг даргад сонгогдохоор хамгийн олон хүний санал авсан У.А намайг багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, Б сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох тухай тогтоол гаргахыг хуралдаан даргалагч Р.Хт даалгах”  бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 д зүйлийн 48.1-т   зааснаар нэхэмжлэгчийн болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША